Улсын төсвөөр тансагладаг “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч дарга Ц.Бат-Энхэд хариуцлага тооцож чадах болов уу

940bd7a289e0ee5065d9cf729c4ab66fУлс даяар хэмнэлтийн горимд шилжиж, дарга нар Улаанбаатар хотод том оврын автомашин унах эрхгүй болсон. Гэтэл зарим сайд, дарга онгоцоор томилолт хэсэхдээ хэд хэдэн суудал захиалдаг болох нь “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энхийн үйлдлээр ил боллоо. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энх саяхан Турк руу нисэхдээ “Бизнес ангиллын хоёр суудал авч, унтаад явна” гэсээр төсвийн мөнгөөр хоёр суудал захиалж, тансагласан болохыг эх сурвалжууд онцолж байгаа юм.

    Дээрх жишээнээс харахад, дарга нарын тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энхийн чихэнд Ерөнхий сайдын “Төр засаг хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалсан. Хотын төвөөр дарга нар төрийн том автомашин унахгүй” зэрэг үг сонсогдоогүй бололтой. Дарга нарын тархинд улсын мөнгө, төсвийг хэмнэх тухай ойлголт байдаггүй, яаж хэмнэхээ ч мэдэхгүй туйлдаг гэдгийг Ц.Бат-Энх дээрх үйлдлээрээ нотоллоо. Тэрбээр, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч даргаар хэд хэдэн удаа томилогдож байсан түүхтэй. Тухайлбал, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ажилтнаа шанаадаж огцроод “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч дарга болсон. Дараа нь цар тахлын үед Сөүлээс ирэхдээ “Би МАН-ын дарга. Хөл хорио надад үйлчлэхгүй” таахалзаж байгаад МАН-ын нарийн бичгийн даргаас огцорч, “Эрдэнэт”-д орлогч захирлаар очсон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг ажлаас нь чөлөөлж оронд нь Ц.Бат-Энхийг томилсон байдаг.

     Тэрбээр 2009-2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа найр наадам, ой зохион байгуулах комисс толгойлж, “Шоу менежер” цолтой болсон гэдэг. Мөн “Хадгаламж” банкны 14 тэрбумаар казинодсон, “Ц.Чимэдсүрэн тэргүүтэй хүмүүст казиногийн А үсэг заасан” гэх нэр зүүснээс өөр улс, эх оронд хэрэгтэй гавьяа байгуулахаар ажил хийгээгүй гэгддэг. Мөн тэрбээр энэ удаад мөн л сайн нэр зүүхгүй шинжтэй. Онгоцоор гадаад руу явахдаа суудал шилж, хоёр, гурваар нь захиалдгаас эхлээд улсын мөнгийг тав тухаа хангахад зарцуулаад сурчихсан гэдэг нь тодорхой. Улсын эдийн засаг амаргүй байгаа энэ үед арга ядахдаа улсын төсөвт хэд хэдэн удаа тодотгол хийж, Ерөнхий сайд нь орлогч дарга нарыг цөөлж, хэмнэлтийн горимд шилжүүлэх гэж ядаж байхад “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Ц.Бат-Энх төсвийн мөнгөөр эрхэлж байхад ямар  хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа.

ЦОГТЫН БАТ-ЭНХ ГЭЖ ХЭН БЭ

     Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг 2004-2008 онд УИХ-ын гишүүн байхдаа үнэг хөөж байгаад онгоц унагасан “Симба” Батаагийн бага дүү гэдгээр нь хүмүүс анддаггүй. Тэрбээр 2012-2014 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бээжин дэх төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон. 2015 онд Барилга хот байгуулалтын яамны сайдын зөвлөх, 2016-2020 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар, 2021 оны наймдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилогдсон юм.

https://ergelt.mn/news/21/single/21736


URL: