Асаргаа, сувилгаа хийдэг хүмүүсийг бурхан гэж байдаг бол бурхан шиг шүтмээр санагддаг.
Энэхүү ярилцлагыг хийх үед олон жилийн өмнө Германд гэрийн асаргааны ажил хийж байсан минь санаанд оров. Долоо хоногийн хугацаатай тэр ажлыг Берлин хотод оюутны ажил олгодог газраас авсан юм. Берлин хотын хуучны өндөр таазтай, нүсэр бор модон тавилагатай, цонхны хөшигний сиймхий зайгаар сүүмийсэн гэрэл туссан байранд ганцаархнаа унтаж байгаа эмээгийнд өглөө орохдоо нас барчихсан байх вий гэж их айдаг байж билээ. Тэр эмээ дээр надаас гадна сувилагч, асрагч гэх мэт янз бүрийн хүмүүс ээлжлэн ирж төрөл бүрийн эмчилгээ, асаргаа хийдэг байсан. Би зөвхөн хоол, цай л бэлдэж өгөх үүрэгтэй байв. Хааяа эмээгийн үсийг нь самнаад сайхан боогоод өгөхөд тэр их баярладаг байж билээ. Ингэж л анх германы асаргааны системтэй танилцсан юм.
Монголд асргааны асуудал өнөөдөр олон айл өрхөд ямар нэгэн байдлаар үргэлж байдаг ба энэ нь тэдэнд биеийн болоод сэтгэл санааны түүнчлэн эдийн засгийн хүртэл тодорхой хэмжээний ачаалал болдог. Зарим айл өрхөд бүр зовлон шаналалын хэмжээнд хүртэл дарамт болдог байх нь. Гэвч энэ талаар ил тод ярьдаггүй угтаа бол хаядсан сэдэв юм байна. Энэ орон зайг нөхөж ХБНГУ-ын туршлага дээр үндэслэн герман монголын асрагч, сувилагчдын дэмжлэгтэйгээр байгуулсан монгол хэл дээрх анхны Asargaa.mn сургалт мэдээллийн цахим талбар нээгджээ. Энэхүү цахим талбар яагаад нээгдэх болов, юу хийдэг болон хэрхэн германтай холбогдох болсон талаар төслийн санаачлагчдын нэг Ч. Гэрэлчимэгтэй хийсэн ярилцлагаа үүгээр хүргэж байна. Тэрээр хөгжлийн хамтын ажиллагааны сургалтын төслүүд тэр дундаа байгууллага, хувь хүний хөгжлийн чиглэлийн төслүүдэд дээр хориод жил ажиллаж буй ХБНГУ-д амьдардаг туршлагатай мэрэгжилтэн эдийн засагч эмэгтэй юм.
Юун түрүүнд асрах ур чадвараа тодруулмаар байна. Энэ ер нь хүний ерөнхий мэдлэгт орох уу, эсвэл нийгмийн ур чадвар уу үгүй бол мэргэжлийн тусгай ур чадвар юм уу?
Бүгдэд нь тийм гэж хариулмаар байна. Яагаад гэхээр, нэгдүгээрт асаргаанд байдаг тодорхой ур чадваруудыг хүн бүр мэдэж байх хэрэгтэй юм. Гудамжинд хүн ухаан алдаад унах тохиолдолд анхан шатны тусламж үзүүлэх нь асаргааны ерөнхий мэдлэгт орно. Ойр дотны хэн нэг нь өвдөх эсвэл ямар нэгэн тусламж хэрэгтэй үед гэр бүлийн гишүүд асаргааны үндсэн суурь ур чадварыг мэдэж байх юм бол тэр хүний амь насыг аврах хүртэл, нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны тусламж үзүүлж чадах мэдлэг юм. Тэр утгаараа асаргааны ур чадвар нь ерөнхий мэдлэгт багтдаг, мэдэж байх ёстой зүйлд орно. Хоёрдугаарт асрах нь хүн чанар, хүн байх гэдэг үүднээс харвал нийгмийн чадвар юм. Хуульд хүртэл “тусламж үзүүлэхээс зайлхийсэн” гэсэн зүйл анги байдаг шүү дээ. Нэг талаасаа шаардлагатай үед хүн хүндээ тусламж үзүүлэх үүрэгтэй боловч нөгөө талаасаа асаргаа гэдэг маань зөвхөн ур чадвараар зогсохгүй хүнд тусалья гэсэн нинжин сэтгэл байж гэмээ нь энэ үйл ажиллагаа явагддаг. Гуравдугаарт асаргаа нь мөн мэргэжлийн ур чадвар юм. Яагаад гэвэл асаргааг хийхдээ заавал арга зүй буюу техникийг мэдэх шаардлага байдаг. Урт хугацаанд мэргэшсэн мэрэгжлийн ур чадвар байж болно. Эсвэл манай цахим хуудаснаас бие даасан сургалтаар авах боломжтой.
Тэгэхээр эдгээр чадваруудыг Асаргаа.мн цахим хуудаснаас суралцах боломжтой юу?
Асаргааны суурь мэдлэг, мэдээлэл, ур чадваруудыг олгох платформ буюу цахим талбарыг бид аль болох олон хүнд хүргэх үүднээс нээсэн юм. Монгол орны өнцөг булан бүрээс интернэттэй байгаа бүх хүмүүс орж ирэх боломжтой. Хамгийн чухал давуу тал нь асрагч, сувилагч, эмч г.м. мэргэжлийн хүмүүс асаргааны практик гарын авлагууд боловсруулсан. Үүнийгээ тэд өөрсдийн биеэр үзүүлсэн сургалтын видеонуудыг хийж байршуулсан юм. Анх нийт 50 контенттэй. 20 видео, 20 гарын авлага, 10 нийтлэлтэй гэж бодож байсан ч одоо нилээд нэмэгдчихсэн байгаа. Техникийн урсгал зардлаа нөхөж цаашид улам хөгжүүлэхийн тулд зохих хэмжээний төлбөртэй болно.
Аsargaa.mn портал дээр асаргааны ур чадваруудыг бид зургаан үндсэн бүлэгт ангилсан байгаа. Үүнд асрагааны ерөнхий суурь мэдлэг, асрагчийн эрүүл мэнд, асрагчийн гардан ажиллагааны арга техникүүд, асаргааны хоол хүнс, асаргааны ариутгал, өрөө тохижолт болон эмчилгээний асаргаа гэсэн бүлгүүд орж байна. Гардан ажиллагааны арга техникт жишээ нь яаж хэвтрийн хүнийг эргүүлэх, хэрхэн ариун цэврийн өрөө рүү хүргэх г.м. хамрана. Эмчилгээний асаргаа нь Монголд хамгийн их эрэлт хэрэгцээтэй гэж хэлж болох сувилагчийн ур чадвартай маш нарийн холбоотой асрагааны төрөл юм. Германд бол үүнийг сувилагч гэхээсээ илүү мэргэшсэн асрагч хийдэг. Гэрээр асаргаа хэрэгтэй байгаа өвчтөнүүдэд мэрэгжлийн хүний тусламж зайлшгүй хэрэгтэй болдог. Энэ бүгд асаргааны санхүүжилтэй шууд холбогдож шийдэгдэнэ.
Энэ асуудлыг Герман Улсад хэрхэн шийдсэн байдаг юм?
Герман улсад хүнийг эрүүл болгох, сэргээх, буцаагаад нийгэмшүүлэх бүхэл бүтэн асаргаа сувилахуйн цогц хөтөлбөр байдаг. Энэ нь олон талын мэргэжилтнүүд болон сайн дурын гэх мэт хүмүүсийн хамтын ажиллагаа маягаар явагддаг. Герман өндөр хөгжсөн орон учраас асаргааны мэргэжилтэн гэрт ирээд л асардаг байх гэж боддог байлаа. Гэтэл бодит байдал дээр үгүй байсан. Асаргааны зардал их байдаг учраас нарийн мэргэжлийн хүнийг удаан хугацаанд ажлуулах боломжгүй юм. Тэгэхээр асаргааны тодорхой нэг хэсгийг мэргэшсэн асрагч нар хийгээд дийлэнх буюу 60-70 хувийг нь ерөнхий мэдлэгтэй, нийгмийн ур чадвартай хүмүүс буюу хамаатан садангууд хийх нь элбэг байдаг. Яг 24 цагийн мэргэжлийн бүрэн асаргааг Германы хүн амын 30% л авдаг. Үлдсэн 70% нь долоо хоногт тодорхой цагт л эмнэлгийн шинжтэй асаргаанууд авдаг. Жишээ нь хагалгаанд ороод гэртээ гарсан хүн байна. Бусад үед нь сургалтанд хамрагдсан сайн дурын асрагчид төрөлжсөн чиглэлийн дагуу ирж асарна. Цус харвасан хүмүүст гэхэд маш удаан хугацааны олон төрлийн нөхөн сэргээгдэх эмчилгээ шаардлагатай. Энэ нь хэл яриа заслаас эхлээд бие гар хөлийг нь буцаад хэвийн хөдөлдөг болгохын тулд төрөл бүрт мэргэшсэн хүмүүс ирж асардаг.
Тэгэхээр Германы асаргааны системээс гадна гол чухал хүчин зүйл болох асаргаа сувилгааны мэргэжилтнүүд хэрхэн бэлтгэгддэг тухай танилцуулна уу? Монголтой харьцуулахад ялгаа нь юундаа байна, давуу сул тал нь хаанаа байна вэ?
Германы асаргааны мэргэжлийн чанар нь боловсролынх нь системтэй шууд холбоотой. Тэр нь 3 жилийн мэргэжлийн сургалт юм. Үүний зөвхөн 20 хувийг нь сургуульд мэргэжлийн онол сурахад зарцуулаад үлдсэн 80 орчим хувийг нь тодорхой хэмжээний цалин аваад байгууллага дээр болон эмнэлэг дээр ажиллах журмаар сурна. Онолын мэдлэгийг хүн уншаад мэдчихэж болно харин ур чадварыг нь өөрийн болгох нь тухайн хүнээс шууд шалтгаалдаг тул Германы энэ 3 жилийн сургалтын 80 орчим хувийн хугацаанд дадлага хийлгэдэг систем нь хамгийн том давуу тал юм. Тийм учраас бүх эмнэлэг, асрамжийн газрууд нь өөрсдөө хүмүүсээ авч дадлагажуулаад бэлдэх журмаар боловсон хүчний тодорхой асуудлаа шийддэг.
Монголд эсрэгээрээ асрагч бэлддэг мэргэжлийн сургууль байхгүй, харин сувилагч л бэлддэг. Сувилагч бол асаргааны зөвхөн тодорхой нэг хэсэг буюу эмчилгээний асаргааг л хийдэг юм. Бусад асаргааны хэсгүүд нь тэгэхээр огт бэлтгэгдэхгүй үлдэж байна. Сувилагч бэлддэг улсын болон хувийн сургууль Монголд арав гаран байгаа боловч асрагчийн хөтөлбөр нь дутуу байна. Эмнэлэгт хагалгаанд орох үед болон дараа нь юу хийх гэх мэтчилэн асрагчийн хийх ойр зуурын, багахан хэсэг нь сувилагчийн сургуулийн хөтөлбөрт байхаас биш яг мэргэжлийн онолын мэдлэгтэй асрагч бэлдэхгүй байна. Онолынх хичээлд нь харамсалтай нь асаргааны хөтөлбөр байхгүй юм. Тэгэхээр системийн хувьд, алсыг харвал асрагчийн мэргэжлийн сургууль байх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд Монголд гэрийн асаргааны эрэлт нь байгаа учраас асаргааны байгууллагууд дадлага хийх боломжийг гаргаж өгвөл олон талын ач холбогдолтой. Үүнээс дүгнээд харахад манай гол асуудал зөвхөн эрүүл мэндийн салбар гэлтгүй бүх салбарт мэргэжилтэн бэлтгэхдээ практик хэсэг нь хаягдаад байгаад байна.
Үнэндээ сүүлийн үеийн сургууль төгссөн хүүхдүүд ажлын талбар дээр гологдоод байгаа тухай шүүмж нэлээд гардаг болсон. Тэгэхээр цаашид яг юун дээр анхаарах ёстой вэ?
Монголд мэргэжилтэн бэлтгэдэг 42 мэргэжлийн сургууль байгаа боловч тэр сурагчдийг авчраад дадлага хийлгэдэг компани бараг байхгүй байна. Үүнийг Германд худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн бүх байгууллагууд тодорхой түвшинд шинэ хүмүүсийг авч сургах үүрэгтэй бөгөөд хуулийн зохицуулалтаар шийдсэн байдаг. Асаргааны компани гэхэд тодорхой тооны сурагч оюутнуудыг авч сургаад дадлагажуулаад түүндээ тодорхой хэмжээний цалинг нь өгөөд 3 жилийн хугацаанд ажиллуулна. Яаж ажиллуулах систем нь янз бүр, 3 долоо хоног ажиллаад 1 долоо хоног онолын сургууль, эсвэл 2-3 сар ажиллаад 2 долоо хоног сургуульд сурах г.м. Ингээд 3 жилийн дараа дагалдангаар ажиллан, дадлага хийсэн сурагч тухайн байгууллагатай болон мэргэжилтэй гүнзгий танилцан сураад шалгалтаа өгөөд төгсөнө. Монголд яг энэ дадлага хийдэг хэсэг дээр анхаарвал их үр өгөөжтэй байх болно.
Германд онол болон дадлагаа хоёуланг нь зэрэг сураад төгсч байхад Монгол зөвхөн онол үзээд л шалгалтаа өгч байна. Төгссөний дараа ажлын байран дээр ирэхээр юу ч мэдэхгүй, багаж тоног төхөөрөмжөө ч ажиллуулж мэдэхгүй зэрэг шалтгаанаар гологддог. Үнэндээ бол тэр голоод байгаа хүмүүс маань өөрсдөө буруутай. Ажил олгогчид өөрсдөө хаалгаа нээгээд тэр хүүхдүүдэд дадлага хийх боломжийг нь олгохгүй байхаар тэд хаанаас мэдэж авах билээ. Номон дээрээс тухайн багажныхаа зургийг харсанаас цаашгүй л байгаа юм. Асаргааны ортой яаж ажиллахыг жишээ нь зөвхөн асаргааны байгууллагад асаргааны ортой ажилласан хүн л мэднэ. Тиймээс энэ асуудлыг бид нар сууриар нь шийдэх шаардлагатай.
Нэгэнт германтай харьцуулж ярьсных германчуудын асаргааны ерөнхий мэдлэг ямар түвшинд байдаг юм? Үүний давуу талыг уншигчидтай хуваалцаач?
Германчууд маш их уншдаг. Тэд бүх төрлийн мэдээлэл сайтайгаас гадна түүнийгээ өдөр тутмын амьдрал дээрээ маш сайн ашиглаж чаддаг. Монголын сургалтын нэг онцлог нь арай илүү онол талдаа түлхүү байдаг. Онол сайн мэдсэн ч түүнийгээ ашиглаж чадахгүй бол зүгээр л нэг цуглуулга болчих нь шүү дээ. Тийм учраас бид аль болох амьдралд ашиглаж болох мэдлэг, чадвар хүнд олгохыг зорьж байна. Тэгэхээр бидний гаргаж ирсэн санаа буюу asargaa.mn ерөнхийдөө манай орны өнцөг булан бүрт байгаа боловсрол үл хамааран малчнаас доктор хүртэл бүх төрлийн хүмүүс, бүх айл гэр бүлд хамгийн наад захын асаргааны суурь мэдлэг, мэдээллийг аваад, энийгээ ашиглаж чаддаг байвал бид ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд маш том тус болж чадах юм. Германд жишээ нь жолооны курсэд түргэн тусламжийн анхан шатны тусламж үзүүлдэг курсэд заавал суудаг. Яг үүнтэй ижил хүн болгоны байнга мэддэг зүйл байх хэрэгтэй.
Ялангуяа эрүүл мэндийн чиглэлийн мэдлэгээ бид сайжруулах юм бол маш олон эрсдэлээс хамгаалахаас эхлээд эрүүл мэндийн зардлаа хүртэл хэмнэх боломжтой. Миний нэг сэтгэл зовоодог зүйл бол зүрхний шигдээсээр өвдсөний анхан шатны ямар 5 үндсэн шинж байдгийг айл болгон, хүн болгон мэдэж байх хэрэгтэй байна. Сүүлийн үед Монголд 40 наснаас дээш эрчүүд зүрхний шигдээсээр их нас барж байна. Түүнээс үүдээд залуугаараа өрх толгойлсон ээжүүд хүүхдүүд өнчин үлдэж байна. Хэдийгээр олон янзын шалтгаанууд байгаа ч гол нь хэн нэгэн зүрхний шигдээсээр өвдсөн шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд тэрийг маш хурдан мэдээд хугацаа алдахгүй эмнэлэг дуудах ёстой юм. Түүнийг мэдэхгүйгээс хугацаа алдаж байна. Тухайн хүний амь насыг, ойр дотныхоо хайртай хүнийг аврах тийм мэдлэгийг хүн болгон мэдэх хэрэгтэй нь наад захын мэдлэг. Тэрийг бол герман хүмүүс мэддэг.
Та төслүүд хэрэгжүүлдэг олон жилийн туршлагатай. Мөн Германд амьдарьдаг хүний хувьд Германы нөү-хауг хэрхэн ашиглаж байна?
Тийм, нэг талаас би төсөл санаачилж хэрэгжүүлдэг ажил хийдэг. Төсөл гэдэг маань нэг ёсондоо янз бүрийн орны, янз бүрийн соёлтой, олон янзын ур чадвартай хүмүүсийг нэгтгэж, тодорхой хугацаанд нэг зорилгод хүргэдэг л ажил шүү дээ. Тэгэхээр энэ туршлага надад байна. Нөгөөтэйгүүр бидний энэ цахим сургалт, хүнийг чадваржуулах чиглэл бол манай үндсэн ажил юм. Гадаадад олон жил амьдраад ирэхээр хүн өөрийн эх орон, амьдарч байсан болон амьдарч буй орнуудын хөгжлийг харьцуулдаг л даа. Асаргаа гэдэг сэдэв дээр тусгайлан харьцуулаад үзвэл герман монголын хооронд тэнгэр, газар шиг зөрүүтэй. Дээр дурдсанчлан бид Герман улсын туршлагаас яг юу нь хэрэгтэйг тодруулаад бидний арван хэдэн эмэгтэйчүүд бүгд санал нэгдэн энэ ажил руу зүтгэсэн дээ. Манай багийн Германд амжилттай ажиллаж буй сэтгэлтэй мэргэжлийн асрагчид маань германы ноу хау- г биечлэн дамжуулагчид юм.
Цагаа олсон маш чухал ажил байна. Сэтгэл зүрхээ гарган хийж буй энэхүү ажлыг анхнаас нь мэдэж байсны хувьд би чин сэтгэлээсээ баярлаж байна. Асаргаа гэх энэ “хүнд” сэдэвтэй анх хэрхэн холбогдох болсон түүхээ хуваалцаач. Яагаад энэ төслийг дэмжин ажиллахаар болов?
2020 онд корона цар тахал гарсан үед эхэлсэн. Германд амьдардаг нэг найзын минь аав ээж хоёр нь цус харваад Монголоос арван мянган километер хол амьдардаг найз минь тэднийгээ асрах хүн байхгүй асуудал үүссэн юм. Нисээд очьё гэхээр корона гээд нислэг байхгүй. Найздаа тусалчих санаатай хамт сувилагч хайж байх яг тэр үед нэг найзын маань хэлж байсан санаанд орсон юм. “Монголд асаргааны мэргэжлийн түвшин маш доогуур байдаг. Асаргааны мэргэжил гэж ер байдаггүй. Энэ тал дээр хамтраад сургалт зохион байгуулья. Манай улсад энэ асуудал огт яригдахгүй байна” гэж их санаа зовж ярьсан найз маань сувилагчаар олон жил ажилласанаас гадна Ирландад хоёр жил асаргааны газар ажилласан туршлагтай туршлагатай, , чадварлаг сувилагч юм. Ингээд л Монголын асаргааны талаар судалгаа хийж эхэлсэн. 2020 оны 9 дүгээр сард эхлээд гурван сарын хугацаанд орон даяар судалгаа хийсэн.
Бид гэдгээ тодруулахгүй юу?
Анх санаачилсан сувилагч найзтайгаа холбогдоод багаа цуглуулж эхэлсэн. Германд амьдардаг Монголчуудын ФБ хуудас дээр сайн дураар хамтрах хүн хайж буй тухай зар тавьсан. Тэр зарын дагуу дөрвөн мэргэжлийн эмэгтэйчүүд холбогдон сайн дураар оролцохоор боллоо. Монголоос долоо найман хүн мөн дэмжсэн. Ингээд бид нийлээд судалгаа хийж эхэлэхэд нөхцөл бол нилээд хэцүү байсан. Корона цар тахал гарчихсан хориотой үед сувилагч, асрагч нар ачаалал ихтэй ажиллаж байсан боловч ажлынхаа хажуугаар бид хамтдаа зүтгэсээр судалгаагаа хийж дуусгасан.
Судалгааны үр дүн ямар байв?
Судалгаагаар хэдэн хүн гэрээр асрагддаг, хэд нь хавдрын асаргаа хийлгэдэг г.м бодит тоо гараад ирж байгаа юм. 6000 гаран хагалгаа хийлгэсэн хүмүүс 6 хоноод л Хавдар судлалын эмнэлгээс шууд гэрт очиж байх жишээтэй. Бодит байдлыг харахаар зүрх өвдмөөр байсан. Тийм учраас бид тодорхой шийдлийг санал болгох шаардлага байгаа нь харагдсан. Одоо л хийхгүй л бол нөхцөл байдал улам дордоно. Асаргаатай ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүсийн зовлонг нийгэм нь бас сонсохгүй байна. Энэ бүхнээс үүдээд ер нь Монгол айл бүр асаргааны талаар ядаж судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй юм гэж дүгнэсэн. Олж авсан мэдлэгээрээ БИД хүчтэй Монгол хүнийг бий болгож байж л асаргаанд бодит хувь нэмэр оруулснаар гэрээр асруулж байгаа хүний нөхцөл байдал тодорхой түвшинд дээшлэх юм байна гэдэг үүднээс энэ энэ асаргааны болон бусад мэргэжилтнүүдийг нийлүүлж, холбож, чиглүүлдэг тийм л үүргийг гүйцэтгэж байна даа.
Монголд нарийн мэргэжлийн асрагчийг сургаж бэлддэг газар байхгүйн улмаас үүнийг нь нөхөн сэргээх газрын бариач гэдэг ч юм уу, эсвэл физик эмчилгээний тодорхой хэсгүүд оролдог. Гэвч бодит байдал дээр олон хүнд хүртээлтэй байж чаддаггүй. Асаргааны боолт хийлгэх мэт бусад асуудлыг таньдаг сувилагчийг ч юм уу гуйж байгаад алдаг оног хийлгүүлнэ. Үнэндээ асаргаа хэрэгтэй олон хүмүүс гэрээр, хамаатан садныхаа гар дээр үлдчихэж байна. Монгол улсын өнөөдрийн хүчин чадлыг судалгаагаар харвал, өрхийн эмнэлэгт гэрээр сувилгаа хийлгэж байгаа хүмүүсийн зөвхөн 10% л хамрагдаж байна. Статитискаар бол уг нь хориод мянган сувилагч байдаг гэж буй боловч арваад мянга орчим нь л мэргэжлээрээ ажилладаг. Тэгэхээр бодит байдал дээр эмнэлэгт хагалгаанд ороод асаргаанд орсон хүмүүст хавдар гэх мэт хэдхэн том төвүүдээс бусдаар бол өрхийн эмнэлэг л мэргэжлийн асаргааны үйлчилгээ үзүүлэх болж байгаа юм. Монголд асрагч байтугай бүр сувилагч нар маш дутагдалтай байна. Үүнд мэдээж цалин хөлс, ажлын нөхцөл г.м. олон зүйл шалтгаална. Өрхийн эмнэлэг, сувилахуй нь харамсалтай нь өнөөдөр Монголд маш дутмаг байна.
Судалгааны үр дүн харахад байдал бол хүнд байгаа юм байна. Гэвч асаргаатай холбогдсон хүмүүсийн зовлонг нийгэм нь сонсохгүй байна гэж хэллээ. Гэрийн асаргаанаас үүсч буй ачаалал, дарамтын тухай хүмүүс ил тод ярихгүй байна уу эсвэл яриад байхад тэднийг сонсохгүй байна уу?
Урд нь төдийлөн анзаардаггүй байж. Асаргаатай холбоотой ажиллаад тод мэдэрлээ. Манай хамаатан садан дотор асаргаатай холбоотой ганц нэг тохиолдол бий. Нэг дүү минь жаахан зөнөгөрсөн хөгшин настай хадам ээжээ асардаг. Өөр нэг дүү хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй хүүхэдтэй. Бид чадахаараа дэмждэг ч байнга хажууд нь байдаггүй тул яг ямар асуудал тулгардагийг мэддэггүй байж. Тэд ч төдийлөн ярьдаггүй. Энэ сэдвийг судлаад Монголд нөхцөл байдал их хэцүүг мэдээд би хавь ойрынхоо хүмүүс рүү хандаж эхэлсэн л дээ. Энэ сэдвээр ярихыг ородлоо. Гэтэл тэд ярих дургүй байдаг юм байна. Анагаах ухааны салбарт ажилладаг найз нөхөд хүртэл ярих дургүй байв. Нийгэм хямраад, цар тахал гарах гэх мэт стресс ихтэй учраас хүмүүс сөрөг талын зүйлийг байсан ч байгаагүй царай гаргаад байна уу ямар ч байсан ярихаас зайлсхийгээд байгаа нь тод ажиглагдсан. Тэднийг нэг талаараа ойлгож байгаа боловч ярихгүй, ил гаргахгүй, энэ асуудлын төлөө бид чадваржиж, тэмцэхгүй л юм бол нөхцөл байдал улам л хүнд болно. Тэгэхээр энийг ямар нэг байдлаар ил гаргаж бага ч гэсэн хэмжээний шийдэл олох хэрэгтэй санагдсан. Тийм учраас бид өөртөө байгаа бүх боломжоо ашиглан чөлөөт цагаа энэ ажилд зориулаад тодорхой түвшинд урагш ахиулья, ямар нэгэн байдлаар шийдье гэдэг дээр санаа нэгдээд “Бүгдээрээ нэг зүг рүү урагшаа” гэж уриатайгаар фейсбүүк групп байгуулаад л эхэлсэн дээ.
Хүнд сэдэв байна. Иргэд өөрсдөө асуудал тулгарахад хүн асрах наад захын мэдлэгтэй болох боломжийг та бүхэн цахим хуудсаараа дамжуулан хүргэж байгаа тухай энэ ярилцлага маань олон хүнд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
Яг 2020 оны 08 сараас хойш ерөөсөө амраагүй. Хаях гэхээр болохгүй. Миний зүрх хичнээн удаа балбалзсаж сэтгэл их өвдсөн. Би асаргаа хийдэг, сувилгаа хийдэг хүмүүсийг бурхан гэж байдаг бол бурхан шиг шүтмээр санагдаж байна. Маш хүнд, хэцүү нөхцөлд өөрийн болон өрөөлийн хүнтэй нүүр тулаад амьдралд тэмцэхийн төлөө дэмжиж, нөхөн сэргэхийг нь асраад сувилаад явж байгаа тэр их хүч, тэр их сэтгэлийн тэвчээрийг би үнэхээр их бахархаж байна. Манай багийн гишүүдийг магтан дуулаад, алдаршуулаад ханахгүй.
Мэдээж энэ их ажлыг хийхэд санхүүжилт хэрэгтэй. Үүнийгээ хэрхэн шийдэв?
Бид судалгаа хийгээд түүн дээрээ үндэслэн ямар үйлчилгээ хэрэгтэйг тодруулсны дараа сургалт, мэдээллийн цахим талбар гээд юу хийхээ тогтоод төсвөө тооцсон. Ихэнх ажлыг жишээ нь гарын авлагуудыг боловсруулах, судалгаа хийх зэрэгт манай багийн гишүүд сайн дураар үнэгүй хийсэн. Харин зааварлах видео гэх мэтийг төслийн менежер ч юм уу, асрагч, сувилагч нар дангаараа хийдэг зүйл биш юм. Хэдийгээр энгийн зүйл мэт боловч тодорхой ур чадвар тэгээд дээр нь портал буюу цахим талбарт IT-н нарийн ур чадварууд шаардлагатай болсон учраас бид жижиг төсөл боловсруулаад олон газрууд луу хандсан. Хоёр жилийн турш маш олон газар, олон улсын байгууллага, хувь хүмүүс рүү хандсан. Тэр үед бүх мөнгө корона руу явж байсан юм. ХБНГУ-ын Улаанбаатар хот дах Элчин Сайдын яамнаас, бид хоёр ч удаа төслийг дэмжиж өгөөч гэж хүсэлт өгч байсан. Ингээд манай эхний 20 видео болон цахим талбарын техник хөгжүүлэлт хоёрыг санхүүжүүлэхээр шийд гараад дэмжигдсэн. Энэ видеонуудын онцлог нь юу вэ гэхээр яг одоо мэргэжлээрээ ажиллаж буй монголын сувилагч, эмч нар Германд байгаа, тэнд сурсан мэргэжлийн асрагч бол гол нөү-хау түгээгч маягаар хэрхэн гэрээр асаргаа хийх талаар хамтран үзүүлсэн сургалтын видеонууд гарсан байгаа.
Баяр хүргэе! Хамгийн сүүлчийн асуулт. Асаргаа.мн- ээс сургалт авья гэсэн хүмүүст товч зааварчилгаа өгөөч?
Та asargaa.mn талбарт бүртгүүлээд, 1,3,6,12 сарын гишүүнчлэлийн эрхээ сонгон, зохих бага хэмжээний төлбөрийг төлөөд сонгосон хугацаандаа “Асаргааны арга зүй” хэсгийн бүх гарын авлага, зөвлөмж, бүх видеог 24 цагаар үзэн, бие даан суралцан, чадваржих боломжтой.
Дээр нь та тэнд суралцах эрхийн бичиг авч бусдад бэлэглэх, түншлэх зэргээр сайн үйлсийн ариун журмын аянд нэгдэж болно.
Баярлалаа! Та бүхэнд амжилт хүсье!
Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ
2023 оны 2 дугаар сарын 22
ХБНГУ-ын Бад Хомбург хот
!!! Цахим хуудаснаас хийсэн screenshot. Хэрэв сонирхолтой гэж үзвэл хамт ярицлаганд оруулж болох юм.
URL: