“Юнител” групп таван азтанаа таг мартсан байсан
“Юнител” группийнхэн өнгөрсөн намар “Таван азтан, таван байр” нэртэй хонжворт сугалааг хэрэглэгчдийнхээ дунд явуулсан. Таван жилийнхээ ойн хүрээнд хэрэгжүүлсэн энэ урамшуулал нь хоёр cap гаруй үргэлжилж, таван үйлчлүүлэгчдээ бүрэн тавилгатай байр олгохоор өдөр шөнөгүй сурталчилж, тэр хэрээрээ ч овоо хөөрхөн ашиг олсон биз. 2000 төгрөгөөс дээш төгрөгийн нэгж худалдаж аваад орон сууцтай болох гэсэн хүмүүс “Юнител”-ийн дугаар, нэгж хоёрт ч ёстой “шуурч өгсөн” дөө. Телевизийнх нь сурталчилгаанаас хараад азтан болонгуутаа л шууд “Юнител”-ийн байранд очиж, байраа авах юм шиг ойлгогдож байв. Олзонд дургүй хэн байх вэ. Тэгээд ч насаараа цуглуулаад ч байр авч дийлэх мөнгөтэй хүн хэд билээ. Орон сууцны үнэ тэнгэрт хадаад байхад Та 2000 төгрөгөөр байр хожих боломжтой” гээд ТВ коктейлийнхнээр ямар гоё сурталчлуулж байлаа. Түүнийг үзсэн хэн ч болов азаа үзэх гэж нэгжииг нь ч авч өгсөн”. “Юнител” бол 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компаниудын нэг. Энэ компанийн толгой компани MCS групп л гэхэд Монгол Улсаас ч баян гэх юм билээ.
Үндэсний баян компани маань аргагүй л нүнжигтэй загнаж байна даа гэж бодож байлаа. Гэтэл урмыг минь хугалж, улаан нүүр рүү маань ус цацдаг байгаа. Телевизээр тийм их мөнгө цацаж, иргэдийг хошгируулчихаад, амласандаа хүрсэнгүй гэж дуулаад ёстой л дэлбэрэх шахав. Азтан болж чадаагүй би тэгж бухимдаж байхад, байрны эзэн болчихоод түүнийгээ авч чадахгүй яваа хүмүүс яах нь тодорхой. Хулхидуулсан хүмүүс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүртэл хандсан байв. “Юнител” группийнхэн одоо хүртэл таван азтандаа байраа өгөөгүй байгаа ажээ.
Юутай ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль, хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Л.Ган-Өлзийтэй уулзаж, учир байдлыг тодрууллаа.
-”Юнител” компаииас байр хожсон иргэд одоо хүртэл байраа аваагүй байгаа тухай танайхаас мэдээлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-”Юнител”-ээс реклам цацахдаа эхний азтанг шалгаруулаад байранд нь оруулчихсан. Одоо дараагийн дөрвөн азтанг хүлээж байгаа мэтээр сурталчилж байсан. Энэ нь олон хүнд хурдан утсаа цэнэглээд байртай болъё гэсэн бодол төрүүлж байсан байх. Гэтэл азтан болсон хүмүүс нь одоо болтол байрандаа ороогүй байгаа. Энэ нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэрэг. Түүнээс биш байраа өгөхгүй гэж хэлээгүй. Хамгийн гол нь зар сурталчилгаа хуулийн дагуу явах ёстой.
-Танайх яг хэзээ энэ шалгалтыг хийсэн бэ. Шалгалт хийх үед “Юнител” группийнхэн таван азтандаа байр өгөх гэрээ хийсэн байсан уу?
-Сүүлийн азтангаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тодруулсан байдагч, таван азтандаа хэзээ байр өгөх нь тодорхойгүй, үнэндээ мартсан байсан. Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард шалгалт хийж, дөрвөн азтантай нь холбогдоход “Баригдаж гүйцээгуй хоосон барилга үзүүлээд явсан. Байр өгөх тухай гэрээ хийгээгүй” хэмээн гомдоллож байсан. Тиймээс “Юнител”-ийн захирлуудтай өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нд уулзсан. Ингэснээр тэд гэнэт сэхээрч, шалгалт хийсний дараа буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 12-нд таван азтанд өгөх байрны мөнгийг шилжүүлсэн байдаг. Тэр баримт нь надад бий.
-Томоохон хонжвортой реклам, сурталчилгаанд ийм байдлаар хууль зөрчсөн тохиолдол олон бий юу?
-Байрны хонжвортой сугалаат худалдааны хувьд манай улсад анхныхыг “Юнител”-ийнхэн зохион байгуулсан. Ийм сугалаат худалдаа явууллаа гэж тухайн байгууллагыг буруутгаагүй шүү. Харин таван азтаны ядаж нэгээс хоёр нь байрандаа орчихсон байгаа бол ийм асуудал гарахгүй. Уг нь “Юнител” группийнхэн эхлээд таван байраа худалдаж авчихаад азтанаа тодруулах ёстой байсан юм. Гэтэл зар сурталчилгааны хуулийг зөрчиж иргэдийг төөрөгдүүлсэн. “Юнител” групп нь иргэдэд ийн увайгүй хандсанаар Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3-д заасан “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно” мөн тус хуулийн 12.1.10 дахь заалт болох “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” зэргийг тус тус зөрчсөн байна.
Үүнээс гадна Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3-д заасан “Хангалттай, тодорхой мэдээллийг орхигдуулан… хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” зүйл заалтыг зөрчсөнөөр хууль бус зар сурталчилгаа хийдэг нь ил болжээ. “Юнител” группийн явуулсан “Таван азтан, Таван байр” сугалаанд нийтдээ 60 мянган хэрэглэгч оролцсон аж. Эдгээр хэрэглэгчид наад заах нь 2000 төгрөгийн картаар нэг удаа дансаа цэнэглэсэн гэж үзэхэд 120 сая төгрөгийн орлого орсон гэсэн үг. Гэвч нэг хэрэглэгч нэг удаа нэгж худалдаж аваад болиогүй нь лавтай. Тиймээс нэг хэрэглэгч дансаа хоёр удаа цэнэглэхэд 120 сая төгрөг хоёр дахин өснө гэсэн үг. Зүгээр л хар ухаанаар тооцоод үзэхэд ямар их ашиг олсон нь харагдаж байгаа юм. Тэр ашгаас тавхан байр авахад уг нь ямар ч асуудал байхгүй баймаар. Хүнийг хулхидаж бус урмаар тэтгэж ашиг олдогсон бол монголчууд тэр аяараа “Юнител” рүү хошуурах байсан биз.
Гэтэл нэг ч хүнд байр авч өгөөгүй байж өгсөн мэтээр сурталчлаад байсны цаана ямар нэг далд санаа байсан ч байж болох. Иргэд эхний хүн байрандаа орчихсон мэтээр ойлгож, гар утасныхаа дансыг цэнэглэх гэж улайрч байсан нь ойлгомжтой. Гэтэл одоо болтол азтан болсон гээд байгаа иргэд байрандаа ороогүй хэвээрээ.
Бид “Юнител”-ийн таван азтаны хоёртой нь утсаар холбогдож байрандаа орсон эсэхийг нь асуухад гэрээгээ хийчихсэн гээд утсаа салгасан юм. Тэд байр авах гэрээгээ байгуулчихсан, одоо боллоо гэж бодож байгаа бололтой. Азтан Б.Цэнгэл “Энэ оны сүүлчээр байр маань ашиглалтад орох юм билээ. MSC группын барьж байгаа “Шинэ гэр” залуусын хорооллын зургадугаар байрны дөрөвдүгээр давхрын 32 тоотын эзэн болсон. Гэрээгээ байгуулчихаад байраа ашиглалтад орохыг хүлээж байна” гэсэн. Бусад азтангууд ч мөн ижил хариулт өгч байлаа. “Юнител” группийнхэн эхнээсээ ингээд хэл амгүй явсан бол өөр юу хэлэх билээ. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийгээгүй бол таван азтандаа байр өгөх эсэх нь тодорхойгүй үлдэх байсан юм биш үү. Хэрвээ шалгалт ороогүй бол байраа өгөхгүй ч гүрийх ч байсан юм бил үү, хэн мэдлээ.
Д.СҮХБААТАР
mongoliin medee
URL: