Монголын говийн нар, салхи Зүүн хойд Азид сэргээгдэх эрчим хүчний шинэ сүлжээ бий болгох ирээдүйтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан Японы сэргээгдэх эрчим хүчний сангийн урилгаар “Сэргээгдэх эрчим хүчний шинэ хандлага” сэдэвт олон улсын бага хуралд оролцохоор өнөөдөр Токиог зорилоо.

Энэхүү бага хурлыг Японд өнгөрсөн жил болсон аймшигт газар хөдлөлт, түүнээс улбаалсан далайн давалгаа /цунами/, цөмийн цахилгаан станцын ослын нэг жилийн босгон дээр зохион байгуулж байгаа нь учиртай ажээ. Япончууд үүгээрээ эрчим хүчний цаашдын шинэ чиг хандлагаа улс орондоо төдийгүй олон улсын хэмжээнд тунхаглах юм байна. Тэр шинэ чиг хандлага нь нар, салхины сэргээгдэх эрчим хүч болой.

Бага хурлаар сэргээгдэх эрчим хүчний бодлого, хэтийн ирээдүйн төлөв, зах зээл, түүний ийн бүтэц зэрэг олон асуудал хэлэлцэх бөгөөд гол илтгэлүүдэд Зүүн хойд Азид Монголын говийн нар, салхины эрчим хүчийг экспортлох асуудал ч орж буй юм байна.

Энэ нь өнөөдөртөө судалгаа төслийн хэмжээнд байгаа ч ирээдүйд биелэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Мэдээж тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Гэхдээ Зүүн хойд Азид  сэргээгдэх эрчим хүчний шинэ сүлжээ байгуулж, түүнд Монголын нар, салхины эрчим хүчийг холбох төслийн талаар ярилцах гэж буй нь олзуурхууштай юм.

Сэргээгдэх эрчим хүчний энэ шинэ хандлага Зүүн хойд Азийн улс орнуудын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх төдийгүй монголчуудын хувьд шинэ бизнесийн эхлэл болох сайхан мэдээ билээ.


URL:

Сэтгэгдэл бичих