БНХАУ хилээ нээж, улс орнууд хятадуудаас, Монгол өөрсдөөсөө шинжилгээ авна
Хятад улс гурван жил орчим хугацаанд хатуу хөл хорионд амьдарч байгаад өнгөрсөн оны сүүлээр ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, хязгаарлалтуудыг огцом сулруулсан юм. Харин энэ нь Хятад даяар халдвар эрчимтэй тархах гол шалтгаан болж, өдгөө урд хөршид өдөрт л хэдэн мянган хүн ковидын улмаас нас барж байгааг илтгэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр тархсаар байна.
Хэдийгээр халдварын дэгдэлт огцом нэмэгдсэн ч Хятад улс ковидын тохиолдлын хоногийн мэдээллийг зарлахаа больсны дээр 2019 оны сүүлээс хойш “тас түгжсэн хаалгаа” нээхээр болсон юм. Харин энэ нь дэлхийн улс орнуудад ихээхэн эрсдэл дагуулсан хэрэг болж, дэлхий даяар Хятадаас халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэрэмжлэн Хятадаас ирэх хүмүүст хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлэн зарим нь энэ асуудлыг хэлэлцэж байна.
Хятад улс энэ сарын наймнаас хилээ нээхээр болсон бөгөөд үүнийг дагаад олон мянган хятад жуулчин хилийн чанадыг зорих боломжтой болж байгаа юм. Энэ нь асар өндөр эрсдэл дагуулна гэж үзсэн 10 гаруй орон Хятадаас ирж буй жуулчдыг ковидын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байхыг шаардахаар болжээ.
Ковидын улмаас олон мянгаараа амиа алдаж байгаа нь үнэн үү?
Өнгөрсөн 12 дугаар сард Хятад улс тэг ковид бодлогоос татгалзаж эхэлсний дараа Хятад улс ковидоор өвчилсөн иргэдийнхээ тухай мэдээллийг ДЭМБ-д албан ёсоор өгөхөө больсон талаар Ройтерс агентлаг мэдээлж байна. ДЭМБ Хятадад хандан мэдээллийг ил тод болгохыг уриалсан ч энэ уриалгад урд хөрш хариу өгөөгүй хэвээр байгаа юм. Ийнхүү мэдээллийг ил тод байлгахгүй байгаа нь халдварын дэгдэлтийн цар хүрээг нуун дарагдуулж байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Мягмар гарагт Хятадад ковидын улмаас таван хүн нас барсан гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн. Ингэснээр, албан ёсны, эрх баригчдын мэдээллээр, дэлхийн хамгийн хүн ам шигүү суурьсан оронд цар тахал эхэлснээс хойш гурван жилийн дотор нийтдээ 5258 хүн нас баржээ. Бусад орны статистиктай харьцуулахад энэ нь итгэхэд бэрх тоо юм.
Хятадын эрх баригчид гурван жилд нас барсан хүний тоо таван мянга гэж мэдэгдэж байгаа бол Британийн эрүүл мэндийн мэдээлэл цуглуулдаг Airfinity компанийн шинжээчдийн үзэж байгаагаар, бодит байдал дээр Хятадад өдөрт л 9000 орчим хүн ковидын улмаас нас барж байгаа гэнэ.
Хятад дахь халдварын нөхцөл байдлын талаар ийн мэдээлж байгааг тус улсын эрх баригчид улс төрийн сэдэлтэй, вирустэй тэмцэх тал дээр гаргасан ололт амжилтыг үл хэрэгсэх зорилготой алхам гэж үздэг. Түүнчлэн гадаад орнууд Хятадын жуулчдаас шинжилгээ авах журам гаргасныг шинжлэх ухааны үндэслэлгүй хэмээн шүүмжилж байгаа юм.
Шинэ хувилбар ба үүнээс сэрэмжилсэн улс орнууд
Хятад жуулчдаас шинжилгээ авах журам нэвтрүүлсэн орнууд 1,4 тэрбум хүн амтай Хятадад асар их халдварын тохиолдол гарч байгаа нь вирус мутацид орж, шинэ хувилбаруудыг үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Хятадын эрүүл мэндийн салбарын шинжээчдийн саяхан мэдэгдсэнээр, Бээжинд ВА.5.2, BF67 хувилбарууд өргөн тархсан гэнэ. Гэхдээ энэ хоёр хувилбар барууны орнуудад тархаад хэдийнэ намжсан, харин одоо илүү халдварлах чадвартай хувилбарууд Европын орнуудад тархаж байгаа аж.
Тиймээс Хятадад үнэхээр дээрх хоёр хувилбар тархаж байгаа бол Европ үүнээс нэг их айх шаардлагагүй, хамгийн түгшүүр дагуулахуйц хувилбар нь АНУ-д илэрсэн, омикроны ХВВ.1.5 гэсэн шинэ хувилбар гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
АНУ
Нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн Хятад, Хонконг, Макаогаас ирсэн хоёр болон түүнээс дээш насны бүх зорчигчоос зайлшгүй шинжилгээ авах журмыг АНУ мөрдөж байна.
Их Британи
АНУ-ын адилаар Их Британи улс ч мөн нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн Хятадаас ирж буй зорчигч бүрээс коронавирусийн шинжилгээний сөрөг хариу шаардахаар болжээ.
Франц
Франц улс Хятадаас ирэх жуулчдаас нислэгээс 48 цагийн өмнө хийлгэсэн ковидын шинжилгээний сөрөг хариуг шаардаж байна. Түүнчлэн Хятадаас ирсэн зорчигчдоос түүврийн аргаар PCR шинжилгээ авах аж.
Австрали
Нэгдүгээр сарын тавны өдрөөс эхлэн Хятадаас Австралийг зорьсон жуулчид ковидын шинжилгээний сөрөг хариу үзүүлэх шаардлагатай.
Энэтхэг
Хятад, Хонконг, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Таиланд гэсэн улс орноос ирсэн жуулчдаас Энэтхэг ковидын шинжилгээний сөрөг хариу шаардана. Эдгээр орноос ирсэн зорчигчдод ковидын шинж тэмдэг илэрсэн эсвэл хариу нь эерэг гарсан бол тусгаарлах юм байна.
Канад
Хятадаас Канадад ирж буй агаарын тээврийн зорчигчид нислэгээс хоёр өдрийн өмнө ковидын шинжилгээ өгч, сөрөг хариутай байх ёстой.
Япон
Хятад хилээ нээдэг өдөр буюу нэгдүгээр сарын наймны өдрөөс эхлэн Япон улс Хятадаас ирэх жуулчдад хилийн хяналтаа чангатгах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хятадаас ирэх жуулчдаас ковидын шинжилгээний сөрөг хариу шаардах бөгөөд шинжилгээ эерэг гарсан бол долоо хоногийн туршид тусгаарлах аж.
Итали
Итали улс Хятадаас нисэж ирсэн зорчигч бүрээс шинжилгээ шаардана. Одоо Милан, Мальпенсийн гол нисэх буудлууд Бээжин, Шанхайгаас ирсэн зорчигчдоос шинжилгээ аваад эхэлжээ.
Испани
Испани улс Хятадаас ирсэн жуулчдаас ковидын шинжилгээний сөрөг хариу эсвэл вакцины бүрэн тунд хамрагдсан байхыг шаардах аж.
Малайз
Энэ улс Хятадаас ирсэн хүн бүрт үзлэг хийж, шинж тэмдэг байгаа эсэхийг шалгахын дээр Хятадаас ирсэн онгоцнуудын бохир усанд коронавирус агуулагдаж байгаа эсэхийг шалгана.
Тайвань
Нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Хятадаас Тайваньд агаарын тээврээр очсон бүх зорчигч, түүнчлэн далайн тээврээр очсон бүх зорчигч PCR шинжилгээ өгөх ёстой.
Өмнөд Солонгос
Хятад, Макао, Хонконгоос ирсэн зорчигчдоос явахын өмнө хийлгэсэн ковидын шинжилгээний сөрөг хариу шаардана.
Катар
Нэгдүгээр сарын гуравны өдрөөс эхлэн Катар улс Хятадаас ирсэн бүх зорчигчоос шинжилгээний сөрөг хариу шаардаж байгаа бөгөөд энэ шинжилгээг нислэгээс 48 цагийн өмнө хийлгэсэн байх шаардлагатай аж.
Бельги
Энэ улс коронавирус тархалттай тэмцэх шинэ арга хэмжээний хүрээнд Хятадаас ирсэн онгоц бүрийн бохир усанд коронавирусийн шинэ хувилбар агуулагдаж байгаа эсэхийг шалгана.
Марокко
Марокко улс нэгдүгээр сарын гуравны өдрөөс эхлэн Хятадаас аль ч орны жуулчныг хүлээж авахыг хоригложээ.
Монгол
Өдөрт л хэдэн мянгаараа ковидын улмаас амиа алдаж байгаа гэх Хятадтай шууд хил залгадаг манай улсын тухайд одоогоор тухайлсан журам гаргаагүй байна. Монголоос Хятадыг зорьж буй зорчигчид коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн мэдээлэл гарсанд иргэд ихээхэн бухимдаж байлаа. Харин энэ нь Монголын талын шийдвэр биш Хятадаас тавьж буй шаардлага аж. Манай улс Хятадын иргэдээс шинжилгээ авах, өөр хязгаарлалт тавих эсэх нь тодорхойгүй байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546223
URL: