ХЭЛЭЛЦЭЭД Л БАЙДАГ, ХЭРЭГЖИХ НЬ ХЭЗЭЭ БОЛ…

Эдийн засгийн өсөлт гэдэг биднээс хол сонсогддог байсан нь саяхан. Тэгвэл одоо дэлхийн хамгийн хурдан өсөлттэй эдийн засагтай орны нэг гэж нэрлэгдэж байгаагаараа бид бахархаж сууна. Эдийн засаг нь жилд 17.3 хувиар өсөж, цаашид дээрх тоо 20 гаруй болох магадлалтайг ч шинжээчид таамаглаад байгаа. Гэтэл эдийн засаг өсөөд байхад иргэд яагаад ядуу амьдраад байна вэ гэдэг эцэс төгсгөлгүй асуултад хариулт алга. Энэхүү огцом өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулж, хэрхэн хөгжил болгох вэ гэдгийг хэлэлцэхээр төрийн болон ТББ, эрдэмтэн, судлаачид, хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөл өнгөрсөн долоо хоногийн хоёр өдрийг Төрийн ордонд өнгөрөөлөө. Ийнхүү олныг цуглуулсан үйл явдал бол гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Давос” буюу “Монголын эдийн засгийн чуулган” байлаа. Уул уурхай хэмээх ганц “хөл”-өөр хол явахгүй гэдэгтэй санал нэгдэж, тоог хэрхэн хөгжил болгох вэ хэмээн олон талаас нь хэлэлцэв. Сайн сайхан зүйлийг амаа чилтэл ярьсан ч ажил хэрэг болох цаг хугацаа тодорхойгүй үлдлээ.

Өмнөх хоёр удаагийн чуулганд оролцогчдын саналыг нэгтгэн зөвлөмж гаргасан гэж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж Засгийн газраар батлуулсан зэрэг ажлыг “2011 оны эдийн засгийн чуулганы санал, зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажлын тайлан”-д дурдсан байна билээ. Бичиг цааснаас хэтрэхгүй зүйл хийгээд байвал “Хөгжилд хамтдаа” гэсэн уриа хоосон үг болон хоцорч мэдэх юм. Хоёр өдөр уг чуулганд оролцсон олон төлөөллөөс “аз”-тай цөөн нь л микрофонд дугаарлан байж өөрийн саналаа бодлого боловсруулагчдад дуулгаж амжсан. Харин чуулганд оролцогч компаниуд 1.5 сая төгрөг төлсөн гэнэ. Тэд энэ төлбөрийг нь хүлээн зөвшөөрөөд дээрх форумд оролцсон байх л даа. Компаниудын төлсөн “татаас” дээр нэмэгдээд “Rio Tinto” тэргүүтэй томчууд уг форумыг ивээн тэтгэснээр нийт тэрбум гаруй төгрөгийг зохион байгуулагчид “цуглуулсан” сурагтай. Давосын чуулганд оролцогчид ч тодорхой хэмжээний төлбөр төлдөг л дөө.

Мэдээж 1000 орчим хүнийг цуглуулсан форумыг зохион байгуулах, дэлхийн алдартай илтгэгчдийг урих гээд Ажлын хэсгийнхний зардал өндөр байх. Гэхдээ цугласан мөнгийг хэрхэн, юунд зарцуулж буйг “Монголын эдийн засгийн форум” ТББ-ынхан тайлагнах ёстой гэж форумын оролцогчид үзэж байгаа юм. Хэлэлцээд, хэлэлцээд л байдаг, хэ рэг жих нь хэзээ бол? “Монголын эдийн засаг форум”-ынхан хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнахаас ажлаа эхэлбэл яасан юм.


URL:

Сэтгэгдэл бичих