Дэлхий дахин шинэ жилийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ
Дэлхий дахин “COVID-19” цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд цомхон хүрээнд тэмдэглээд байсан шинэ жилийн баяраа өргөнөөр тэмдэглэн өнгөрүүллээ. АНУ, Бразил, Аргентин, Карибын тэнгисийн орнуудад шинэ жилийн баярыг тохиолдуулан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулсан бол Европ, Африк, Азийн орнуудад шинэ он айлчлан ирж буйг угтан ёслолын буудлага хийжээ.
Хятадад коронавирусний халдвартай тэмцэхээр авч хэрэгжүүлж байсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг саяхан цуцалсан тул иргэд олноороо цуглан баяраа тэмдэглэсэн байна. Саяхныг хүртэл тус улсад “ковидыг тэглэх” бодлогыг мөрдөж, хатуу хөл хорио тогтоож байв. Гэсэн хэдий ч “COVID-19”-ийн өвчлөл сүүлийн үед орон даяар нэмэгдэх болоод байгаа бөгөөд олон улс орон Хятадаас ирэх хүмүүст зорчих хөдөлгөөний тодорхой хязгаарлалтуудыг тогтоож, хамгийн сүүлд Австралийн эрх баригчид ийм шийдвэрийг гаргаад байна.
Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь шинэ жилийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ, Хятадад сүүлийн үед нэмэгдэх болоод буй халдварын тархалттай тэмцэхэд тусламж дэмжлэг санал болгож буйгаа илэрхийлжээ. Харин Лондон хотод хатан хаан Элизабетийн дурсгалд зориулсан дроны үзүүлбэр үзүүлсэн бол Эдинбургийн олон мянган оршин суугч сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаагаа “Хогманай” баяраа өргөнөөр тэмдэглэсэн байна. Үүнээс гадна Лондонд “London Eye” алсыг харагчийг Украины далбааны өнгө болох хөх, шар өнгөөр гэрэлтүүлсэн байна.
Харин Украинд шөнө дунд агаарын түгшүүр зарлаж, Киев дахин цохилтод өртсөн талаар холбогдох албаныхан мэдээлжээ. Одоогоор хэн нэгэн хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл алга байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нар шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсний дараа дээрх явдал болжээ.
В.Путин цэргүүдийн өмнө зогсон мэндчилгээ дэвшүүлэхдээ улс орны ирээдүй эрсдэлд ороод байгааг тэмдэглэсэн байна. Өдгөө 70 настай төрийн тэргүүн Украин дахь цэргүүддээ хандан хоёрдугаар сараас хойш гаргасан хүчин чармайлтыг нь сайшаагаад, “түүхэн үнэн” та бүхний талд байна хэмээн хэлжээ.
Харин В.Зеленский Оросын иргэдэд хандан эх хэлээр нь, “Ерөнхийлөгч чинь та бүхний ард нуугдаж, улс орон, ирээдүйг чинь галдан шатааж байна” гэж хэлсэн байна. Мөн Украины цэргүүд “ялалт”-д хүрэх хүртлээ тулалдана гэдгийг ард түмэндээ тангараглажээ. Үүнээс гадна БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээ амласан байна. Тэрбээр мөн шинэ оны эхний өдөр баллистик пуужин туршжээ.= Хорват улс 2023 оны эхний өдрөөс Европын визгүй зорчих бүс болох Шенгений бүс болон еврогийн бүсэд нэгдлээ.
URL: