Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ил захидал бичсэн МАН-ын томчуудыг шүүхэд өгнө
Н.Энхбаяр та МАХН-ын түр штабынхныг өөгшүүлэн дэвэргэж байна. Энэ болчимгүй үйл ажиллагаагаа зогсоо” хэмээн МАН-ынхан ил захидалд бичжээ. Тэрхүү захидалд МАХН-ын үзэл баримтлалыг боловсруулагчдын нэг, намын дарга асан Б.Даш-Ёндонгоос эхлээд хуучин МАХН-ын Төв хорооны даргаар ажиллаж байсан Г.Очирбат, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, шадар сайд М.Энхболд, Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд С.Батболд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Д.Идэвхтэн, БСШУ-ны сайд Е.Отгонбаяр, МАН-ын генсек У.Хүрэлсүх гээд МАН-ын томчууд цөм гарын үсгээ зуржээ. Үүнийг харсан Ц.Шинэбаяр гишүүн “Д.Идэвхтэн хүртэл ил захидалд гарын үсгээ зурахын төлөө хаа байсан Оросоос ирж л байдаг. Ер нь тэр Орост ажлаа хийж суугаа Д.Идэвхтэнд МАХН-ын түг штабынхан ямар гай болсон юм. Орост очиж ажлынх нь гадаа жагсаад амар заяа үзүүлэхгүй байгаа юм уу. Философио бичээд сууж байгаа Б.Даш-Ёндон гуайд түр штаб ямар төвөг удсан юм бэ. Яагаад ингээд байгааг ойлгохгүй байна. Эмчилгээ хийлгэхээр АНУ-д яваа С.Баяр хүртэл гарын үсгээ зурсан байгаа юм. Гарын үсэг зурахын төлөө ирсэн хэрэг уу. Ийм утгагүй улс төр хийж болохгүй шүү дээ” хэмээн үгээ барж суув. МАХН-ын түр штабын үйл ажиллагааг зогсоохыг шаардсанаараа МАН-ын томчууд Үндсэн хуульд заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хаан боогдуулж байна гэж Ц.Шинэбаяр гишүүн үзэж байгаа юм байна. Үндсэн хууль зөрчсөн тэднийг тэрээр шүүхэд өгөхөөр болжээ. Ил захидалд гарын үсэг зурсан хүн болгоныг тус тусад нь шүүхэд өгөх аж. Ганцхан гарын үсэг зурахын төлөө Орос, Америкаас нүд ирмэхийн зуур хүрээд ирдэг бэл бэнчинтэй хүмүүс шүүхэд дуудагдвал хэр хурдан ирэхийг нь харах гэнэ.
Я.Мөнгөнцэцэг
URL: