ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН
Жон Перкинсийн бичсэн “Эдийн засгийн алуурчны өчил” ном, Эдийн засгийн алуурчдын талаарх асуудал өнөөдөр хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна. Энэ талаар миний 2007 онд бичиж байсан “Эдийн засгийн алуурчин” нийтлэлийг уншигч танд дахин хүргэж байна.
Салдангийн ОДОНТУЯА
Гурван жилийн өмнө, Жон Перкинсийн туулж өнгөрүүлсэн намтраасаа сэдэвлэсэн, “Эдийн засгийн алуурчны өчил” ном хэвлэгдсэн даруйдаа дэлхий даяар олныг цочоож, тэр жилдээ “Нью-Йорк Таймс”-ийн хамгийн их борлуулалттай номоор шалгарч, даруй 30-аад орны хэлнээ орчуулагдсан юм. Эдийн засгийн алуурчид (ЭзА) гэдэг нь дэлхийн улс орнуудаас триллионоор нь доллар суйлдаг өндөр цалинтай эдийн засгийн зөвлөх, мэргэжилтнүүд юм. “Тусламж” үзүүлдэг икс-орнууд /томоохон хөрөнгө оруулагч орнуудыг томьёолов/ гадаадын томоохон санхүүгийн болон Олон улсын байгууллагуудаас тусгаар орнуудад өгсөн мөнгийг том корпорацуудын данс ба дэлхийн байгалийн нөөцийг хянаж байгаа хэдхэн гэр бүлийн халаасанд оруулдаг байна.
“ЭзА” нь санхүүгийн тооцоонд манипуляци засвар хийх, сонгуулийн үр дүнг урьдчилж зохицуулах, авилгал, айлган сүрдүүлэг, аллагыг хэрэглэдэг. Би юу ярьж байгаагаа мэдэж байна. Учир нь би өөрөө ЭзА байсан юм” гэж Ж.Перкинс бичжээ. Мөн тэрээр Индонези, Панам, Экватор, Колумб, Саудын Араб, Иран зэрэг олон улсад том хэмжээний “эдийн засгийн” тусгай ажиллагаануудыг зохион байгуулдаг байсан тухайгаа маш дэлгэрэнгүй бичсэн байна.
Эдийн засгийн зөвлөмжийн нөгөө тал
ЭзА-ны үүрэг нь тусгаар улсуудад өндөр үнэтэй эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөмж жорын дагуу эдийн засгаа шинэчлэх, орчин үеийн зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж дэвшилтэт технологи нэвтрүүлэх, эдийн засаг-нийгмийн багц реформ явуулахыг итгүүлэх явдал. Хэргийн гол нь эдгээр асар том төслийг хэрэгжүүлэхийн тулд гаднаас зайлшгүй их хэмжээтэй зээл авах ёстой. Тэдгээр зээлийн үндсэн нөхцөл нь икс-орнуудын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулах явдал юм. Ингэснээр эдийн засгийн хоцрогдолтой хийх тэмцлээр халхавчлан икс-орнуудын ашиг сонирхлыг хамгаалахын хамт тухайн улсыг өнөөдрийн нэг туйлт ертөнц дээрх хамгийн том эзэнт гүрнээс хараат болгодог.
ЭзА нь тухайн улсын лидерүүдийг икс-орнуудын худалдааны сонирхлын сүлжээний нэг хэсэг болгож, тэднийг үнэнч байлгадаг улс төр-эдийн засгийн урхи бэлтгэж, өрийн хавханд оруулна. Дэд бүтцийн хөгжилд зээл өгнө. Ард түмэнд нь хурдны зам, технопарк, цахилгаан станц, онгоцны буудал барьж өгснөөр тэдгээр лидерүүдийн улс төрийн байр суурь бэхэждэг.
Зээлийн хөрөнгөөр тухайн улсад бүтээн байгуулсан икс-орнуудын инженер, барилгын компаниудын эзэд үлгэрийн мэт баяждаг. Үнэндээ санхүүжүүлж буй мөнгөний ихэнх нь хилээс гаралгүй икс-орнуудын барилгын компанийн дансанд нь ордог. Хэдий мөнгө тэр дороо л буцаад корпорацын дансанд орж байгаа ч зээл авсан улс орон зээлээ буцааж хүүнийх нь хамт төлөх хэрэгтэй болдог. Хэрэв ЭзА сайн ажилласан бол зээл нь эргэж төлөхийн аргагүй их болж, зээл авсан улс олон жилийн турш өрөнд унадаг байна.
Хамгийн гол нь улс төр, эдийн засгийн болон цэргийн хэрэг гарсан үед тухайн улсын лидерүүдийг ашиглах боломжтой болдог. Мөн тухайн улсаас НҮБ-д тэдний хүссэнээр санал өгөх, цэргийн баазыг нь байрлуулах, нефть шатдаг хий зэрэг байгалийн баялгаа ашиглуулах зэргийг шаарддаг.
Хэрэв эдийн засгийн алуурчин (ЭзА) үүргээ гүйцэтгэж чадаагүй бол тэдний оронд “цөөврүүд” сүүдрээсээ ил гарч ажиллаж эхэлнэ. Төрийн эргэлт гарч, эсвэл лидерүүд гэнэтхэн автомашины ослоор золгүй амь үрэгдэнэ. Хэрэв “цөөврүүд” гэрийн даалгавраа биелүүлж чадаагүй нөхцөлд цэргийнхнийг тийш нь илгээдэг.
ЭзА нь өөрийн улс, Засгийн газартайгаа ямар нэг шууд холбоогүй хамааралгүй байхаар хөндлөнгийн харагдах гарц олжээ. 1960-аад оноос Олон Улсын томоохон байгууллагууд бий болж, үндэстэн дамнасан олон улсын том корпорацуудад чадварлаг ЭзА-ыг оруулах болжээ. Хэрвээ тэднийг баривал тэдний бохир ажил нь Засгийн газартай хамаагүй компаниудын хомхой шуналтай холбоотой хэрэг болох юм.
Энэ бүхнийг нуршихын учир нь гадаадын эдийн засгийн зөвлөхүүдийн гоё төсөл, сайхан үгэнд тэр болгон итгэх хэрэггүй, хожим нь манай улсын тусгаар тогтнолд үзүүлэх нөлөөлөл, бидний амьдралд буух үр дүнг тооцох чухал гэдгийг ойлгуулах гэсэн юм. Хятадын хөнгөлөлттэй зээлээр Эгийн гол дээр усан цахилгаан станц барих уу, Оросын хөнгөлөлттэй зээлээр хос цахилгаан төмөр замтай болох уу, Япон зөвлөхийн санал болгож байгаа зээлээр Өмнөговьд дулааны цахилгаан станц барих уу? АХБ, ОУВС, Дэлхийн банкны зөвлөгөөг дагаснаар макро эдийн засгийн үзүүлэлт сайжирсан ч хүмүүсийн амьдрал тэр хэмжээгээр сайжрах уу? гэх зэрэг олон асуултын хариуг нухацтай бодох нь зөв биз ээ.
Их гүрнүүдийн араншин адилхан
Далайгаас хоёр мянган км алс хол орших Улаанбаатар хотод халим үзсэн хүн нэг ч үгүй хэрнээ Монгол улс Халим агнуурын клубийн гишүүн орон. Учир нь япончууд халимын маханд дуртай. Харин бид хамгийн том донор болох Япон улсад улстөр-эдийн засгийн өртэй. Бид Япончуудыг халим агнахыг дэмжиж санал өгдөг юм байна. НҮБ-д бид Японы төлөө санал өгдөг.
Харин Япон улс АНУ-д өртэй байсан учраас тэдний шахалтаар картын бараатай тэр хүнд жилүүдэд бидэнд тусалсан. АНУ-ын хувьд Монгол улс Зүүн Ази дахь ардчиллын анхны үлгэрчилсэн загвар орон болох. Тэгэхээр бид АНУ-д давхар өртэй ажээ. Мянганы Сорилын сангийн төслүүд удаан дуншсан ч хэрэгжих болсонд бид баяртай байна. Учир нь АНУ-тай “хөрш” гэдгээ жинхэнэ хөршүүддээ харуулахыг хичээж байна. Тиймдээ ч дайн болж байгаа Иракт АНУ-г дэмжиж монгол залуусыг илгээдэг.
“Оюутолгой” төсөл одоо хүртэл хэрэгжээгүй л байна. Учир нь бид Канадуудад өргүй.
Бид хэн нэгний бууны овоо хараанд нь орж гараад байгаагаа мэдэрч байгаа атлаа харин анчин хэн болох, бид өөрсдийгөө ямаршуу хэмжээний ямар ан бэ гэдгээ ч сайн мэдэхгүй байна.
Байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөн
Монголын баялгийн төлөө том корпорацуудын хооронд өрсөлдөөн ид ширүүсч байна. Дэлхийн зах зээлд нөөц баялгийн үнэ нэмэгдсэнээр урьд нь сэтгүүлийн хуудаснаас нэрийг нь хардаг байсан тэр том корпорацуудын эдийн засгийн зөвлөхүүд үнэтэй сигар баагиулан Энхтайваны гудамжаар хөлхөх болжээ. Сонсоод толгой эргэм өндөр цалинтай эдгээр нүүдэлчин мэргэжилтнүүдийн үнэн санаа юу л бол.
Их гүрнүүд өөрийн нөлөөг тэлэхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Үүний эргэлтийн цэг нь 1951 онд Иранд ардчилсан сонгуулиар ялсан Ерөнхий сайд Мухаммед Моссадыкийг Британийн нефтийн компаниудыг шахан гаргасны төлөө түүний эсрэг Теодер Рузвельтийн ач хүү Кермитийг илгээж түлхэн унагасан хэрэг болсон. К.Рузвельт авилгал заналхийлэл хослуулан үүргээ гайхалтай биелүүлж, иргэний хөдөлгөөн зохион байгуулж, гудамжны эмх замбараагүй байдал өдөөж, жагсаал цуглаан зохион байгуулж, хөндлөнгөөс харахад Моссадык тохирох лидер биш гэсэн сэтгэгдэл төрүүлж чадсан юм. Моссадыкийн оронд шах Мухаммед Реза диктатор болсон. К.Рузвельт ийнхүү шинэ технологийн эхийг тавьсан юм.
Дүгнэлт
Ихэнх улс орныг харахад эдийн засгийн үлээсэн өсөлт хүн амын багахан хэсэгт ашиг авчирч, олонхын байдлыг улам хүндрүүлж байна. Манай нийгэмд жирийн иргэдийн амьдрал ахуйд ахиц дэвшил гарахгүй байна.
Асуудлыг ойлгох нь түүнийг шийдэх анхны алхам юм. Бидэнд эхлэх цэг хэрэгтэй байна.
Монголд төрөл бүрийн салбарт гадаадын олон мянган төслүүд “цаасан” дээр хийгдсэн боловч амьдралд хэрэгжиж, иргэдэд үр өгөөжөө өгсөн нь хуруу дарам цөөхөн.
Эдийн засгийн төслүүдийг жирийн хүмүүсийн амьдралд хэр наалдацтай болох тухай үр дүнгээр нь тооцож хэрэгжүүлье.
Төр баян биш иргэд нь баян улс орон л хүчтэй байна. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг Засгийн газар хамгаалж, дэмжих ёстой гэсэн үзлийг дэмжигчид олон боллоо.
Аливаад сэтгэл хөөрлөөр хандахаа болъё. “Ууртай хvн зөв сэтгэдэггүй” гэж Малайзын Ерөнхий Сайд асан Махатхир Мохамед хэлсэн. Тэрээр Израилийн тухайд “Сэтгэцгээ. Бодоцгоо. Бид бол сэтгэж чаддаг үндэстэнтэй дайсагнаж байгаа гэдгээ бvv март. Тэд 2000 жил зугтаж явахдаа хариу цохилт, алан хядлагын хүчээр биш харин сэтгэдгийнхээ ачаар тэсэж үлдэж, сэргэн мандсан юм. Тэд социализм, коммунизм, ардчилал, хүний эрх зэргийг бодож олсон юм. Ингэснээр тэд бусдын адил эрх эдэлж, тэднийг хөөж, мөрдөж мөшгөх нь буруу гэдгийг харуулж чадсан юм. Үүгээрээ дамжуулан тэд хамгийн хүчирхэг улсуудыг хянах болов. Энэ өчүүхэн жижиг үндэстэн дэлхийг эзэгнэгч нар болов. Бид зөвхөн биеийн, булчингийн хүчээр тэмцэх ёсгүй. Бид ч гэсэн өөрсдийн Тархийг ашиглах ёстой. Толгойгоо илvv ажилуулах хэрэгтэй байна” гэж хэлжээ. Бидний монголчууд еврейчүүд шиг сэтгэж ухаантай байх юмсан.
Эх сурвалж: http://odontuya.com/
URL: