“Арсенал” 3:0-ээр хожсон ч, “Милан” дараагийн шатанд үлдэж чадав

Аваргуудын лигийн 1/8 шигшээгийн хариу тоглолтод Английн “Арсенал” талбайдаа Италийн “Милан”-ыг хүлээн авч, 3:0-ээр ялалт байгуулсан ч дараагийн шатанд үлдэж чадсангүй.
Тоглолтын эхэнд булангаас дамжуулсан бөмбөгийг Лоран Косьелни мөргөж, “Их буучид”-д дөрвөн гоолын зөрүүг арилгах итгэл найдварыг өгсөн юм. Үүнээс хэдхэн минутын дараа Томаш Росицки шороон буланд цохиж, тоог 2:0 болголоо. Харин нэгдүгээр үеийн төгсгөлд Окслейд-Чемберленийг торгуулийн талбайд алдаа гарган унагасан тул пенальти заалаа. Пенальтийг Робин Ван Перси оновчтой гүйцэтгэж, нэгдүгээр үед “Их буучид” өрсөлдөгчөө нам дарж чадав.
Гэвч хоёрдугаар үед “Милан” тэнцүүхэн тоглолт үзүүлж, гоол оруулах хэдэн боломжоо алдав. Харин Томаш Росицкигийн цохьсон бөмбөг хачир аван, Аббьятигийн хөлөнд ойсны дараа Робин Ван Перси хаалганаас хоёрхон метрийн зайнаас нэмсэн ч дахиад л “Милан”-ы хаалгач хааж дөнгөв. Энэ гоол орсон бол “Арсенал” нэмэлт үе сунгаж, улмаар хожих боломж ч гарч ирж болохоор байв. Эхний үед гурван гоол оруулж гялалзсан “Арсенал” хоёрдугаар үед илт ядарч, тэднийг талбайд сэлгэж гарах өндөр зэрэглэлийн тоглогч дутмаг байснаар дахин гоол оруулж чадалгүй дуусгалаа.
Хэдийгээр “Арсенал” хүчээ үзүүлж, гурван бөмбөгийн зөрүүгээр хожсон ч Аллегригийн багийнхан нийлбэр дүнгээр хүссэндээ хүрч чадав.
Ийнхүү Аваргуудын лигийн наймд Английн багаас ганц “Челси” л үлдэх найдлагатай хоцорлоо.

Арсенал – Милан –3:0
Гоол: Косьельни 7, 2:0  Росицки 26, ван Перси 42-пен

АРСЕНАЛ: Шесны, Санья, Косьельни, Вермален, Гиббс, А.Сонг, Окслейд-Чемберлен (Шамах 75), Росицки, Уолкотт (Пак Чу Юн 84), ван Перси, Жервиньо.
МИЛАН: Аббьяти, Абате, Силва, Мексес, Эмануэлсон, Ночерино, ван Боммел, Месба (Бонера 90), Эль Шаарави (Аквилани 70), Робиньо, Ибрахимович.
Шар хуудас: ван Боммел (5), Санья (13), Гиббс (15), А.Сонг (57), Ибрагимович (86), Ночерино (87).


URL:

Сэтгэгдэл бичих