“Мобиком”-ын 9911-тэй дугаар авахад гурван өрөө байраа зарах шаардлагатай гэнэ
Монгол Улс анх олимпийн аваргатай болсонд Та, би, бид бүгдээрээ магнай хагартал баярласан даа. Энэхүү баяр хөөртэй давхцаад “Мобиком” корпораци тун чиг зальжин загнаж, үйл ажиллагаагаа айхавтар сурталчлаад авч билээ.Нэг ёсондоо олимпийн аварга Н.Түвшинбаярыг тус корпорацийн хэрэглэгч гэж рекламдах сайхан завшааныг тэд олж харсан. Энэ зорилгоор 9999-9999 дугаарыг олимпийн аваргад бэлэглэж байсныг тодхон санаж байна. Үүнээс хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. “Мобиком”-ын үйлчилгээ олимпийн аваргын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байсан уу, яасан юм бүү мэд. Аварга уг дугаарыг эл хугацаанд бараг л хэрэглээгүй юм даг.
Иргэд байнга л “Мобиком”-ын үйлчилгээ хэрэгцээ хангахгүй байна хэмээн гомдоллодог нь бодит үнэн гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Аварга хүртэл хэрэглэхгүй байхыг бодоход цаанаа нэг учиртай байх. Тэр үед “Мобиком” корпорациас алтан дугаарыг олимпийн аваргад бэлэглэлээ гэж орон даяар зарласан. Бөхөд хайртай олон хүн нулимс мэлмэрүүлэн аваргад баяр хүргэхээр энэ утас уруу залгасан байж таараа. Аваргыг хайрлаж биширдэг зон олон тухайн үед 9999-9999 дугаарт мянгантаа залгаад ч холбоо барьж чадаагүй гэдэг.
Товчхондоо 9999-9999 дугаарт өдийгөөс өнөөдрийг хүртэл хайртай аваргыг нь ард түмэнтэй холбож чадаагүй. Өнөөдөр ч энэ дугаар руу залгахад холбогдох боломжгүй л байсан. Уншигч та бас шалгаад үзээрэй.
“Мобиком” корпорацийнхан гэрээ л бол гэрээ, гарын үсэг зур сан л бол зурсан гэх зарчимтай. Утсаа гээчихсэн, эсвэл ярианы эрх нь хаагдаад гурван сар болсон энгийн иргэний дугаарыг шууд л хурааж орхидог. Гол нь энэ бол хураасан дугаараа зарж ашиг олдог башир арга. “Мобиком” 9911-тэй дугаарын дуудлага худалдаа асуудал их дагуулдаг. Саяхан нэг танил маань ингэж хуучиллаа. Танилын маань дотнын найзын нөхөр “Мобиком”- ын дуудлага худалдаанд оролцож 9911-тэй дугаарыг мөнгө цохиж худалдаж авсан юм байх.
Гэтэл мань хашир гэр бүлийнхээ хүнтэй зөвлөлгүйгээр гурван өрөө байраа зараад 9911-тэй дугаар авчихсан хэрэг манджээ. “Мобиком”-ынхон энэ мэтээр 9911-тэй дугаарыг тэнгэрт хадсан үнээр худалдаалж байгаа юм.
Хэрэв “Мобиком” хэт ашиг хөөж зарсан дугаараа дахин дуудлага худалдаагаар оруулаагүй бол нэг ч гэсэн гэр бүл орон байртайгаа үлдэх байлаа. Дээд шүүх 2010 онд Мобикомын нэхэмжлэлтэй нэгэн хэргийг шийдсэн байна. “Мобиком” корпораци хэрэглэгч Б-гээс 287.044 төгрөг нэхэмжилж шүүхэд өгчээ.
Харин 990829… дугаарын хэрэглэгч Б үүнийг эсэргүүцэн “Гэрээнд төлбөр тооцоотой холбоотой маргааныг хэрхэн зохицуулах талаар нарийн заалт байгаагүй. Төлбөрийн талаар сануулга ирээгүй” гэжээ. Хамгийн гол нь иргэн Б гадаадад ажлаар яваад дугаараа ашиглаагүй байхад нь “Мобиком” иргэнээс 287.044 нэхсэн юм байна.
Тодруулбал, иргэн Б утсаа хэрэглээгүй байхад ийм хэмжээний ярианы эрх гарсан байж. Анхан болон давж заалдах шатны шүүхээс иргэн Б-г 287.044 төгрөг гаргуулах шийдвэр гарчээ.
Харин Дээд шүүх эл хэргийг буруу шийдсэн хэмээн анхан шат уруу буцааж байсныг цахим хуудаснаас олж үзлээ. Дээд шүүх Б-гийн ярьсан дугаарын жагсаалт байхгүй байхад, өөрөөр хэлбэл нотлох баримтгүйгээр 287.044 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн хэргийг анхан шатны шүүх рүү дахин шийдүүлэхээр буцааж байсан юм байна. Энэ баримт нь “Мобиком” ярианы бичлэгийн дэлгэрэнг үй жагсаалтыг гаргаж өгөлг үйгээр иргэнээс мөнгө нэхдэг гэдгийг илтгэж байна.
Д.Мягмаржаргал
URL: