Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ жил хоёр хүнд буюу АНУ-ын монголч эрдэмтэн доктор, профессор Жэк Уэтерфорд болон Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулах болсон талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа.
АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфорд нь Монголын түүх соёл, Чингис хаан, эзэнт гүрний талаар олон бүтээл туурвисан. Түүний 2004 онд гаргасан “Өнөөгийн эзэнт гүрэн ба Чингис хаан” бүтээл нь “Нью Йорк” таймс сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь хэвлэгдэж, 20 гаруй улс оронд хэвлэгдсэн. Энэхүү бүтээлээр Монгол ба Чингис хааны талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг залруулж, Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, хууль эрх зүй, дипломат халдашгүй байдал, шашны эрх чөлөө сүм хийдээс ангид байх тогтолцоог тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан юм гэдэг үзэл санааг дэвшүүлсэн. Мөн 2010 онд “Монгол хатдын нууц товчоо” номыг зургаан улсын хэлээр орчуулагдаж, олон орны хүртээл болсон юм
Доктор, профессор Д.Доржготов нь Монголын хөрс судлал, байгаль орчны чиглэлээр олон бүтээл туурвисан, нэрт эрдэмтэн, академи, ахмад эрдэмтдийн нэг. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эрдэм шинжилгээний 30 гаруй сэдэв, төслийн хүрээнд Монгол Улсын хөрс байгаль орчин, экологийн чиглэлээр судалгааны ажил хариуцан гүйцэтгэж дотоодын болон эх орны ихэнх нутгийг хамарсан хээрийн экспедиц зохион байгуулж 310 гаруй бүтээлийг дангаар болон хамтран туурвиж, 80 гаруй бүтээл нь орос хэл дээр, 30 орчим бүтээл нь англи, герман хэл дээр орчуулагдаж хэвлэгдсэн нэрт эрдэмтэн. Мөн түүнчлэн хөрсний гарал үүсэл газар зүй, ангилал, үржил шим, чанарын ангилал зэрэгт ихээхэн анхаарч олно арван бүтээл гаргасан. 1970 оноос эхлүүлэн Монгол орны газар зүйн байрлалыг тогтоох, хөрсний ангилал зүй, “Монгол орны хөрс” хэмээх томоохон судалгааны бүтээлийг хэвлүүлж байсан. Хөрсний суурь судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарч, 1975 онд Монгол орны хөрсний маштабын зургийг зохион бүтээж оросын эрдэмтэдтэй хамтарч, 1х3 сая маштабын зургийг шинэчлэн боловсруулсан гээд хөрс судлал, зураг зүйн шинжлэх ухааны онцгой бүтээлүүд нь өнөөдөр та бидний хэрэглээнд ашиглагдаж байна. “Монголын нэвтэрхий толь”, “Монголын байгаль орчны нэвтэрхий толь” гэх бүтээлүүдэд оролцож, Монголын шинжлэх ухааны салбарт төдийгүй газар зураг зүйн салбарт олон гавьяа байгуулсан эрдэмтэн юм.
URL: