Төрийн холбоог гадныхны мэдэлд өгчээ

Төрийн холбооны суурин утасны үйлчилгээг “Мон­голын цахилгаан холбоо” ХК-д шилжүүлж байгаа нь төр нууцаа гадныхны мэдэлд өгч байгаагаас өөрцгүй хэрэг болж байна.
Бид өмнөх дугаартаа Төрийн холбооны газрын бүтэц, зохион байгуулалтад өөрч­лөлт хийж,  Кибер аюул­гүй байдлын газар нэртэй болгон өөрчилсөн тухай нийтэлсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газрын өн­гөрсөн оны 11 дүгээр сарын есний өдрийн хурал­даанаар энэхүү асуудлыг баталсан байна.

Ингэхдээ “Төрийн байгуул­лагуудыг кибер халд­лагаас хамгаалах тогтол­цоог бүрдүүлэх зорилгоор Төрийн холбооны газрыг Кибер аюулгүй байдлын газар болгон өөрчлөн зохион байгуулж, үүнтэй холбог­дуулан Төрийн ордны холбоо, техникийн үйлчилгээг үнд­сэн хөрөнгө, орон тоо, төс­вийн хамт Төрийн тусгай хам­гаалалтын газарт шил­жүүлэх, “Үндэсний дата төв”-ийг төрийн тусгай хамгаалалтад авах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын дарга Р.Болдод, энэхүү үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, программ хангамжийн чиглэлээр туслалцаа үзүүлж, хамтран ажил­лахыг Мэдээлэл, шуу­дан, харилцаа холбоо, тех­нологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Болдбаатар)-нд тус тус даалгасугай” гэжээ.
Мөн “Ашиглалтын хуга­цаа дууссантай хол­богдуулан төрийн холбооны утасгүй теле­фон системийг /9200… бүхий дугаарлалттай үүрэн хол­боо/ хэрэглээнээс хасч, суурин утасны үйл­чил­гээг холбогдох тө­хөө­рөмж, зээлийн хамт “Мон­голын цахилгаан холбоо” ХК-д шилжүүлэх асуудлыг хол­богдох хууль тог­тоом­жийн дагуу судалж, шийд­­вэрлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Тагнуулын Ерөн­­хий газрын дарга Р.Болд, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд тус тус даал­­гасугай” гэсэн байгаа юм.
Ийнхүү төрийн бай­гуул­лагуудын ашиглаж бай­сан суурин утасны үйл­чилгээг Солонгос, Монголын хамтарсан “Монголын цахилгаан холбоо” ХК-д шилжүүлэн өглөө.
Тус ком­панийн 54.67 хувийг төр эзэмшиж, үлдсэн хувийг нь Солонгосын “Кореа теле­ком” компани эзэмш­дэг бол­соор багагүй хугацаа өн­гөрсөн.
Ингэж гадны хөрөнгө оруу­лалттай, хувь ний­лүүлсэн компанид төрийн бай­гуул­лагуудын холбоог шилжүүлж байгаа нь кибер халд­лагаас хамгаалж буй хэлбэр болж байна уу, тэгээд.
“Монголын цахил­гаан холбоо” ХК өнгөр­сөн хугацаанд БНХАУ-ын “ZTE” корпораци болон “Нuawei” компанийн мэдээл­лийн техник технологи, программ хангамжийг бүрэн хэмжээгээр ашигласаар ирсэн байдаг. Тэгвэл тухайн компаниудыг олон улсын хэмжээнд мэдээллийн техник технологи, программ хан­гамжийн худалдаа үйл­чилгээний бизнес эрх­лэхээс гадна төрийн болон бусад субъектын захиалгаар тагнах, яриа чагнах чиг­лэлээр өндөр мэргэшсэн гэж үздэг ажээ.
Тухайлбал, Англи, Австрали, Энэтхэг улсын үндэс­ний мэдээлэл, харил­цаа, холбооны сүл­жээнд суурилуулсан тө­хөөрөмжүүд нь мэдээллийн аюулгүй бай­далд заналхийлэл уч­руулж байгаа талаар тус улсуудын Тагнуулын алба мэдэгдэж байсан тухай хэвлэлүүдээр шуугиж байсныг санаж байна. Тэгэхээр төрийн харил­цаа холбооны салбар аюул­гүй байдлын хувьд хэр найд­вартай гарт очиж байгаа нь илэрхий юм биш үү.
Үндсэндээ кибер аюулгүй байдал гэдэг сүржин нэрийн цаана “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн данс руу урсах мөнгө, хөрөнгийн хэм­жээ л чухал байгаа болов уу. Өөрөөр хэлбэл энэ онд хувьчлагдах ёстой тус компанийн ашгийг өсгө­хийн тулд төрийн бай­гуул­лагуудын хэрэглэсэн харил­цаа холбооны төлбөрийг татаж буй хэлбэр юм. Сүүлийн жилүүдэд үүрэн теле­фоны операторуудын үйл ажиллагаа өргөжиж, суурин утасны хэрэглээ буур­саар байгаа.
Тиймээс “Монголын цахил­гаан холбоо” ХК алдаг­далтай ажиллах бол­сон. Үүнийгээ ч хүлээн зөв­шөөрч, өнгөрсөн оны сүүлээр ажилчдаа хэдэн зуу­гаар нь цомхотгох тухай яриг­даж байсан. Тэгэхээр тус ком­панийг хувьчлах хугацаа ойрт­сон учраас ашигтай ажил­лах боломжит бүх арга, эрхийг хамтарсан компани бай­гаа үед нь шилжүүлэхээр шийд­сэн нь энэ бололтой.

ugluuniisonin


URL:

Сэтгэгдэл бичих