Ану 101 сарнай бэлэглэв

Дуучин Ану Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “101 сарнай” нэртэй ээжийн тухай шүлгийн уралдаан зарласан билээ. Гуравдугаар сарын 3-8-ны хооронд өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан зарласан түүний энэхүү уралдаанд нийт 35 оролцогч өрсөлдөн, эмэгтэйчүүдийн баяраар ялагчаа тодруулжээ. “101 сарнай” уралдааны ялагч 101 сарнайн эзэн болж, дуучин Анугийн дууны санд ээжийн тухай дууг нэгээр нэмэх болзолтой байсан юм. Ингээд дүн гарахад шүлгийн уралдааны ялагчаар хамгийн олон like авсан буюу 478 лайк авсан Н.Батнайдварын “Ижий цагаан шүтээн” шүлэг шалгарчээ. Шагналын эзэн Н.Батнайдвар гадаадад байдаг тул Ану олон улсын эмэгтэйчүүдийн баяраар сагс дүүрэн 101 цагаан сарнайг түүний гэрт зочлон, ээжид нь гардуулсан юм. Ану сагс дүүрэн цагаан сарнай шигээ цасан цагаан хувцсаар гоёсон байлаа. Дуучин бүсгүй өөрийн фейсбүүк хуудсандаа “Надад маш их таалагдсан нэг шүлгийг шалгаруулж шагнахаар болсноо дуулгахад таатай байна. Энэ шагналын эзнээр н.Цэнджав, түүний бичсэн “Ижий сахиус” шүлэг шалгарлаа” хэмээн бичжээ. Ингээд “101 сарнай”-н шилдгээр тодорсон М.Батнайдварын “Ижий цагаан шүтээн” шүлгийг хүргэж байна.

Ижий цагаан шүтээн

Ижилгүй уудам ертөнцөд хүмүүн болон мэндлээд
Ижий цагаан сэтгэлд өлгийдүүлэн байж өссөн би
Илбийн юм шиг ирээд, шидийн юм шиг өтөлдөгч
Ижий бурханыхаа өмнө үргэлж би нялхаараа
Алтан нарны тусгалаар эрч аван өссөн ч
Амтат уурганы шимээр хүн болон бойжсoн
Алсын ододтой мөрөөсөж шөнөжин наадаж хоносон ч
Амин хайртай ээжийнхээ энгэрт эрхлэн байж жаргасан
Хатуу зөөлөн хорвоод хальтарч гулгаж явсан ч
Хажууд мөнхөд байх ижий минь тосон аргаддаг
Уужим тэнүүн орчлонд ухарч няцаж суухад
Ухаант ээжийн сургааль мөрийг минь үргэлж түшдэг
Хатан ижийнхээ өвөрт хайлан нялхарч эрхлэхэд
Халуун илч нь үргэлж зүрхэн тушаа төөнөдөг
Хамгийн нандин нууцаа ч ижийнхээ чихэнд шивнэчихээд
Халгүй үнэн үгсийг нь сонсож ухаажих сайхаан
Тогоруун нүүдлийн цуваа шиг уртач холын бодолтой
Торгон хээтэй дээл мэт уран ухаан билэгтэй
Тайлaшгүй гэгээн оньсын түлхүүр сүү цагаан сэтгэл
Тансаг яруу эрхэмийн дээд ижий цагаан шүтээн минь.

Ээждээ хайртай шүү!!!

Г.Даша

URL:

Сэтгэгдэл бичих