“Ковид-19” цар тахалтай тэмцэх Хятадын арга барил

712-16566326722022062909142694350Дэлхий даяар “Ковид-19” цар тахал дэгдээд бүтэн хоёр жил хагасын хугацаа өнгөрлөө. Энэ цар тахал хүн төрөлхтний аж амьдрал, дэлхийн эдийн засагт ихээхэн нөлөөлсөн хэвээр байна.

Өнгөрсөн хугацаанд улс орнууд “Ковид-19” цар тахлыг аль болох хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулахын тулд өөр өөрсдийн арга барилаар тэмцэж, янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд өдгөө дийлэнхи улс орон энэ вирустэй “зэрэгцэн орших” буюу хүн ардынхаа эрүүл мэнд болоод эдийн засгаа зэрэг хамгаалах бодлого баримталж, хилээ нээцгээж байна. Харин дэлхийн хамгийн олон хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ өнөөг хүртэл “Ковид-19”-ийн эсрэг “Ковид-Тэг” хэмээх хатуу бодлого баримталж, халдвар авсан болон хавьтал болсон хүн бүрийг тусгаарлаж, халдвар илэрсэн газруудад бүх нийтээс нуклейн хүчлийн шинжилгээ авах, хатуу хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй юм.
Өдөрт хэдэн зуу, хэдэн мянган тохиолдол бүртгэгдэж буй улс орнууд хөл хорио тогтоохгүй, амьдралын хэвийн горимд шилжиж болж байхад БНХАУ чухам ямар учраас ингэж “сүржигнэж” байна вэ?
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио тайлбарлахдаа:
“Хятад бол дэлхийн хамгийн олон буюу 1.4 тэрбум хүн амыг тэжээж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулж буй улс.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдэгдсэнээр, 2022 оны 6 дугаар сарын 9-ний байдлаар БНХАУ-д коронавирусийн халдварын нийт 3.6 сая гаруй тохиолдол болон 17,800 гаруй нас баралт бүргэгдээд байна. Нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол болон нас баралтын дийлэнхи нь тус улсын Хонконг, Макао болон Тайвань зэрэг засаг захиргааны тусгай бүсүүдэд бүртгэгджээ.
 “Ковид-Тэг” бодлогын улмаас хөл хорио, хилийн хязгаарлалт тогтоож байгаа нь дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засагт төдийгүй бүх хүний аж амьдралд сөргөөр нөлөөлж байгааг бараг хүн бүр ярьж байна. Нөлөөлж байгаа нь ч үнэн. Гэхдээ хэрвээ Хятад улс одоо “Ковид-Тэг” бодлогоосоо ухарч, коронавирустэй тэмцэх арга барилаа зөөлрүүлвэл ямар хямрал нүүрлэж, дэлхийн эдийн засаг хэрхэн уруудахыг төсөөлөхөд бэрх юм.
Архаг хууч өвчтэй, вакцинжуулалтад хамрагдаагүй өндөр настнууд коронавирусийн халдвар авсан тохиолдолд биеийн байдал нь хурдан хүндэрч, амь насаа алдах эрсдэл өндөр болохыг олон улсын мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн.
Хятад улсын нийт хүн амын 267 сая нь 60-аас дээш насныхан бөгөөд тэдний 260 сая нь эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай, хууч өвчтэй хүмүүс байна. Гэтэл тус улсын 60-аас дээш насны нийт хүн амын ердөө 20 хувь нь л бүрэн акцинжуулалтад хамрагдаад байгаа аж.
Хятад улс болон АНУ-ын судлаачдын хамтран хийсэн судалгааны тайланд дурьдсанаар, хэрвээ Хятад улс “Ковид-Тэг” бодлогоос ухарвал багаар бодоход 1.5 сая хүн амиа алдах эрсдэл нүүрлэнэ. Мөн уг бодлогыг хэрэгжүүлэхээ зогсоовол дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсад цар тахлын тархалт хяналтаас гарч, үйлдвэрлэл үйлчилгээг хэвийн явуулах аргагүй болно.
БНХАУ нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гуравны нэгийг дангаараа бүрдүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, Хятад улсад цар тахал хяналтаас гарвал тус улсын ард түмэн төдийгүй дэлхий нийтийн аж амьдрал, дэлхийн эдийн засагт одоогийнхтой харьцуулшгүй их сөрөг нөлөө үзүүлнэ.
Тэгэхээр дэлхийн эдийн засагт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг Хятад улсын хувьд дотоод болон гадаадын эдийн засаг, дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд авч хэрэгжүүлж болох, энэ цар тахлыг аль болох хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулах хамгийн зөв арга хэмжээ нь энэ “Ковид-Тэг” бодлого юм.” гэжээ.
Г.Солонго


URL: