Байр суурь: Тэд тогтолцоогоо шинэчилж, намын санхүүжилтээ ил болгохыг дэмжив
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намтай холбоотой гурван зүйл заалт нэмсэн байдаг. Үүнд,
- Нам нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
- Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. /Энэ хэсгийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
- Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.
Үндсэн хуульд улс төрийн намтай, үйл ажиллагаатай нь холбоотой бүхэл бүтэн зүйл нэмсэн ч дагалдах хууль болох Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлаагүйгээс хэрэгжихгүй байгаа юм. Тэгвэл УИХ-ын хаврын ээлжит чуулганаар тус хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх нь тодорхой болжээ. Гэвч хуулийн төсөл, мэдээлэл ард иргэдэд төдийлөн нээлттэй болоогүй, санал төдий яригдаж байна. Одоогийн байдлаар хуулийн төслийг намуудад хүргүүлсэн бөгөөд “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурлын үеэр намын дарга нар байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.
УДШ-д бүртгэлтэй 33 нам байдаг ч уг хуралд 10 хүрэхгүй намын төлөөлөл оролцсоныг дурдах нь зүйтэй.
Л.Гантөмөр: Намд өгөх хандивыг ил тод болго
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр: Намын санхүүжилт өндөр байгаа нь коммунист системийн үеийн намын загварыг одоо хүртэл хадгалаад байгаатай холбоотой. Төр цомхон байя гэж байгаа бол нам ч цомхон байх ёстой. Хамгийн гол нь асуудлын төлөө нам байх ёстой юм. Даахгүй нохой булуу хураана гэхчээр маш их зардал шингээсэн намын бүтцийг чирж явах уу, сонгуульт гишүүдийнхээ татварын хүрээнд багтсан улс төрийн намын бүтэцтэй, зардал багатай нам болох уу. Манай нам өөрсдөө үүнд үлгэрлэж харуулах болно.
Хандивыг ил тод болгох хэрэгтэй. Бид ийм хөтөлбөртэй ажиллана, утааг ярилгахад ингэж ажиллана гэсэн төлөвлөгөөгөө танилцуулаад ил тодоор хандиваа цуглуулна. Тэгээд цугларсан хандиваар шийдлээ гаргаж, тодорхой ажлаа зохион байгуулдаг болно.
Б.Жаргалсайхан: Сонгуульд саналаа өгөөгүй иргэдийн төрийн үйлчилгээг хязгаарла
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан: Хуулийг шинэчлэх нь цагаа олсон зөв ажил. Иргэд бүгд сонгуулиа өгдөг хуультай болъё. Иргэн л юм бол үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүрэг нь юу вэ гэхээр төрийн эрх барилцах ажилд дөрвөн жилд нэг удаа оролцох ёстой. Хэрэв сонгуульд оролцож, саналаа өгөөгүй тохиолдолд төрийн үйлчилгээ үзүүлдэггүй байя. Ингэвэл бүх хүн сонгуульдаа оролцоно. Дараагийн асуудал нь иргэд сонгуульд саналаа өгөхийг мөнгө гэж хардаг болсон байна. Иргэдтэй уулзаад явахаар юу өгөх юм гэж байнга асуудаг. Үүнийг болиулах ёстой. УИХ-д нэр дэвшиж буй хүн гарахын тулд арилжааны банкнаас ч юм уу, зээлийн газраас тэрбум төгрөг зээлж аваад нөгөөхөө тойрог дээрээ тараагаад гараад ирдэг. Гарч ирснийх нь дараа зээл авсан газар нь мөнгөө нэхнэ биз дээ. Тэгэнгүүт өрөө төлөхийн тулд мөнгө хөөцөлдөөд эхэлдэг. Ингээд гэмт хэрэгтэн болж байна. Үүнийг шийдэх хэрэгтэй. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх нь зүй ёсны хэрэг. Цаг хугацаа маш бага байна. Нийгэмд болж бүтэхгүй байгаа бүх зүйл нам, сонгуультай холбоотой болоод байна шүү дээ.
Н.Дашдаваа: Мөнгөтэй бус эрдэмтэй хүмүүсийг төрдөө оруулах чухал
Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа: Намаар дамжиж бүх бодлого хэрэгжиж байгаа учир үүнд бүх намууд анхаарч ажиллах ёстой. Мөнгөтэй бус эрдэм мэдлэгтэй хүмүүсийг хэрхэн төрдөө оруулах вэ гэдэг чухал. Өнгөрсөн хугацаанд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байгаа нь сайн хэрэг. Сонгуулийн тогтолцооны хувьд хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулах ёстой. Энэ бол авлигын эсрэг нэг том үйлдэл.
А.Отгонбаатар: Хийе гэж байгаа хүнийг улс төр хийж чөдөрлөхгүй, дэмжинэ
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар: Улстөрчдөөс, улс төрийн намуудаас авлига эхэлдэг. Тойргоос сонгогдоод гишүүн болдог. Тэгтэл тойргийн иргэд нь манай тойрог дээр ийм үйл ажиллагаа болох гэж байна, та дэмжээч гээд гуйдаг. Гэтэл гишүүний цалин үүнд хүрэхгүй. Мөнгө өгөхгүй гээд гаргаад явуулчихаар тойргийн иргэд нь чамайг дахиж сонгохгүй гээд занадаг. Байхгүй мөнгөө өгөхийн тулд өөр хүн рүү утасдаад би чамд дараа тусална, чи надад мөнгө өгчих гээд гуйна. Ингэж нэг нэгээ барьцаалах замаар авлига цэцэглэж байна. Тиймээс хуулийг шинэчлэх хэрэгтэй. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийгээд том тойрогтой болвол авлигаас салах эх үндэс болно. Эрх баригч нам зөв гэсэн зүйлээ оруулаад ирвэл бид дэмжинэ. Үүнийг хийж байж улс орон өөрчлөгдөнө. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэж үг бий. Жижиг намууд бид ийм өөрчлөлт хийх хүчгүй. Харин хийе гэж байгаа хүнийг улс төр хийгээд чөдөрлөөд байж болохгүй.
Т.Доржханд: Намуудын санхүүжилтийг ил болгоё
ХҮН намын дарга Т.Доржханд: Намуудын тогтолцоог эрүүл болгох замаар парламентын тогтолцоог сайжруулах ёстой. ХҮН нам ҮХНӨ оруулах ёстой, төр цэгцрэх ёстой гэж үзэж байгаа. Цаашид үүнээс ч хүнд жилүүд ирж магадгүй. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилье, намуудын санхүүжилт ил тод байх ёстой. Үүгээр дамжуулаад иргэдийнхээ итгэлийг олж авна. Улс төрийн намууд одоо ажиллах хэрэгтэй байна.
О.Заяа: Иргэд сонгуулиар саналаа заръя гэж хандаж болохгүй
Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа: Хуулийг эсэргүүцэх хүн байхгүй. Учир нь бид улс орноо бүрэн бүтэн байлгаж, ард түмнийхээ амьдралыг сайжруулмаар байна. Хүмүүс өөр өөрсдийнхөө ухамсарт үйл ажиллагаанд зөв хандлага бий болгомоор байгаа юм. Иргэд ажил хөдөлмөр хийж амьдаръя гэж хичээх хэрэгтэй. Тэрнээс биш сонгууль хурдан болоосой, сонгуулийн штабт орж хэдэн төгрөг авъя, саналаа заръя гэж хандаж болохгүй.
Л.Оюун-Эрдэнэ: Намууд хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг байя
Монгол ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намын тухай хууль хэт ерөнхий, билэгдлийн байна. Улс төрийн намуудын үзэл баримтлал ялгагдахаа больж, хоосон популист амлалт газар авч, хөгжлийн төслүүд гацаж, урт хугацааны бодлого, засаглалын нэн тогтворгүй 30 жил болж өнгөрлөө. Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордон хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлж, ард иргэдэд арслан бар мэт, авлигач эздэдээ сүү долоосон гөлөг мэт царайлдаг, хууль биш хувь хүн засагласан он жилүүд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй биз ээ.
Энэ нь Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг үйлдлүүдээс нэгэнт ил болж, асуудлыг хэлбэрийн биш агуулгын түвшинд, тогтолцооны түвшинд авч үзэхээс аргагүй боллоо. Бид одоо л энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг томрох тусам системийн авлигын гажуудал ардчилсан Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан эрх чөлөөг худалдан авах, эс бөгөөс бусдад худалдах эрсдэл үүсгэнэ. Тиймээс хамгийн бага зардлаар, бодлого уралдуулдаг нээлттэй мэтгэлцээнд тулгуурласан сонгуулийн эрхзүйн орчныг бүрдүүлж, улс төрийн нам болон нэр дэвшигчийг нууцаар санхүүжүүлсэн далд тогтолцооны хариуцлагыг чангатгах боломжтой гэж үзэж байна.
Ц.Ганхуяг: Үндсэн хуулийг шинэчлэх ёстой
Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг: Манай нам Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Нийгмийн ядуурал, гэмт хэрэг гээд энэ бүхэн Үндсэн хууль амьдралд нийцэхгүй байгаагийн илрэл юм. Үндсэн хуулийг шинэчлэх нийгмийн хүлээлт бол байгаа.
URL: