Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрд орсон хамаатан 10 давж, хувийн компаниуд нь 50 шахжээ
Ардын намынхан Увс, Ховдын тэргүүтэй хэд хэдэн хууччуулдаа давхар дээл нөмрүүлж, Засагтаа залсны нэг нь Ч.Хүрэлбаатар. Засгийн газарт л байх заяа төөрөгтэй хүн гэж өөрийгөө үнэлдэг гэгддэг тэрбээр зүтгэсээр Эдийн засгийн хөгжлийн яамыг “эзэмших”-ээр болов. Ингэснээр, дөрөв дэх удаагаа сайдын сэнтийд заларч, төрийн сайдаар түүн шиг олон томилогдсон хүн үгүй боллоо. Өөрөөр хэлбэл, тэр өмнө нь, Түлш, эрчим хүчний сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга буюу сайд, Сангийн сайдаар хоёр удаа тус тус ажиллаж байлаа.
Гол асуудал нь, Ч.Хүрэлбаатар ингэж албан тушаал ахиж, төрд тодорч, томрохын хэрээр түүний ах дүү, амраг садан нь аль нэг төрийн байгууллага, агентлаг, газар, хэлтэст албан тушаалд оччихоод байдаг. Тэр томилуулдаг уу, тэгж давхацдаг уу мэдэхгүй. Ямартай ч яам, төрийн байгууллагаар түүний хамаатнууд “холхилдох” нь жил ирэх бүр нэмэгдэж буй. Цаашлаад, төрд 20 жил зүтгэж байгаа Ч.Хүрэлбаатар хувьдаа ганц ч компанигүй гэж мэдүүлдэг атал хамаатан саднууд нь хөрөнгөжиж, хувь хувьдаа хэдэн арван компанитай болсоор байгаа. Уурхай зарах, улсынхаа хамгийн том банкны хувьцаанд шунах хүртлээ “хөрөнгөжсөн” ч гэцгээдэг.
ТӨРИЙН АЛБА РУУ “ЖИМ” ГАРГАСАН Ч.ХҮРЭЛБААТАРЫНХАН
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын улс төрд ургуулж, усалж арчилж буй “ургийн мод”-ыг танилцуулъя. Гэхдээ энд зөвхөн ах дүү, амраг садан, хүргэн, бэр, худ ургийнхныг нь багтаасан буюу Увс дахь туслах, зөвлөх, цүнх баригч, цээжээрээ хамгаалагч нарынх нь томилгоог үлдээснийг хэлэх хэрэгтэй байх.
-Төрсөн Ч.Ганболд нь Монгол Улсаас Тува Улсын Кызыл хотод суух Ерөнхий консулаар томилогдсон. Өмнө нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт мониторингийн газрын даргаар ажиллаж байсан.
-Ч.Ганболдынх нь охин Г.Солонго нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болсны дараа Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн.
-Г.Солонгын нөхөр буюу Ч.Ганболдын хүргэн Э.Даваадалай нь Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн болсон. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн гэдэг бол тухайн аймгийн төрийн байгууллагуудын бүх худалдан авалтыг хариуцдаг чухал албан тушаал.
-Ч.Ганболдын хүү Г.Дэлгэр нь Сангийн яамны харьяа Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төслийн ТИА-ны дарга, менежер болсон.
-Ч.Ганболдын том охин Г.Уянга нь Татварын Ерөнхий газарт, түүний нөхөр Н.Гомбосүрэн нь “Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллаж байсан.
-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын бага ах Ч.Гантулгынх нь охин Г.Энхболор нь Монгол Улсыг төлөөлөх Хонконг дахь дэд консул болсон.
-Ч.Гантулгын охин Г.Энхцацрал нь Сангийн яамны харьяа Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн.
-Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэнгийн төрсөн ах Б.Лхагвасүрэн нь Байгаль орчин хэмжилзүйн төв лабораторийн дарга болсон.
-Б.Лхагвасүрэнгийн эхнэр Ж.Байгалмаа нь Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байх үед тус яамны харьяа “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн гүйцэтгэх захирал болсон. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн ТУЗ болон гүйцэтгэх захирлыг Сангийн сайд шууд томилдог зохицуулалттай. Энэ байгууллага нь төрөөс иргэдэд олгох хувьцаа, ногдол ашиг тараах ажлыг хариуцдаг бөгөөд 1072 хувьцааны ногдол ашиг тараах үеэр Ж.Байгалмаа олон нийтийн эчнээ танил болсон. Ноцтой нь, төсвийн хөрөнгөөр 13 ширхэг компьютер авахдаа албан тушаалаа ашигласан гэгдэж, чөлөөлөгдсөн.
-Б.Бямбаасүрэнгийн төрсөн эгч Б.Даваасүрэнгийн хүү Б.Бат-Ирээдүй нь УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга болсон.
-Б.Бямбаасүрэнгийн төрсөн дүү Б.Пүрэвсүрэнгийн эхнэр Л.Мөнх-Эрдэнэ нь АШУҮИС-ийн НЭМС-ийн Тэнхимийн эрхлэгчээр ажилладаг.
-Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэгийн төрсөн эгч Р.Саранчимэгийн нөхрийг Ц.Онон гэдэг бөгөөд О.Ариунболд гэх хүүтэй. Тэгвэл “Монгол шуудан” ТӨХК-ийн Хөрөнгийн удирдлагын хэлтсийн даргаар Ононгийн Ариунболд гэх залуу томилогдож байв.
-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь Монгол банкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар томилогдон ажиллаж буй.
-“ХООСОН” Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХӨРӨНГӨЛӨГ ХАМААТНУУД БУЮУ АХ, ДҮҮ НАРЫНХ НЬ КОМПАНИУД-
“Хоосон” гэж тодотгосон нь учиртай. АТГ-т тайлагнадаг хөрөнгө, орлогын мэдүүлгээрээ бол УИХ-ын гишүүдээс хамгийн ядуу нь тэр байх. Үнэндээ бол улс төрд 20 жил зүтгэж байгаа тэр хамгийн ядуу нь биш, эсрэгээрээ хамгийн чадуу нь байхаар хүн. Жишээ нь, хамаатнууд нь гэхэд л 50 шахам компани эзэмшиж байна. Тодруулбал,
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь Монголбанкны газар, хэлтсийн дарга нартай хамт “Мөнгө, санхүү, баялаг сэтгүүл” ХМБ-ыг эзэмшдэг. Харин төрсөн хүү Х.Амарбаясгалан нь авга ах Ч.Ганболд, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад зөвлөх нь байсан К.Дэмбэрэл нартай хамт “Бээст грэен” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Саран дэгрээ” ХХК-ийг дангаараа эзэмшдэг. Том ах Ч.Ганболдынх нь охин Г.Солонго нь “Хайр гэрэлтсэн бүсгүйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч. Удаах төрсөн ах Ч.Гансүх нь “Би даблью эй” ХХК, “Бяцхан баясгалан цэцэрлэг” БСБ, -“Гурван тэрмэс трейд” ХХК, “МОНТЭК” ХХК, “Шанага транс” ХХК-иудыг эзэмшдэг. Дараагийн төрсөн ах Ч.Гантулга нь “Би Жи Пит” ХХК, “Вест мобайл ком” ХХК, “Гесбасси” ХХК, “Дунд тэрмэс трейд” ХХК, “Нью орчил” ХХК, “Тохир” ХХК, “Хархираа доктор” ХХК, “Юу би оутлетс” ХХК, “Би даблью эй” ХХК, “Бээстгрэен” ХХК, “Гурван тэрмэс трейд” ХХК, “МОНТЕК” ХХК, “Шанага транс” ХХК-иудад хувь эзэмшдэг болон захирлаар нь ажилладаг.
Ч.Гантулгын эхнэр Б.Бямбаасүрэн нь “ТБМГ” ХХК, “Гүүдстар майнинг” ХХК, “Футур техно” ХХК, “Грийн фейлд” ХХК, “Монтек” ХХК, “Цөмийн технологи зохистой хэрэглээ” ТББ-ыг тус тус эзэмшдэг. Б.Бямбаасүрэнгийн төрсөн дүү Б.Пүрэвсүрэн нь “ПМСУСУ” ХХК-ийн захирлаар ажилладаг бол төрсөн эгч Б.Даваасүрэн нь “Вест мобайл ком” ХХК, “Чандмань дундговь” ХХК, “Амгалан өрхийн эрүүл мэндийн төв”-ийг эзэмшдэг. Төрсөн ах Б.Лхагвасүрэнгийнх нь хүүхдүүд болох Л.Сэмжиддулам нь “Симбол лайн жюллери” ХХК, Л.Буяннаст нь “Вояж трэйвел” ХХК-ийг эзэмшдэг ажээ.
Харин Ч.Хүрэлбаатарын хадмуудын тухайд, хадам эгч Р.Сараннямынх нь нөхөр Л.Мөнхжаргал нь “Бест коде” ХХК, “Родео аруга” ХХК, “Хүнхэрийн хөндий” ХХК, “Эр Юу Эн Эй майнинг” ХХК, “Ай Ар И Ай Эн Ти Эл” ХХК-уудыг эзэмшдэг. Л.Мөнхжаргалын хүү М.Жавхлан нь “Альфа миючуал” ХХК, “Кэм тэк” ХХК, “Эм Си Ти Си” ХХК, “Валью трейд” ХХК, “Стюдент эдьюкейшн эра” ХХК, “Премиум ойл энд энержи” ХХК, “Коммодити транс” ХХК-уудыг эзэмшдэг. Харин М.Жавлангийн эхнэр Т.Энэрэл нь “Скай оушен фанд” ХХК-уудыг, төрсөн дүү М.Жаргалан нь “Нью юни соп” ХХК-ийг эзэмшдэг аж.
Харин хадам ах Р.Ганболд нь “Ган вэнчюрс” ХХК, “Стюдент эдьюкейшн эра” ХХК-уудыг эзэмшдэг. Тэрбээр “Юнител” группийн захирлуудын зөвлөлийн дарга, “Сэнтрал экспрэсс Си Ви Эс” ХХК буюу “СU” сүлжээ дэлгүүрийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажилладаг. Өмнө нь Мэдээлэл, харилцаа холбооны технологийн газарт хэлтсийн дарга, “Скайтел” группийн ерөнхий захирал, “М-Си-Эс” группийн Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бизнес хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Р.Ганболдын эхнэр Д.Алтантуяа нь “Гига системс” ХХК, “КАТКО” ХХК-уудыг эзэмшдэг. Төрсөн хүү Г.Барс нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн “ДДЭШТВ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Юнител” группийн охин компани болох “Номадиа пикчерс продюсинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. Мөн “Монголын оюуны өмч хамгаалах холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал.
Эцэст нь, Монголын төр, тэр тусмаа эрх баригч Ардын нам тоо бодох чадвартай, төсөв санхүүгийн мэдлэгтэй, төрийн сайдын шалгуурт тэнцэх боловсон хүчингүй болчихсон бололтой. Хэрвээ тийм биш бол, энэ мэт элгэн саднаа төрд оруулж “тордогч”, хамаатнуудынх нь компаниуд нэмэгдсээр атал хувьдаа юу ч үгүй, хоосон мэт “жүжиглэгч”, цаашлаад Хаанбанк тэргүүтэй хэд хэдэн хэргээр АТГ-т “данслагдсан” Ч.Хүрэлбаатарт төрийн сайдын сэнтий өгөхгүй л байсан байлгүй.
Эх сурвалж: Ergelt.mn
URL: