Ард түмнийг залилж, мөнгө угаасан койнчдод хариуцлага тооцохгүй юм уу, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо
Ард түмний хамаг байдгийг нь хуу хамж, мөнгийг нь өсгөж өгөх нэрийдлээр мөнгө хугаасан койнчдод хэзээ хариуцлага тооцох вэ, ЦЕГ-ын дарга аа. Өнгөтэй, өөдтэй бүхнээ залилуулсан иргэд таны чиглэл, шүүх, прокурорын дүгнэлтийг хүлээж өдөр хоногийн барж байна. Койн, токены хэргийг бүхэлд нь авч үзэж, хөрөнгө оруулалт нэрээр хөрөнгөө залилуулсан иргэдийн эрх ашгийг хамгаалж, койнчдыг шалгах хүлээсэн үүргээ хэзээ биелүүлэх вэ.
-МОНГОЛЧУУДЫН ДИЖИТАЛД БАЙРШУУЛСАН НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ХААШАА “АЛГА” БОЛСОН БЭ-
Жил гараны өмнө Монгол Улсад дижитал мөнгө болох койн, токен эрчээ авч байлаа. Тухайн үед нэр, устай болгон нь өөрийн койноо гаргаж байсан бөгөөд тэдэн дундаасаа хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ARDX буюу Ард санхүүгийн нэгдлээс гаргасан койн. Анх тус койн нэг төгрөгөөс 550 төгрөг хүрч, монгол койнууд дотор хамгийн том үсрэлтийг хийсэн нь олон нийтэд “Мөнгө ингээд амархан өсгөчихөж болох юм байна” гэсэн муу санааг өгсөн байх.
ARDX-ийн ханш эргэн буурч, тогтворжих үеэр монгол койнууд ээлж дараалан гарч, олны анхааралд өртөж эхэлсэн бөгөөд анхдагч зах зээлд IHC, ZesCoin зэрэг токен томоохон хөрөнгө босгосон. Монголд койны ханш хөөсөрч, иргэн бүр дижитал мөнгөний худалдан авалт хийх тэр үеэр монгол койнууд нийт нэг их наямд орчим төгрөг дижиталд босгосон байдаг. Харин тухайн үедээ л олны анхаарлыг татаагүй өнгөрсөн монголчуудын дижиталд байршуулсан нэг их наяд төгрөг хаашаа “алга” болсон бэ.
-КОЙНУУД ХААЧСАН БЭ, АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД ЯМАР МОНГОЛ КОЙНУУД АШИГТАЙ АЖИЛЛАСАН БЭ-
ARDX
Ард санхүүгийн нэгдлээс ARDX койныг гаргасан койн. Уг токены ард хүмүүсийн мэддэгээр “Хас”-ын Ч.Ганхуяг байдаг. Ард санхүүгийн нэгдэл нь 2005 онд бизнесийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэйгөөр үүсгэн байгуулагдсан ч 2013 онд компанийн гол хувьцаа эзэмшигчид нь шинэ стратегиэр зорилгоо дахин тодорхойлж, нэгдлээ өргөжүүлсэн.
IHC
IHC-г О.Мөнхжин, н.Эрхэмээ, комедиан Б.Идэр-Од нар Inflation Hedging Coin нэрээр гаргасан байдаг. Тус койн нь дотоодын дөрвөн биржид 100 тэрбум ширхэг IHC койн гаргасан бөгөөд нэг минут хүрэхгүй хугацаанд анхдагч зах зээлд 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.
MNFT
MNFT нь NFT буюу Non-Fungible Token урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгө, дуу хөгжим, дүрс бичлэг зэрэг хөрөнгийн өмчийн нотлох баримтыг дижиталд шилжүүлж, худалдан авах, зарах боломжтой токен. Уг койны ард гүйцэтгэх захирал гэх Б.Адъяа, Технологи хариуцсан захирлаар нь И.Ганболд, технологи болон менежментийн түншээр нь “Infinite Solutions” ажиллаж буй. MNFT токеныг анхдагч зах зээлд 60 мянган хүн худалдан авч, 255 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байдаг.
ZesCoin
ZesCoin-ыг анх дотоодын арилжааны бирж дээр “Секлаб” ХХК-иас нэг төгрөгийн ханштай гаргасан. “Секлаб” ХХК-ийг нь Д.Заяабаатар гэгч эзэмшдэг.
Иргэн А: Итгэж худалдаж аваад зургаан сая төгрөгөө цаас болгочихлоо
Бид мэдээллийн тэнцвэртэй хүргэх үүднээс дижитал бирж дээр монгол койн худалдан авсан иргэдээс байр суурь сонссон юм. Энэ талаар иргэн Ц.Аюуш “Анх койны талаар ажлын хамтрагчаасаа сонссон. Ажлын хамтрагч маань нэг хэсэг койнд донтчихоод өдөр, шөнөгүй судлаад байгаа мөнгөн дээрээ хадгаламжаа хоослоод койн худалдаж авах гэж байгаагаа надад хэлсэн. Түүнийг ингэж судалж байхаар нь би ч өөрөө хамт судалсан. Тэгэхэд Монголд Ардкойн гарч, маш том үнийн өсөлт үзүүлсэн, хүмүүс ч койны тухай мэддэг болсон байсан. Тиймээс хүн бүрийн хошуурч байсан койнд үзээд алдахаар шийдсэн юм. IHC койн анхдагч зах зээл дээр гараад удаагүй байхад худалдаж авсан. Тухайн үед IHC койны үнэ тогтвортой өсөж байсан учраас цаашид улам их өсөхөөс нь өмнө амжиж худалдаж аваад мөнгө өсгөх тухай бодсон. Ингээд эхнэртэйгээ яриад өөрсдөдөө байгаа мөнгөн дээрээ танилаасаа хэдэн төгрөг нэмж аваад нийт зургаан сая төгрөгөөр IHC койн худалдаж авсан. Гэсэн ч IHC цаашид өсөөгүй. Өдөр ирэх тусам буурсан. Одоо би IHC-д итгэж, худалдаж аваад зургаан сая төгрөгөө цаас болгочихсон. Бирж дээр зарвал 300 мянган төгрөгийн үнэ хүрэхээр байгаа. Гэхдээ зургаан төгрөгөө 300 мянга болгочихгүйн тулд “Ирээдүйд өсөх байлгүй дээ” гэж бодоод л борлуулж чадахгүй сууна” гэв.
Иргэн Т: Анх Ардкойноос багахан ашиг хийсэн. Түүндээ урамшаад SPC койнд их мөнгө үрсэн ч зардлаа олж чадаагүй
Харин иргэн Б.Тулга “Криптовалют гадаадад нөлөөгөө олж байхад нь судалж эхэлсэн. Монгол койнууд гарч эхлэхээс өмнө койнд хөрөнгө оруулах бодол байгаагүй. “Coinhub” бирж дээр худалдан авалт хийсэн. Анх Ардкойныг 200 төгрөг хүрэхэд нь худалдан авахаар шийдсэн. Тус койноос хоёр сая төгрөгийн ашигтай ажилласандаа урамшиж дахиж койн авахаар болсон юм. Ингэхдээ илүү үнэтэй худалдан авахаар болж хүнээс 10 сая төгрөг зээлж, SPC койныг зах зээлд гарахад нь худалдаж авсан. Одоо SPC койн бирж дээр 0.1 төгрөгийн үнэлгээтэй байгаа. Ашиг хийх нь битгий хэл, өрөнд орчихоод л байж байна” гэсэн юм.
https://ergelt.mn/news/44/single/30184
URL: