Ховдын Цэцэг сумын төв Хөшөөтийн нүүрсний агуулах болов
Хөшөөтийн уурхай, Ховд аймгийн Дарви, Цэцэг, Зэрэг, Мөст сумын заагт орших энэ ордын тухай таатай зүйл ер сонсогддоггүй. Нэг үгээр Ховдыг “эзгүйчилж”, Хөшөөтийг эзэгнэсэн “Мон Эн Ко” компанитай холбоотой эдгээр мэдээлэл шил шилээ дарж гарах болсон. Тиймээс бодит байдлыг нүдээр харж, шазар дээрээс нь сурвалжлахаар баруун хязгаар, Ховд нутгийг юм.
“Мон Эн Ко” компанийн эзэмшил газар нийт 2169 га талбайг хамардаг. Эдгээр талбайд ашигт малтмалын долоон лиценз эзэмшдэгээс зургаа нь ашиглалтынх. Дөнгөж нэг нь л хайгуулын лиценз байгаагаас үзвэл тавхан жилийн дотор олборлох эрхийн бичгийг хангалттай цуглуулж чаджээ. Уг нь Хөшөөт шиг томоохон ордод нарийвчилсан хайгуул бүрэн хийгээгүй тохиолдолд олборлох эрхийг ингэж олноор нь олгох ёсгүй баймаар.
“Мон Эн Ко” хэмээх энэ мэдэл ихт компанийн эздийн бүрэлдэхүүнд одоогийн байдлаар хэн нэгэн монгол хүн байхгүй гэдгийг Ховд аймгийн удирдлагууд, Хөшөөтийн уурхайн ажилтнууд хэлсэн. Анх 2007 онд Хөшөөтөд үйл ажиллагаа явуулж эхлэх үеэр У.Барсболд тэргүүтэй хэсэг нөхөд нисдэг тэргээр буудаг байсан гэнэ. Түүнээс хойш Хөшөөтөд хөндлөн зорчдог монгол эрхэм гарч ирээгүй юм байх.
Өдгөө энэ компанийн гол уурхай Цэцэг сумын Хөшөөт багийн нутагт байдаг юм билээ. Уурхайн удирдлагууд байрладаг хэсэгт орох завшаан манай сурвалжлах багт тохиосон юм. Тохиосон гэхийн учир нь биднээс урьд энэ газарт сурвалжлагч, иргэний хөдөлгөөнийхнөөс бүрдсэн хүмүүс олонтаа ирсэн ч нэвтрэх боломж олдоогүй, тэр ч бүү хэл хамгаалагч нарт нь хөөгдөж байсан аж.
Хөшөөт багийн Засаг дарга С.Даваасүрэн энэ талаар “Энэ компанийн удирдлагууд хааяа ирдэг ч бидэнд үзэгдэж, харагддаггүй. Ямар хүмүүс ирж, очдогийг бид мэддэггүй юм. Монгол талаас хүн байхгүй гэж бодож байна. Дарга нар нь австрали хүмүүс байдаг. Гэхдээ ирдэг эсэхийг нь мэдэхгүй. Ямар ч байсан ерөнхий захирал нь гэсэн байх Жеймс Чеппер гэдэг хүн нэг удаа л ирсэн. Нацагдорж гэдэг өвөрмонгол хүнийг бас жинхэнэ эзэн нь гэж байсан. Аль нь ерөнхий захирал гэдгийг манайхан сайн мэдэхгүй. Уурхай ажиллаж эхлэх үеэр хятадууд байсан. Одоо харин байхаа больсон. Харин энэ компанийн гүйцэтгэгчээр ажилладаг “Лейтон” компанид арваад австрали байдаг” гэсэн юм.
Компанийн дотоод асуудлыг хэлэх боломжгүй
Биднийг очих үеэр “Мон Эн Ко” компанийн уурхай хариуцсан захирал Айван Энтони гэгч хүн байсан юм. Түүнээс хэдэн асуултад хариулт авлаа.
-“Мон Эн Ко” компани Хөшөөтийн уурхайд хийхээр төлөвлөсөн ажлууд хэзээ ажил хэрэг болох вэ?
-Та нар буруу хүн дээр ирсэн байна. Энэ талаар би юу ч ярихгүй. Ярих статустай хүн биш гэсэн үг л дээ.
