Дархан-Уул: Нэг хүн амиа шархаа даалгүй нас барж, 2 хүн олдохгүй байна

viber_image_2022-12-01_10-07-01-434-77l0b1urchsrr4r7o3afcnx48n55dmyqkzjqu618x8g-810x500Нэмэлт: 13.40 цаг

Нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, 2 хүн олдоогүй хэвээр байна. Дархан-Уул аймагт өнөөдөр өглөө 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан бөгөөд тэднийг байх үед гал гарсан байна. Нэг иргэнийг галаас гаргаад, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан бол нөгөө хоёр иргэн олдохгүй байна. Амьд үлдсэн байх найдвар маш бага гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй тул Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн байна. Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага аж. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байна.

Галын шалтгааныг мэргэжлийн байгууллагаас тодорхой болсны дараа мэдээлэх болно.

Нэмэлт: 11.30 цаг

-Шатахууны түгээх станцад ажиллаж байсан нэг иргэн хүнд гэмтсэн бөгөөд биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээллээ. Тэрбээр аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байна. Мөн хоёр хүн одоогоор одохгүй байгаа гэж ажилчид хэлжээ. Хэргийн газар Дархан-Уул аймгийн цагдаа, түргэн тусламж, онцгой байгууллагынхан ажиллаж байна. Яг одоо цагдаагийн байгууллагаас тус газар хүн оруулахгүй хамгаалалт аваад байгаа аж.


Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д  гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа талаар онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

https://news.mn/r/2608542/


URL: