Гадаад явах хүсэлтэй гурван хүн тутмын нэг нь визийн залилангийн хохирогч болж байна
“Солонгос руу аялах цорын ганц визгүй аялалд урьж байна”. Ийм зард хууртан 217 иргэн визийн залилангийн гэмт хэргийн хохирогч болжээ. Уг гэмт хэргийг, ах дүү хоёр нийлж үйлдсэн бөгөөд 625 сая төгрөгийг дээрх иргэдээс залилсан байна.
Сэжигтэн этгээдүүд өөр компаниудын зохион байгуулсан аяллын зураг, дүрс, видеог иргэдэд үзүүлж визийн хураамж, зуучлалын хөлс, тийзийн мөнгө гэх зэргээр 2-5 сая төгрөгийг бэлнээр авч, хуурамч аяллын гэрээ байгуулна. Улмаар онгоцны тасалбарын кассуудад нислэгийн тийз захиалан, товлосон өдрөө нисэх онгоцны буудал дээр хүмүүсээ цуглуулдаг байжээ. Онгоц нисэхийн өмнөхөн “Солонгос талын аяллын компани товлосон өдрийг хойшлууллаа, тэднийхээс хариу өгтөл хүлээх боллоо” хэмээж, иргэдийг залилжээ.
Иймд гадаад оронд аялах хүсэлтэй иргэд зуучлагч компанийн үйл ажиллагааны чиглэл зэргийг сайтар шалгаж, зөвхөн итгэл дээр суурилж гэрээ байгуулахгүй байхыг анхааруулж байна.
Мөн Монгол Улсын төрийн албанд ажилладаг байсан У.Ч гэгч нь Солонгос Улсын Элчин сайдын яаманд ажилладаг Пак Ман Ваны нэрийг ашиглан 46 иргэнээс 725 сая төгрөг залилжээ. Тэрбээр хүмүүст дипломат ногоон паспорт үзүүлж, Солонгос болон бусад орон руу визгүй аялж болно хэмээн төөрөгдүүлж ойр дотныхоо хүмүүсийг итгүүлэх замаар хэрэг үйлджээ. Иргэд эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас энэ төрлийн гэмт хэргийг хохирогч болсоор байна.
Түүнчлэн Монгол Улсад бизнесийн зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компанийг төрсөн эгч дүү болох Нараа, Сараа хоёр нийлж байгуулжээ. Улмаар “Америк, Шинэ Зеланд, Австрали, Их Британи, Англи, Канад” гэх мэт улсын визэд оруулж, найдвартай виз гаргаж өгнө, их дээд сургуулийн тэтгэлэг олж өгнө” гэж худал мэдээлэл тараан 4 жилийн хугацаанд 150 иргэнээс нийт 1,7 тэрбум төгрөг залилжээ. Энэ хооронд залилуулсан иргэдийг бусад орны Элчин сайдын яам руу явуулж, орчуулга, тодорхойлолт мэдээлэл цуглуулахыг шаардах зэргээр цаг хугацаагаар давхар хохироосон байна.
Ийнхүү иргэд хайхрамжгүй, гэнэн, итгэмтгий, аливааг шалгаж нягталж үздэггүйгээсээ болж, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирчээ. Виз мэдүүлэх гэж байгаа гурван монгол хүн тутмын нэг нь хохирогч болдог статистик гарсан байна. Визийн залилангийн хэрэг сүүлийн 10 жилд тасралтгүй өсжээ.
Визэд найдвартай зуучилна, гаднын сургуулиудын тэтгэлэг, урилга гаргаж өгнө гэх мэт амар хялбар аргаар гадагшаа явуулах зар мэдээллийн цаана ихэвчлэн залилангийн гэмт хэргийн бүлэг этгээдүүд байдгийг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс
URL: