Засаршгүй “этгээд”

“Ху” нам буюу хулгайч нам

Энэ улсаас хамгийн их өмч хөрөнгө “хууль ёсоор” хулгайлсан нам бол хуучны Ху нам буюу өнөөгийн Монгол ардын нам. Өнгөрсөн сонгуулиар шатаагдсан МАХН-ын цагаан байшин бол Оросын их өрийн жагсаалтанд багтаж байсан объект. Улс мөнгийг нь төлөөд, байшинг нь тэд авсан ч нүгэл нь нүдээрээ гараад хайлчихсан. Өмнөхийг нь хулгайлж аваад сурчихсан тэд одоо төсвөөс, төсвөөс юу байх вэ та бидний төлсөн татвараас олон тэрбумыг хулгайлж шинэ, бүр гоё, том байшин барьж буй. Хулгайгаа тэд хуульчлахдаа ч мэргэшсэн. Хохирогчдод нөхөн олговор олгох тухай нэртэй хууль гаргаад л хулгай хууль ёсных болчихсон. 7 сарын 1-ны хэрэг явдалд амиа алдсан иргэдийн ар гэрт 50 сая төгрөг олгох тухай хууль гэж ойлгогдохоор хийхээ ч тэд бас тооцоолно. Хулгай хууль ёсных болсноор уншигч та ч бас МАН-ын шинэ байрны “хандивлагч” болсон гэсэн үг. МАН-ын хулгай бүр “зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөгдөж” үйлдэгдэнэ. Өнөөгийн Чандмань төв буюу хуучнаар Ленины музейн барилга ч мөн адил МАН-ын олон хулгайн зөвхөн нэгийнх нь эд мөрийн баримт. Одоогийн УИХ-ын гишүүн З.Энхболд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа тэр байшинг хууль ёсны эзэнд нь, Монголын төрд авч өгөх гэж бүх шатны шүүхээр яваад бараагүй юмдаг. Тэр ч бүү хэл бүхэл бүтэн улсын 70 жилийн түүхийн архивыг “хусчихаад” угаасаа манай юм гээд гүрийчихсэн. Эдгээр нь гэмт этгээдийн олны хараанд өртөж “азаартсан” цөөхөн үйлдлийн л жишээ. Аймаг, нийслэл, дүүргүүд дээр хийгддэг жижиг сажиг үйлдлүүдийг нь бол тоолж барах юм биш. МАН бол ийм л дархлагдсан хулгайч.

Амташсан хэрээ 13 дахина

Ирэх 3 дугаар сарын нэгэнд Ардын нам байгуулагдсаныхаа 90 жилийн ойг тэмдэглэх юм байна. Өнөөх “урт гарт” чинь амташсан хэрээ арван гурав дахина гэдэг болж ойдоо зориулан ахин шинэ үйлдэл төлөвлөж эхэлжээ. Өөрсдийг нь өнөөгийн өндөрлөгт гаргасан намынхаа гишүүдийн тусыг хариулах “Тусгаар тогтнол-90” гэдэг медаль гаргахаар болсон гэнэ. Нэг нам медаль гаргаад гишүүнээ шагнах нь чамд ямар хамаатай юм бэ гэж үү? Уг нь тийм. Даан ч “Ху”-гийнхан тэр медалиа хийлгэх 230 сая төгрөгийг ч бас та биднээс “хусчихаж”.  Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг 2011 оны гуравдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ амьдралын сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, авъяас билэг, сэтгэл зүрхээрээ тэмцэж, ажиллаж амжилт гаргасан олон арван хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна хэмээгээд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар медаль гаргах төслөө УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьжээ. Бүр яг ингэж хэлсэн байна, би шоглоогүй. Би өөрөө эднийг миний амьдралын сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, авъяас билэг, сэтгэл зүрхээрээ тэмцэж, ажиллаж байгааг огт мэдрэхгүй байгаа ч МАН-ын 50.000 гишүүнийг та бид 230.000.000 төгрөгөөрөө ийнхүү “алдаршуулах” болж байна. “Ху” бол үйлдлээ эртнээс сайтар төлөвлөж зохион байгуулдаг этгээд гэдгийг дээр хэлсэн. Энэ паалантай металлаасаа арав тавыг нь АН-ын хаягтай хүмүүст олны өмнө зүүж өгөөд өөртөө авсан гэдэг нэрнээс салчихаа ч бас тэд тооцчихсон л байгаа. Гол нь тэд бидний хуримтлуулсан хөрөнгөнөөс “шагналаа” авахдаа асуусангүй. Эзнээс нь асуулгүй эд зүйлийг нь авахыг л хулгай гэдэг биз дээ.

Засаршгүй “этгээд”

МАХН уугуул нэрээ сэргээн, үзэл баримтлалаа тодотгож, дахин төрсөн нь саяхан. Шинэчлэлийн уухай цуурайтуулан, намын мөрийн хөтөлбөрөө “Хичээн эрмэлзэх зүйл” хэмээн нэрлэж, ихээхэн өөрчлөлт хийсэнтэй нь маргах аргагүй. Харамсалтай нь туг далбаа шигээ өөрсдөө харин шинэчлэгдсэнгүй. Өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй коммунист араншингаараа МАХН гэдэг товчлолыг булаалдаж, хөгөө хөлдөө чирэв. Өөрсдөө голж хаячихаад өрөөлд өгөхгүй гэхийг ер нь юу гэж ойлгох вэ? Энэ үйлдлээрээ тэд иргэдийгээ МАХН, МАН болж өөрчлөгдсөн гэдгийг ухаарахгүй тэнэгүүд хэмээн басамжилж байгаагаа давхар илтгэв. Ардчилсан тогтолцоотой оронд энэ гайхаад байхаар зүйл огт биш, Монголд ч анх удаа болж байгаа юм биш. 2000 онд таван нам нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулагдахад А.Ганбаатар нарын хүмүүс санаа бодол нийлэхгүйгээ илэрхийлээд, МСДН-ыг байгуулаад явсан. Буянгийн Жагаа ч намаасаа гараад БНН-аа сэргээж л байсан. Ардчилсан намынхан ч тэр, Иргэний Зоригийнхон ч тэр нэрэнд нь хаалт хийж, араас нь чулуу шидэж байгаагүй. Социал демократ нам болчихсон гэж өөрсдөө хэлж байгаа ч коммунист хэвээрээ байгааг нь ганц энэ жишээ ч харуулаад байгаа юм биш. Ойн баяраараа Чойбалсаны хөшөөг хүрлээр цутгуулж байгаа МАН-ыг социал демократ нам болчихжээ гэдэгт та итгэж байна уу? Камбожид Пол Потын хөшөөг хүрлээр босговол иргэд нь яах бол? Хядсан тоо толгой, хэрэгжүүлсэн цаг хугацаа нь өөр байж болох ч хийсэн нүгэл нь адилхан хоёр ш дээ. МАН ч ёстой засаршгүй “этгээд” юм даа.

Г.Ганбат


URL:

Сэтгэгдэл бичих