Олон улсын кино наадамд уригдсан Монгол “ТРИО”
Т.САЙХАН
Монгол уран бүтээлчдийн хийсэн “Трио” кино 2022 оны аравдугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын кино наадамд уригджээ. Дэлхийн А зэрэглэлд тооцогддог Варшавын кино наадмын чансаа нь Канн, Венец, Берлин, Локарно, Сан Себастиан, Карлови Вари, Токио, Москва, Монтреал, Гоа, Таллин, Шанхайтай зэрэгцдэг төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор тооцогддог аж.
“ТРИО” кино нь Варшавын олон улсын кино наадамд танилцуулагдахаар сонгогдсон Монголын хамгийн анхны уран бүтээл болж буй. Түүнчлэн уг киноны найруулагч Д.Баттөмөрийг Варшавын олон улсын кино наадам албан ёсоор урьсан байна. “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгөх зорилготой энэхүү уран бүтээл нь даун синдромоор дамжуулан монгол, монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах, Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах зорилготой аж. Мөн дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалж дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоох, таниулах зорилтот уран бүтээл юм.
Эх сурвалж:www.polit.mn
URL: