УС ЗАЙЛУУЛАХ хоолой шийдвэл ХОТЫН ДАРГЫН ГАВЬЯА тэр болно
Жилийн жилд Улаанбаатар хот усан далай болж, иргэд нь уртын харайлтын бэлтгэл хийн, авто машинууд нь зам дээрээ усанд хөвөх дөхсөөр зуныг бардаг боллоо.
Хэдэн арван он улирсан энэ асуудлыг хэвлэлүүд сөхөж, дарга нар гарц ярьдаг ч дорвитой ажил бололгүй хүлээгдсээр л байна. Эцэстээ нэг өдрийн бороонд үерт автдаг нийслэлийн асуудалд жирийн үзэгдэл болтлоо дасал боллоо.
Зун дөнгөж эхэлж, эхний бороо орохтой зэрэгцээд усанд автсан Улаанбаатараа харах “айдас хүйдэс”, энэ зуныг яаж давна даа.
ЖИШЭЭ 1
2022.06.18, Бямба гараг | Айлын хашаа байшин, гэр, орон сууцны зоорийн давхар усанд автсан, нурсан, байшингийн дээвэр хууларч унасан зэрэг 89 дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирж, 27 байршилд очиж, үүрэг гүйцэтгэсэн байна.
ЖИШЭЭ 2
2022.06.19, Ням гараг | 23:30 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн хэмжээнд 17 удаагийн үерийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн ба 9,10,16 дугаар хороонд гэр болон хашаа нурсан, усанд автсан, байшингийн дээвэр хуурч унасан дуудлагууд ирсэн байна.
19:20 цагт орсон ширүүн борооны улмаас дүүргийн 10 дугаар хорооны 34, 35 дугаар байрны дээвэр хуурч унажээ.
ЖИШЭЭ 3:
Сонгинохайрхан дүүргийн 33-р хороо 22-ын товчооноос Тахилт руу гардаг шинэ нүхэн гарцанд машин усанд суусан дуудлагаар Аврах ангийнхан ажиллажээ. Тухайн үед тус дүүргийн 15-р хороонд оршин суугч А (32 настай эрэгтэй), Г (37настай эмэгтэй) нар нүхэн гарцан дотор 2м орчим гүнзгий усанд суусан машиныхаа дээр зогсож байсныг аврах завь, хантааз ашиглан, аюулгүй хэсэгт гаргасан байна.
Бид хэдий болтол ганц өдрийн борооны ая даахгүй усанд автаж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байх вэ?
Монгол Улсын нийт өрхийн 45.8 хувь буюу 411.4 мянган өрх Улаанбаатарт амьдардаг. Үүнээс 22.2 хувь нь гэрт, 77.3 хувь нь байшинд амьдарч байна.
Энэ хэрээр нүхэн жорлон, хөрсний бохирдол яригдана. Ингээд л ганц өдрийн усархаг бороонд хүн, нохойн өтгөн шингэн үерийн устай холилдон гудамж, зам талбайгаар урсах нь тэр.
Жинхнээсээ нийслэлдээ усан тээвэртэй болох мөрөөдөл “биелэл”-ээ олох нь уу гэлтэй.
Тэгвэл бидэнд ямар шийдэл байна вэ? Ядаж ус зайлуулах шугам хоолой хийгээд авто замаа бүтэн аваад үлдчихэж болохгүй юу гэж үү?
Үнэхээр нийслэлд шугам, хоолойгоо засаж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотод тэртээ 1960 онд үерийн ус зайлуулах гурван коллектор баригдсан байдаг. Түүнээс хойш дорвитой засвар, шинэчлэлтийн ажлыг хийгээгүй өнөөг хүрсэн гээд бод.
Нөгөө талаар нэг гараараа зурж, нөгөө гараараа баллуурдаад байгаагаас ялгаагүй зүйл байна. Тэр нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжууд гадаргуун усны асуудлаас хамаарч авто замын ашиглалтад сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд бишгүй ярьдаг. Тиймдээ ч Нийслэлээс 2020 оныг “Нэг хот- Нэг стандарт” зорилтот жил болгон зарлаж байв. Энэ хүрээнд нийслэлд шинээр тавигдаж буй бүх авто замууд нэг стандартаар ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, явган хүний зам гээд иж бүрэн тохижилттой хийгдэж байгаа. Харин өмнө нь тавигдсан ихэнх замууд ус зайлуулах хоолойгүй, нэгдсэн стандартгүй явж ирсэн гэдгийг хэлж буй.
Харин нийслэлийн хэмжээнд 1100 км авто замыг сайжруулан ус зайлуулах шугам, сүлжээ тавихад 180 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Энэ төсвийг шийдчихвэл Улаанбаатар хотын замууд усны асуудалгүй болно гэж Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх 2020 онд хэвлэлд ярьж байжээ. Өнгөрсөн өдрийн борооны нөхцөл байдлаас харахад төсөв нь шийдэгдээгүй бололтой.
Хоёрхон хоногийн дараа “нар буцна”. Бороотой өдрүүд ганц хоёроор тогтохгүй үргэлжилнэ. Нийслэлд усан тээвэр биш ус зайлуулах шугам хойлой нэн чухал байна.
URL: