Украинтай “шударга тохиролцоонд” хүрэх хүртэл Оросын эсрэг хоригийг цуцлахгүй гэж мэдэгджээ

62abef8c53d9a

Украины байдалтай холбогдуулан ОХУ-д авсан хориг арга хэмжээ нь Москва Киевтэй “шударга тохиролцоонд” хүрэх хүртэл хүчинтэй байх болно гэж Германы Канцлер Олаф Шольц “ZDF” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Ингэж мэдэгдэхдээ тэрбээр гэрээний аль нөхцөл нь шударга байхыг зөвхөн Украин өөрөө тодорхойлно, “үүнийг Европын удирдагчдаас хэн нь ч хэлж, зааж өгөхгүй” гэж цохон тэмдэглэсэн байна.  Шольц мөн ОХУ Крымийг өөртөө нэгтгэснийг Герман улс  хүлээн зөвшөөрөхгүй, учир нь “энэ нь олон улсын хууль, эрх зүйг зөрчсөн хэрэг болно” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Украинд хүнд зэвсэг нийлүүлэх асуудалд анх эргэлзсэн хэмээн буруутгасныг няцаасан байна. Украины төлөөлөгчид болон тус улсын хэд хэдэн улс төрч түүнийг шүүмжилж байсан юм. “Хэн нэг нь хашхирч байна гээд ямар нэг юм хийх, эсвэл хэн нэгэн хашхирч байна гээд ямар нэг зүйл хийхгүй байх нь утгагүй” гэж Шольц хэлээд улс орноо хамгаалж, энх тайван байдлыг сахиулах нь Канцлерын үүрэг гэж нэмж хэлжээ. Берлин Украинд үзүүлэх цэргийн тусламжаа өргөжүүлж, пуужингийн довтолгооноос хамгаалах орчин үеийн систем, их буу илрүүлэх радар зэрэг зэвсэг нэмж нийлүүлнэ гэж Шольц өмнө нь мэдэгдсэн.

Герман улс Украинд пуужин эсэргүүцэх зэвсэг, хуягт тээвэрлэгч зэргийг хэдийнэ нийлүүлсэн. Германы парламент мөн “Гепард” өөрөө явагч зенитийн төхөөрөмж, “PzH 2000” өөрөө явагч их бууны төхөөрөмжөө нийлүүлэх асуудлыг шийдсэн. Тус улс Украинд ийм долоон төхөөрөмж нийлүүлэх төлөвтэй байна.


URL: