Хотын шинэхэн менежер М.Баяраа ТЭРБУМЫН үл хөдлөх хөрөнгөтэй
Монгол Улсад хариуцлага алдсан, идсэн уусан, шамшигдуулсан гэх мэдээллүүд өдөр бүр л гарах болж. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнийг цас хайлуулах бодис давс авах мөнгийг хувьдаа шамшигдуулсан гэх мэдээлэл бий. Ямартай ч түүнийг албан тушаалаас нь чөлөөлж оронд нь М.Баярааг томиллоо.
М.Баяраа гэж хэн бэ?
М.Баяраагийн хувьд БНХАУ-ын Багшийн их сургууль, Японы Киорин их сургууль, Санхүү эдийн засгийн их сургуулийг тус тус төгссөн. Гадаад хэлний багш, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй юм. Мөн Их Британид англи хэл менежмент, БНСУ-д Төсөл санхүүгийн удирдлага, Японд Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах цогц аргачлал, БНХАУ-д Засаг захиргаа, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт чиглэлээр суралцсан.
“Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч,Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Төслийн мэргэжилтнээс хэлтсийн дарга, газрын дарга болон 2013 оноос хойш зогсолтгүй албан тушаал ахисан М.Баяраа нь хотын даргыг сайд болоход нь Уул уурхайн яам, хотод ирэхэд нь хотод гээд салшгүй уялдаа холбоотой ажиллаж ирсэн намтартай. Харин одоо Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга болон дэвшлээ.
Ийнхүү сүүлийн 10 гаруй жил төрд удирдах алба хашсан М.Баяраа нь хэдий хэр бэл бэнчинтэй вэ?
М.Баяраа нь НЭГ ТЭРБУМ төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр автозогсоолтой гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Мөн 2020 онд М.Баяраагийн гэр бүл жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд жилийн 500 гаруй сая төгрөгийн орлоготой болон хөрөнгө нь огцом нэмэгджээ. Мөн тухайн жилд ЕСӨН сая төгрөгийн үнэлгээтэй автомашинаа 40 сая төгрөгийн үнэлгээ машинаар сольсон байна. СХД-т удирдах алба хашиж байсан М.Баяраа даргын хувьд эзэмших эрхтэй дөрвөн газартай, 123 сая төгрөгийн үнэт эдлэл, 92 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.
П.ГОО
http://www.shuud.mn/a/546131
URL: