Луйвар дагасан эдийн засгийн доройтол
Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийг хэд дахин нугалсантай тэнцэх нүүрсний хулгайн талаар УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд анх 2018 онд олон нийтэд дэлгэж байсан. Саяхан УИХ, Засгийн газрын гишүүд энэ тухай дэлгэж, хулгай луйвар, авлигатай хэрхэвч эвлэрч болохгүйг сануулж байв. Тэгвэл энэ хэрэг хэрхэн өрнөсөн, хаана очоод гацсан, шийдэгдсэн эсэх талаар гишүүн асан Л.Энхболдтой ярилцлаа.
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан гэх мэдэгдлийг та УИХ-ын гишүүн байхдаа олон нийтэд дэлгэж байсан. Энэ хэргийг тойрсон шинэ мэдээлэл юу байна вэ. Саяхан УИХ гишүүн Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Энхбаяр нар их хэмжээний нүүрс хил гаалиар мэдүүлэггүй гарсан гэж ярьж байсан. Энэ асуудал таны ярьж байсантай холбоотой юу?
-Мэдээж хамаатай. Том зургаар нь харвал Монголд уул уурхай тойрсон асуудал, бүтээгдэхүүн экспорттой холбоотой луйвар, банкууд болоод төрийн өмчийн компаниудыг үнэгүйдүүлж дампууруулж луйварддаг бүлэглэл гэсэн эдийн засгийн томоохон хулгай луйврын схем өнөөдрийг хүртэл ноёрхож ирсэн нь нууцлаад байх нууц зүйл биш болжээ.
Өөрөөр хэлбэл, нарийн зохион байгуулалтад орсон мафи гэж ойлгож болно. Луйврын бүлэглэлийн толгойнууд нь нөгөө Монголыг удирдаад байдаг 30 гэр бүлийн нөхөд ч байж болзошгүй. Экспорттой холбоотой сүүлийн 10 жилийн мэдээг сонирхоод үзэхээр газрын тос гурван сая гаруй, төмрийн хүдэр дөрвөн сая гаруй, нүүрс зургаан сая гаруй тонноор Монголын гаалийн бүртгэлээс Хятадын гаалийн бүртгэлд илүү бүртгэгдсэн мэдээ бий.
Тодруулбал, Монголын талаас экспортолсон тонн жингээс Хятадын талд илүү импортлогдсон байна гэсэн үг. Ингээд бодохоор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дээр хэчнээн их наяд төгрөг алдаж байгаа нь тодорхой байгаа биз. Ийм том луйврыг зогсоож чадахгүй бол Монголын эдийн засаг сэргэхэд маш их хугацаа орно. Хууль хяналтынхан гааль болон экспорттой холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудыг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Бүртгэлгүй гаргасан нүүрсний эх сурвалжийг олж тогтоох, чухам аль уурхайгаас алдагдсан бэ гэдгийг нарийн судалж, олж илрүүлэх нь маш чухал. Ингэсэн цагт нүүрсний хулгайн асуудал нэг талдаа гарна.
-Тэгэхээр таны яриад байсан асуудал одоо болтол шийдэгдээгүй гэсэн үг үү?
-Товчхондоо хууль хяналтынхан хуйвалдсан шийдвэр гаргасан. Нүүрс хулгайлагдсан нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан. Ингэснээр нүүрсний хулгайд сэжиглэгдэж байсан нөхөд төрд шургалчихсан амиа хаацайлж явна. Үүссэн асуудлыг хэрхэвч ингээд орхиж болохгүй. Нийтийн эрх ашиг, улс орны эдийн засгийн үр өгөөж гэдэг талаас нь харах зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын Засгийн газар хүн бүрт хамаатай энэ том асуудлыг шударгаар шийдүүлэхэд нөлөөлөх болов уу гэсэн өндөр хүлээлттэй байгаагаа нуугаад яахав. Учир нь нэгэн үе мөр зэрэгцэн шударга нийгмийг бий болгоно гээд зүтгэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт итгэж найдаж байгаагаа энд дурдах нь зүйтэй.
-Таныг Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Ерөнхий сайдын ямар асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна вэ?
-Тийм зүйл байхгүй. Таны адил сайтуудаас өөрийгөө Ерөнхий сайдын зөвлөх юм байна гээд л хараад сууж байна.
-Сүүлд “Эрдэнэс Монгол” ХХК-д дэд захирлаар ажиллаж байсан. Хэвээрээ байгаа юу?
-Би уул уурхайн компаниудын менежментийг хийдэг “Эрдэнэс Монгол” ХХК-д нэг жил дэд захирлаар ажилласан. Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Төрийн өмчит компани дэд захиралтай байхыг хориглосны дагуу ажлаа хүлээлгэж өгсөн.
-Төрийн өмчийн компаниуд тойрсон олон шүүмж, тэр дундаа ашиггүй ажилладаг, авлига газар авсан гэсэн асуудал яригддаг. Нэг жил гэдэг бол багагүй хугацаа. Таныг ажиллах хугацаанд нөхцөл байдал ямар байв?
-Монголын төр тогтвортой байх нь Монголын эдийн засаг тэлэх боломж гэдгийг олж харсан. Төр тогтвортой, мэргэшсэн боловсон хүчинтэй байхын тулд төрийн яамд хууль зөрчиж аж ахуйн ажил хийхээ болих хэрэгтэй. Төр бодлого, шийдвэр гаргагч болохоос аж ахуйн ажил хийх ёсгүй. Төр аж ахуйн ажил хийдэг учраас хувийн хэвшлийнхэн бизнес хийх хүрээгээ тэлж чадахгүй байгаа юм. Яагаад гэвэл хувийн хэвшил бодлого боловсруулдаг, хянадаг, шалгадаг, сургадаг, зөвшөөрөл өгдөг яамдтай яаж бизнесээрээ өрсөлдөх юм. Хамгийн сүүлд сонссон мэдээгээр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай бие даасан хууль батлахаар хэлэлцээд явж байгаа юм билээ. Магадгүй энэ хуульд яамдууд бизнес хийдэг байдлыг хориглож өгөх байх гэж найдаж байгаа. Хуулийн төслийг хараахан олж хараагүй л явна.
-Төр тогтвортой байхтай яамдын бизнес ямар холбоотой гэж?
-Яг энэ асуудлыг одоо яръя. Өнөөдөр яамд бизнес хийж байна. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нүүрс, газрын тос. Зам тээврийн хөгжлийн яам нь төмөр зам, агаарын зам. Сангийн яам банкны бизнес гээд дурдаад байвал бүх яам ямар нэг хэлбэрээр аж ахуйн ажил хийдэг. Тиймээс улстөрчид, УИХ-ын гишүүд хэсэг бүлгээрээ нийлж аль нэг яам, агентлагийг авах лобби хийж Ерөнхий сайдаа огцруулах хэмжээнд асуудал ярьж шантаажилдаг. Үүнээс болж Засгийн газар тогтворгүй, байнга огцрох асуудал гардаг. Иймээс төрийн бодлогын залгамж чанар алдагдаж Монгол Улсын хөгжлийг хойш татахад гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл гэж хувь хүний зүгээс дүгнэдэг. Үүнийг засах нэг арга зам нь төр яаралтай яамдыг аж ахуйн ажлаас салгах. Ингэж чадвал хэн нэгэн улстөрчийн цүнх баригчаар яамдыг дүүргэх бус жинхэнэ сэтгэлтэй, мэргэжлийн боловсон хүчин бүрэлдэх боломжтой. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэл бодитоор бий болж, аль алиных нь бизнес өргөжиж Монгол Улсын эдийн засаг маш хурдтай, бодитой тэлэх юм байна гэж ойлгосон.
Хэрвээ төр аж ахуйн ажлаасаа салж чадахгүй бол авлигал, төрийн өмчийг шамшигдуулдаг байдал хэзээ ч арилахгүй. Хатуухан хэлэхэд одоогийн төрийн өмчийн компаниуд, удирдлагууд нөгөө улстөрчдийн бүлэглэлээс томилогддог учраас тэднийхээ төлөө ажилладаг болохоос ард иргэд, компанийн ирээдүйн төлөө сэтгэл гаргаж ажилладаггүй.
Бизнесийг амжилттай явуулахын тулд цаг хугацаатай уралдаж шийдвэр гаргах шаардлага үүсдэг. Гэтэл төр нь аж ахуйн үйл ажиллагаанд хэтэрхий оролцдогоос улбаалж аливаа үйл ажиллагаанд чөдөр тушаа болсоор ирсэн. Тэр тусмаа бизнесийн ямар ч ойлголтгүй төрийн захиргааны албан хаагчид төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлд /ТУЗ/ тухалдаг. Тэд бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн бие даасан шийдвэр гаргах гэхээс илүүтэй шантаажлах дарамтлахыг урьтал болгодог нь үнэн шүү дээ. Зардлын араас гүйдэг болохоос ашгийн төлөө хэзээ ч гүйхгүй юм байна гэдгийг олж харсан. Төр бизнесийн ойлголттой хүмүүсийг сонгон шалгаруулж төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг бүрдүүлдэг тогтолцоонд шилжих шаардлагатай байна.
-Иргэд, олон нийт ашиггүй, зардал өндөр төрийн өмчит компаниудыг шүүмжилж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн нэг хэсэг үүнд хамаатай болохыг Сангийн сайд хэлсэн. Зардлын араас гүйдэг гэх тайлбараа жаахан тодруулахгүй юу?
-Зардлын араас гүйнэ гэдэг нь төрийн өмчийн компани дээр аль болох их тендер зарлах. Эсвэл олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, охин хараат компани байгуулах зэргээр зардлаа л өсгөөд байдаг. Ингэснээр хэнд ашигтай гэхээр удирдлагад нь ашигтай. Компани хэзээ ч хөгжихгүй. Харин хувийн хэвшил бол ашиг олж компаниа хөгжүүлэхийн төлөө гүйдэг учир зардлыг их хэмнэдэг. Үүгээрээ ялгаатай. Миний бие жил гаруйн хугацаанд ажиллахдаа төрийн өмчийн компанийн шинэчлэлийг хэрхэн хийх, төрийг хэрхэн яаж бизнесээс салгах. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг яаж сайжруулах, төрийг тогтвортой байлгах талаар засаг төрийн нөхдөд нэлээдгүй хэлж, ярилцаж байсан удаатай. Хэрхэн хэрэгжүүлж болохыг битүүхэн харж л сууна. Товчхондоо бол төрийн өмчийн компанийн төрийн мэдлийн хувийг багасгаж, нийтийн өмчид хувьцаа хэлбэрээр шилжүүлж, хараа хяналтыг нийтийн болгож чадвал маш хурдан хөгжинө.
-Та улс төрд эргэн ирэх үү. 2024 оны сонгуульд нэр дэвших бодол бий юу?
-Миний хувьд улс төрөөс гарч ч, орж ч чадах сэтгэл зүйтэй хүн гэж өөрийгөө дүгнэдэг. Улс төрд эргэн ирэх асуудал ганц надаас хамаарахгүй. Мэдээж эхний ээлжинд сонгогч түмнийхээ дунд байгаа нэр хүндийн асуудал, дараагийнх нь намын бүтцийн байгууллага хэрхэн шийдвэр гаргах гээд олон зүйлийг харгалзан тооцох ёстой. 2016-2020 оны парламентад гишүүнээр ажиллахдаа итгэл, хариуцлага үзүүлсэн түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Хөрөнгө оруулалтын хувьд дөрвөн жилийн хугацаанд зөвхөн тойрогтоо гэхэд 330 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлж бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн байдаг. Сум руу ийм их хөрөнгө төвлөрүүлж бүтээн байгуулалт яагаад хийсэн юм бэ гэж хүмүүс шүүмжилдэг. Учир нь Өмнөговь аймаг улсын стратегийн гол бүс нутгийн хувьд сумдын нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг дэмжсэн хөрөнгө оруулалт хамгийн чухал, хийх ч ёстой ажил гэж харсан юм. Үүний нөлөөгөөр төвлөрөл багасаж, хөдөө орон нутаг хөгжиж, стратегийн ач холбогдол бүхий бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжинэ. Тойргийнхоо гурван сумыг бараг шинэ сум болгож, хөдөөд хөгжлийг авчирахын төлөө зорьж ажилласан. Олон ч хуулийн төсөл дээр ажиллалаа. Эдийн засгийн томоохон луйврыг зогсоохыг хичээсэн. Түүнийхээ төлөө хилсээр гэмт хэрэгтэн болох дөхсөн гээд завгүй дөрвөн жил өнгөрсөн байна. Одоогийн сонгогдсон хоёр гишүүн миний өнгөрсөн дөрвөн жил ажилласнаас илүү сайн ажиллаад байвал би улс төрд эргэж орохгүй. Харин нөхөд, түмнийхээ итгэлийг алдаж, тэд муу ажиллаад байвал хувь хүн талаасаа бодож үзнэ.
-Сая та хилс хэрэгт холбогдсон гэлээ. ЖДҮ-ийн хэргийг хэлж байна уу. Яагаад хилс хэрэг гэж хэлэв, бодит хэрэг биш юм уу. Тухайн үед таны халдашгүй байдал хэргийг шалгахад саад болоод байна, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгана гэх мэдээлэл яваад байсан. Ер нь энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн юм бэ?
-Цаг хугацаа үнэнийг харуулж, бодитоор шийдэгдэж, үнэн ялсан. 2022 оны хоёрдугаар сарын 21-нд Нийслэлийн прокурорын тогтоол гарч хэрэг хэрэгсэхгүй болсон. Яагаад би хилс хэрэг гэж тайлбарласан бэ гэвэл Монголын эдийн засгийн луйварчидтай багагүй тэмцсэн. Жишээлбэл, Эрдэнэтийн 49, 51 хувийн луйвар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 49 хувийг Хятадын компанид 400-хан сая ам.доллараар зарах гэсэн асуудал. Нүүрсний хулгайн асуудал гээд 10 гаруй том луйврыг энд дурдаж болно. Энэ хүрээнд ажлын хэсэгт орж ажиллах, Засгийн газарт асуулга тавих зэргээр нэлээдгүй тэмцэж дуу хоолойгоо хүргэсэн. Үр дүнд нь луйварчдын зохиомол хэрэгт унасан нь энэ. Хамгийн шившигтэй нь намайг яллах гээд зүтгэж байсан прокурорын томоохон албан тушаалтны төрсөн дүү нүүрсний хулгайд гардан оролцсон байдаг. Үүний баримт ч бий. Тиймээс томоохон луйвар хийдэг нөхдийн даалгавраар хууль хяналтын нөхөд ЖДҮ гэх хэргийг тохохыг оролдсон нь энэ. Энэ хэргийг шалгах нэрийдлээр ямар нэг будлиантай юм олох гэж 2004 оноос хойш хийж байсан бүх бизнесийн үйл ажиллагааг маань шалгаад цэвэр гэдгийг баталж өгсөнд миний хувьд бага ч гэсэн талархалтай байна.
С.Саруул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: