“Саусгоби Сэндс”-д худалдагдсан Засаг дарга Б.Бадраа ИТХ-даа шахалт үзүүлж эхэлжээ

“Айвенхоу Майнз Монголия Инк” компани нь  таван жилийн өмнө “Саусгоби Сэндс” ХХК-ийг  Монголд байгуулахдаа зөвхөн нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани хэмээн тодотгож байв. Тэрийгээ ч баталгаажуулж Айвенхоу Майнзын  нэр дээр байсан хайгуулын 45 ширхэг лицензийг “Саусгоби Сэндс” ХХК-руу шилжүүлж байсан.   Тэгвэл өнөөдөр тэр “охин”  дэндүү томорч,  Өмнөговь аймагт Монгол Улсын урд хилээс 50–150 км зайд байрлалтай,  ашиглалтын 303 км2 газар хамарсан 3 лицензийг эзний дүрээр захирч  зарж, үрж, дургиж байна. Халзан толгойтой хоёр захирлаараа гоёсон тус компанийг  Овоот Толгой, Цагаан толгой, Сүмбэр-Билүүт гэсэн гурван  ордын лицензээ  дамлан зарах ажиллагааг хэдийнэ эхлүүлсэн талаар өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн  мэдээлж байсан. Тэгвэл тэрхүү мэдээллүүд улам баталгаажиж, тус компанийн удирдлагууд тохиролцоо хийх талуудтай удаа дараагийн уулзалтыг хийсний үр дүн нь эхнээсээ харагдаж байгаа. Тэд Цагаан толгой ордоо  “Modun Resources” компанид зарж буйгаа  албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл хааж, нууж дараад байгаа мэдээлэл ч байна. Тэдний нууж хааж байгаа үйлдлийг  нь бие сэтгэлээ зориулан байж дэмжин ажиллаж байгаа  Засаг ноён ч байгааг тодотгоё. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа нь тодорхой болсон Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн тухай энд ярьж байна. Яг энэ тухай өгүүлэхээс өмнө тодруулах зүйл бий юм.

Айвенхоу Майнз Монголия Инк болоод Саусгоби Сэндс компаниудын   2005-2010 онуудад хийсэн геологи хайгуулын явцад 20 гаруй нүүрсний илрэлүүд олдсоноос орд гэдэг нь тогтоогдоод байгаа нь  Сүмбэр-Билүүт, Загсүүж ордууд юм.  Харин Засаг ноёны оролцоотой явагдаж байгаа хууль бус үйлдлүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдыг дамнан байрлах Сүмбэр-Билүүтийн ордтой хамаатай юм. 2006 оны зун анх илэрч  2007-2010 онуудад нарийвчилсан хайгуул хийгдсэн тус ордын нөөцийг 2011 онд бодоод мөн  оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Эрдэс Баялгийн  Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцүүлж, 133 сая тонн нүүрсний нөөц  бүртгүүлсэн байдаг. Улмаар Саусгоби Сэндс компани   долдугаар  сарын 4-ний өдөр 16869 (110 км2) тоот ашиглалтын лицензийг нь  авсан орд газар юм.  Тэгээд  ордын ТЭЗҮ-ийг нь  хийгээд шүүмжид өгсөн гэх мэдээлэл байгаа ч, Сүмбэр билүүтийн ордын нөөц нэмэгдэх магадлал ихээхэн өндөр юм байна.

Учир нь Сүмбэр билүүтийн орд гэгдэж буй ашиглалтын лицензтэй талбайн үргэлжлэл хэсэг газар нь аймгийн тусгай хамгаалалтад байдаг аж. Геологчдынх нь үзэж буйгаар тэр тусгай хамгаалалттай хэсэг газарт агуулагдаж буй нүүрсний хэмжээ ихээхэн байж мэдэх гэнэ. Тиймээс тэрхүү газрыг аймгийн тусгай хамгаалалтаас чөлөөлүүлэх ажиллагааг Саусгоби Сэндс компанийн удирдлага Курт Черч, Жастин Капла нар өнгөрөгч оны 9 дүгээр сараас эхлэн явуулж иржээ. Ордоо улам үнэд хүргэж зарахын тулд цаасан дээрх нөөцийн хэмжээг өсгөх шаардлага тэдэнд гарчээ.

Хэдийгээр Өмнөговь Аймгийн Засаг даргын тамгын газар аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ажлын байрыг нэмэгдүүлэх, уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах, орон нутгийн жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Саусгоби сэндс” ХХК-тай хамтын харилцааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол үйлдэж байсан удаатай ч, тэр санамж бичиг нь хууль бус үйлдлийг хамтран хэрэгжүүлж болно гэсэн агуулгатай байгаагүй нь дамжиггүй.

Гэсэн ч  Саусгоби Сэндс компанийн удирдлага Курт Черч, Жастин Капла нар 9-12 дугаар сарын хугацаанд нутгийн олонд “халзан” захирлууд хэмээн танигдталаа, зургаан удаа Өмнөговийн төвд бууж, аймгийн Засаг дарга Б.Бадраа болон Ноён сумын Засаг дарга н.Бадамжунай нарын нөхдүүдтэй уулзалдаж, “Тавантолгой”-н Х.Түмэнбаяр захирлын зочид буудалд хоногийн 800 долларын үнэтэй өрөөнд тухласны учиг нь хууль бус үйлдлийг хамтдаа хийхэд чиглэжээ. Гадаад захирлууд Өмнөговьд ирэхдээ үнэнч албат  Мягмар-Эрдэнэ гэгчтэйгээ хамтдаа ирдэг юм байна. Өмнө нь Бороо гоулд компанид засварын хэлтсийн менежерээр ажиллаж байсан,  Саусгоби сэндс-ийн монгол  ажилчдыг халахад хувь нэмрээ түлхүү оруулж ирсэн Мягмар-Эрдэнэ гэгч нь Курт Черчийн татаасаар томорч, өдгөө  Ерөнхий менежерийн албыг хашиж буй том нөхдүүдийнх нь нэг. Тиймээс ч  Курт Черч, Жастин Капла нарын удирдлагуудынхаа Засаг дарга Б.Бадраатай хийсэн удаа дараагийн уулзалтуудад хамт байжээ. Ерөнхийдөө компанийн удирдлагууд болоод Засаг даргын тохиролцоо амжилттай явагдаж байгааг батлах зүйл нь Б.Бадраагийн шадар хүмүүсийн нэг н.Бадралтхүү гэгч  нь Жастин Капла захирлын бие төлөөлөгч гэсэн албан тушаалд томилогдон Саусгоби Сэндс компаниас цалинжин ажиллаж байгаагаас харагдана.  н.Бадралтхүү  өмнө нь зүүн хилийн бүрэн эрхт төлөөлөгч хийж байсан бөгөөд Засаг дарга Б.Бадраагийн бас нэгэн шадар хүн тэнд томилогдсоноор н.Бадралтхүү хэсэг хугацаанд ажилгүй сууж байгаад  Саусгоби Сэндс компанид орсон нь тэр аж.

Тэрчлэн Засаг дарга Б.Бадраа болоод н.Бадралтхүү нар Саусгоби Сэндс компанийн дарга нараас авсан үүргээ биелүүлэхийн төлөө ихээхэн зүтгэлтэй ажиллаж байгааг эх сурвалж хэлж байна. Учир нь, Сүмбэр билүүтийн ордын үргэлжлэл болох   аймгийн тусгай хамгаалалтад байгаа газрыг чөлөөлөх эсэх асуудлыг Өмнөговь аймгийн ИТХ-ын нөхдүүд хурлаараа шийдчих боломжтой аж.  Харин  ИТХ-д эл асуудлын эсрэг зогсож байгаа нөхдүүд бий учраас, өнөөдрийг хүртэлх хугацаанд тэдний мэдэлд орчихоогүй байгаа гэнэ.  Аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулууны хувьд энэ асуудлыг эсэргүүцэж байгаа аж. Гэхдээ Жастин Капла захирлын бие төлөөлөгч н.Бадралтхүү  уг асуудлаа яаралтай шийдүүлэхийн тулд Засаг дарга Б.Бадраагийн өрөөгөөр өдөрт  хэдэнтээ орж гарч гүйж байгаагийн үр дүнд, Б.Бадраа дарга Иргэдийн хурлын хичнээн хүнийг  өөрийнхөө талд гар өргүүлж дийлэхийг одоо хэлэхэд бэрх байгааг эх сурвалжууд хэлж байгаа юм.

Тэгэхээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа нь тодорхой болсон Засаг дарга Б.Бадраатай холбоотой саар мэдээлэл ийм маягаар нэмэгдсээр байх нь ээ. БНХАУ – ын иргэдэд ихээхэн алтны нөөцтэй ашигт малтмалын ордыг зөвшөөрөлгүйгээр ашиглуулж, их хэмжээний хахууль авсан байх магадлалтай гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан  Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраагийн хуудуутай үйлдлүүдийн талаар бид  үргэлжлүүлэн мэдээлнэ.

Э.Болор


URL:

Сэтгэгдэл бичих