-Гэхдээ та уурхай хариуцсан захирал шүү дээ. Орон нутагтай олон заалт бүхий гэрээ байгуулсан юм биш үү. Заримынх нь хэрэгжих хугацаа тулсан байна. Гэтэл хийсэн зүйл алга?
-Үүнийг жинхэнэ дарга нараас асуусан нь дээр байх. Надад ямар ч мэдэл байхгүй.
-Тэгвэл таны мэдэх ёстой зүйлийг асууя. Одоогийн байдлаар танай компани хичнээн гэрээт тээвэрлэгчтэй ажиллаж байгаа вэ?
-Энэ бол компанийн дотоод асуудал. Ер нь сурвалжлагч дотогш нэвтрэх ёсгүй.
Ингээд бидний яриа өндөрлөсөн. Ямар ч мэдэлгүй ийм хүн олон улсаас хөрөнгө босгодог, коксжих нүүрсний арвин нөөцтэй ордыг эзэмшсэн том компанийн уурхайг хариуцан ажиллуулж байна гэдэг байж боломгүй. Хамгаалагч нарт нь чирэгдэж гарах нь гэж бодоод амжиж хэдэн зураг авсан чинь мөнөөх Айван гэгч монгол ажилтнуудаа загнаж, зандраад сүйд болох юм.
Уурхайн энэ хэсэгт удирдах ажилтнууд байдаг бөгөөд нэг ч хятад хүн байдаггүй гэсэн ч хаалга бүрийн дээр хятад ханзаар бичсэн хаяг байх юм. Ер нь бусад агуулах, гаражийн үүдэнд ч хятад бичиг харагдахыг бодвол энд “дотор” газрынхан ихээхэн мэдэлтэй нь илэрхий. Ажилтнууд нь удирдлагадаа тал алдахгүйн тулд биднээс зугтаж, асуултад хариулахыг хүсээгүй.
Эндээс гараад багийн төв рүү буцах замдаа мөн хэдэн зураг дарах гэтэл дайгдаж явсан машины жолооч “За даа, зураг дараад ч хэрэггүй байх. Дараа нь би асуудалд орно. Эндхийн дарга нар хэцүү шүү. Авдаг багахан цалингаас минь хасч магадгүй” гэж учирлан гуйхаар нь машинаас бууж, хээр хоцорлоо. Жирийн ажилтныг асуудалд оруулахыг хүсээгүй тул багийн төвөөс хэдэн км-ийн зайд буусан бөгөөд эндээс цөөн зураг авав.
Зураг дээр үзүүлсэнчлэн Хөшөөтийн уурхайн нүүрсний овоолгоос дэгдсэн нүүрсний тоос хаа сайгүй бий. Хүмүүсийнх нь царай нүүрсний нунтганд дарагдаж өнгө зүсгүй болсноос гадна, багийн төвийн айлуудын гэр хар, бор өнгөтэй байх юм билээ. Гудамжаар нь явахад хөлийн аясаар дэгдэх тоосонд шороо гэхээс илүүтэй нүүрс голдуу байх агаад эндээс 40 орчим км-ийн зайд орших Цэцэг сумын төв ч Хөшөөтийн нүүрсэнд даруулжээ.
Энэ сумын хувьд уурхайгаас хил хүртэл хатуу хучилттай зам тавихаас өмнө “Мон Эн Ко”-гийн нүүрс зөөдөг машинуудын хөлд талхилагдаж дууссан гэхэд болно. Гудамжнуудын тоос хөлийн шагай хүрэхээр их, хамрын тамхинаас нарийн ширхэгтэй. “Мон Эн Ко” анх энд ирэхдээ хатуу хучилттай замаас салж, Цэцэг хүрэх хэдхэн км замыг асфалтиар хучиж өгнө гэж ёстой л хулхин дээр нь цэцэг ургуулсан аж. Түүнээс хойш түр хүлээж байгаарай гэдэг байсан бол өдгөө бүр “юун зам” гэх болжээ.
Хөшөөтийг талхиж буй “Мон Эн ко”-гийн балаг үүгээр дуусахгүй. Тоочвол сонины ганц нүүр хүрэлцэхгүй учраас энэ талаар бид үргэлжлүүлэн уншигчиддаа хүргэх болно.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: