Б.Эрдэнэбатын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ

a1e3188eee8dfc9d7c35eb99a6aad0b0-580x365“Эрэл” ХХК-ийн Б.Эрдэнэбат нь бусдаас 20 тэрбум төгрөг залилсан хэрэгт түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа “Нийслэлийн прокурор Ц.Ариунболд, орлогч прокурор А.Энхжаргал нартай хамааралтай болохоор энэ хэрэг хэрэгсэхгүй болж байгаа” гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагаас тодрууллаа.

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэрэг одоо яг ямар шатанд явж байгаа вэ?
“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дуусган, мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн. Хяналтын прокурор хэргийг хянаж байна. Өмнө нь хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт ирүүлж байсан. Прокурор хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзээд, прокурорын даалгавар бичиж буцаасан.
Мөрдөх байгууллагаас прокурорын даалгаварт заагдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгээд дахин хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт ирүүлсэн, прокурор хэргийг хянаж байна.
Ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байгаа юм бэ? Өмнө нь шүүхээс гэм буруутай гэж тогтоосон шүү дээ.
Урьд нь хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлээд, анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарч байсан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн. Харин хэргийн оролцогч нараас энэ шийдвэрийг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөх байгууллагаас шүүхийн тогтоолд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгээд, мөрдөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт ирүүлсэн.
Хэрэгт прокурор хяналтаа тавьж байна, прокурор хараат бусаар шийдвэрээ гаргана.
Өмгөөлөгч н.Цэцэгмаа өмнө нь Нийслэлийн прокурорт хэлтсийн даргаар ажиллаж байсан. Мөн прокурор Ц.Ариунболд, Н.Энхжаргал нартай найзууд, ангийн хүүхдүүд гэх мэдээлэл бий. Ашиг сонирхлын зөрчил үүсэх үү?
Хэргийн оролцогч өмгөөлөгч авах, ямар хүнийг өмгөөлөгчөөрөө сонгон авах вэ гэдэг нь тухайн хүний эрхийн асуудал. Өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй. Яагаад энэ хүнийг сонгох болсон бэ гэдгийг хууль хяналтын байгууллага мэдэхгүй. Өмгөөлөгч н.Цэцэгмаагийн хувьд прокуророор ажиллаж байгаад гарсан. Үүний дараагаар өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Тухайн үед үйлчилж байсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар прокуророор ажиллаж байсан хүн ажлаасаа гараад шууд өмгөөлөгч болох боломжтой байсан. Одоо бол хуульд өөрчлөлт орж, тодорхой хугацааны дараа өмгөөлөгч хийдэг болсон.
АТГ-т Нийслэлийн прокурорын газрын 4 прокурор шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Магадгүй “Эрэл” ХХК-ийн Б.Эрдэнэбаттай холбоотой юм бол уу гэж харж байгаа, үүнд мэдээлэл өгөөч?
Одоогоор Авлигатай тэмцэх газарт 4 прокурор шалгагдаж байгаа асуудал байхгүй. Харин хэргийн оролцогчоос “Эрэл” ХХК-ийн Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байна, прокурор нь авлига авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Гомдлыг Авлигатай тэмцэх газраас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай ирүүлсэн, прокурор материалыг хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэр гарсан.
Хэрэв оролцогч шийдвэрийг зөвшөөрөхгүй бол дээд шатны прокурорт гомдлоо гаргах эрхтэй.
https://www.sonin.mn/news/crime/133208

URL: