Махны экспортыг түр хязгаарлаж, гахай, шувуу, загасны махны импортыг дэмжинэ

Засгийн газраас дотоодын зах зээлийг хамгаалах, махны хангамжийг тогтворжуулах зорилгоор махны экспортыг 2012 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хязгаарлах шийдвэрийг гаргаад байна.

Засгийн газрын 53-р тогтоолд махны хэрэгцээг хангах үүднээс гахай, шувууны мах, загас, загасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгажээ.

Махны үнийн хэт хөөрөгдөл болон хомсдол энэ төрлийн зах зээл дээр бий болоод байна.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар гуравдугаар сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7043 төгрөг, үхрийн мах /ястай/ – 7488 төгрөг, ямааны мах – 5400 төгрөг, адууны мах – 6250 төгрөг, хонины цул мах – 7025 төгрөг, үхрийн цул мах – 8213 төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос өссөн үзүүлэлт ажээ.

Засгийн газраас нөөцийн махны худалдааг зохион байгуулсан ч төдий л амжилт олсонгүй. “Ченжүүдийн гарт орж байна, Хятадууд махыг бөөнөөр нь авч байна” гэх мэт цуу яриа гарч үүнийг ч батлах гэсэн мэт нөөцийн мах худалдаанд гарсан даруйдаа дуусч байлаа.

Тиймээс дахин нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж сард 3000 тонн буюу өдөрт дунджаар 100 тонн мах худалдахаар болоод байгаа юм.

Юутай ч экспортыг хязгаарлаж, импортыг дэмжсэнээр зах зээл дээрх мах махан төрлийн бүтээгдэхүүний үнэ буурна хэмээн Засгийн газар найдаж байна.

М.Жаргал


URL:

Сэтгэгдэл бичих