ОЛИГАРХИ МОНГОЛ ХҮН ХОЁР НЭГ ТЭНГЭРИЙН ДООР ХЭЗЭЭ Ч ЗЭРЭГЦЭН ОРШИХГҮЙ
Монгол улсын хоолой дээр тээгэлсэн “яс” болоод байгаа зүйл бол өнөөдрийн зүүн баруун, зөв буруугаа ч мэдэхгүй “ухраасан”, “хоошоо” юм ярьдаг улс төрийн нам нэртэй олигархи, луйварчдийн бөөгнөрөл. Намт төрөөс салж ард түмний төр лүү орлоо хэмээн ойлгож байтал худал байж, олон намтай “намт төр”- лүү гулсан оржээ. Өнөөдрийн улс төрийн намуудын байгаа байдал яг “социализм”-ийн МАХН-ын бүтэцтэй яг адил.
Зүүний идеологи буюу үзэл баримтлал бүхий нам болон барууны идеологи барууны үзэл баримтлал бүхий улс төр намуудынх нь хоорондын зааг ялгаа үгүй болжээ. Барууны нам гэж яриад байгаа боловч нийгмийн халамжийг санаачлаад дэмжээд гүйж байдаг. Зүүний гээд байгаа намууд нь олигархижоод хөрөнгөтний нам болоод хувирчихаад байна. Намуудын энэхүү төлөвшилгүй байдал нь парламентын төлөвшилд нөлөөлж монголын төрийг тогтворгүй болгож байна.
Зүүн барууны чиг баримжаатай улс төр парламентад жинхэнэ утгаараа явагдснаар жинхэнэ улс төрийн үнэр тэндээс ядаж үнэртэх ёстой. Парламентын зүүн баруун жигүүрт хуваагдаж суугаад асуудлыг хэлэлцэх, нэг нэгэндээ хяналт тавин ажилласнаар л шударга ёс тогтдог. Гэтэл өнөөдрийн манай парламент нэг л бишээ. Баруун зүүний чиг баримжаагүйн дээр парламентадаа нам намаараа ч суухгүй нутаг ус, танил тал найз нөхөд, бизнесийн түнш, луйварчнаараа тохой нийлүүлэн сууцгааж байгааг нь харахаар хэзээ энэ нөхдүүд парламентыг ойлгож, өөрсдөө парламентын гишүүн шиг ажилдаг болоход нилээн хугацаа хэрэгтэй ажээ.
Энэ бүх асуудлыг шийдэхэд “Улс төрийн намуудын тухай хууль” болон “УИХ-ын тухай хууль” зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулж, намуудын “Зүүн барууны зааг ялгааг нь тодорхой болгож өгөх хэрэгтэй”. Хоёулаа ялгаагүй мөнгө амлаад л, ард түмэнд таалагдах гээд байна шүү дээ. Парламентын чуулган дээр худал шүүмжилж, ард түмнийхээ нүдэн дээр жүжиг тавиад өнөөдөр бүгд ойлголоо мэдлээ. Олигархиудтай нэг намд байгаа бол хэзээ ч олигархийг устгана гэж байхгүй. Энэ бол зөвхөн сонгогчдыг татах шоу төдий.
Монголчууд өнөөдөр гурван зүйлийг ойлголоо. Тэр нь юу вэ гэхээр “ардчилал Монголд байхгүй юм байна”, “Өнөөдрийг хүртэл биднийг хуурч иржээ”, “эрх баригч олигархи, луйварчидад дахин найдаж чадахгүй нь” гэдгээ илэрхийлж байна.
Монгол орон жинхэнэ ардчиллын замаар замнъя гэвэл намын гишүүнчлэлээс салах хэрэгтэй. Өнөөдрийн монголын намууд хатуу намын гишүүнчлэлтэй коммунист маягийн намууд. Ер нь тэгээд МАН-ын гишүүн намдаа, МАХН-ых МАХН-даа, АН-ын АН-даа санал өгөх юм бол сонгууль өгөх шаардлага байна уу. Үүн шиг утгагүй юм байхгүй. Үүнийг ардчилсан сонгууль ч гэж нэрлэхгүй. Ингэж сонгууль хийснээс хийгээгүй нь дээр биз дээ.
Өнөөдөр Монголчуудыг худалдаж авах компанит ажиллагаа идэвхижэж байна. Хаа саагүй хүмүүст бэлэг сэлт тарааж, саналыг худалдаж авахыг оролдож бас мөнгө өгч намдаа элсүүлж байна. Намд элсэх Монгол хүний үнэ 20 000 төгрөг ажээ. Адгийн биеэ үнэлэгчээс ч доогуур ханштай байна. Энэ бол олигархиуд, луйварчдийн Монгол хүнийг үнэлж байгаа л үнэ.
Сумаар нь, аймгаар нь худалдаж авахын төлөө сая, саяар нь мөнгө хаяж байгаа тухай мэдээ хөдөө орон нутгаас тасрахгүй байна. Зарим аймгийн сум бүр таван гэр өгч байгаа мэдээ ч байна.
АН-ынхан сайдын суудал зүүдэлж, МАН-ын “шударга сонгууль явуулна” хэмээн шоудаж байгаа ирэх сонгуулиас монголчууд Д.Бямбасүрэн гуайн хэлснээр “их юм хүлээгээд хэрэггүй” ажээ.
Манантай, махантай дахин нэг дөрвөн жилийг уур бухимдал, ядуурал, гуйланчлал, янхандал, хятадуудтай хамт өнгөрөөх үү. Өнөөдөр зарим орд газруудын баялгийг шөнөөр зөөж байна. Ирэх дөрвөн жил хэрвээ олигархиуд төрд дархлагдвал Монголчууд эх орноо орхин дүрвэхээс өөр аргагүй байдалд хүрнэ.
Мөнх тэнгрийн доор олигархи, монгол хүн хоёр хэзээ ч зэрэгцэн оршиж чадахгүй. Нэг бол олигархиуд монголыг дарангуйлж монголын ард түмэн түүний дотор залуучууд эх орноо орхин дүрвэнэ. Эсвэл олигархиуд, луйварчдийг хөөн зайлуулж монголын ард түмэн цэнгэлийг манлайг эдлэх болно. Монгол хүн бүр нэгийг бодож, зөв шийдвэр гаргаж, зоригтой байх түүхэн цаг нөхцөл иржээ.
URL: