Украины талд байлдаж байсан Их Британийн хоёр, Маррокогийн нэг иргэнд цаазын ял оноолоо
Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хяналтад буй Донецкт Украины талд байлдаж байсан Их Британийн хоёр, Мароккогийн нэг иргэнд цаазын ял оноолоо.
Тодруулбал, өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын шүүх Британийн иргэн Шон Пиннер, Айден Аслин, мөн Мароккогийн иргэн Саадун Брахим нарыг хөлсний наймаа хийсэн, засгийн эрхийг хүчээр авахыг завдсан, мөн террорист үйл ажиллагаа явуулах бэлтгэл сургуулилалтад хамрагдсан хэрэгт буруутай гэж үзжээ.
Тэд гурвуулаа Украины зэвсэгт хүчний алба хаагч бөгөөд Орос Украин руу довтлохоос өмнө гэрээгээр ажиллаж байсан аж. Тэдгээр иргэд Украинд хэдэн жил амьдарсан бөгөөд нэг нь Украины паспорттой юм байна.
Шүүх хурал богино хугацаанд үргэлжилсэн бөгөөд сэтгүүлчдэд хаалттай болжээ. Шүүхээс ирсэн бүх мэдээ Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байна. Тухайлбал, эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгдэгчдийг “террорист үйл ажиллагаа явуулахын тулд сургалтад хамрагдсан” болохыг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлжээ.
Оросын сэтгүүлчид энэ үйл явцын зөвхөн товч бичлэгийг нийтэлсэн байна. Энэ үеэр шүүгдэгчдийг хамгаалалтад аваагүй гэж бөгөөд тэдэнд үйлчилсэн “өмгөөлөгч” нар юу ч хийгээгүй гэж хэлжээ.
Их Британийн эрх баригчид олзонд орсон цэргүүдэд өршөөл үзүүлэхийг Донецкийн бүгд найрамдах улсын эрх баригчдаас хүсэв. Мөн Шадар сайд Доминик Рааб шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхийн тулд шаардлагатай бүх гомдлыг гаргана гэж мэдэгдсэн байна. Шон Пиннер, Айден Аслин нар Борис Жонсоноос ялтан солилцох тусламж хүсжээ.
Тэд Украинд хэрхэн очсон бэ
Их Британийн иргэн Эйден Аслин энэ оны дөрөвдүгээр сард гэрлэхээр төлөвлөж байжээ. 2018 онд тэрээр Английн Ньюаркаас Украинд хайртай бүсгүйдээ очиж, удалгүй тэнгисийн явган цэрэг болж, Украины давхар иргэншил авсан байна. Тэрээр Мариуполь хотыг хамгаалж байв.
Мароккогийн 21 настай иргэн Саадун Брагим мөн л Мариупольд байжээ. Тэрээр Мароккод ажил олж чадахгүй байсан тул 2019 онд Украин явжээ. Брагим жилийн хугацаанд орос хэл сурч, дараа нь Киевийн политехникийн сургуульд нисэх, сансрын тогтолцооны ангид орж суралцсан ч төгсөөгүй байна. 2021 онд тэрээр гурван жилийн гэрээ хийж, Эйдентэй нийгмийн сүлжээгээр танилцан, хамтдаа алба хаажээ.
Их Британид хог хаягдлын чиглэлээр менежерээр ажиллаж байсан Шон Пиннер эхнэртэйгээ Украинд очиж, удалгүй Украины зэвсэгт хүчинтэй гэрээ хийн ажилласан байна. Түүний гурван жилийн хугацаа энэ оны эцсээр дуусах ёстой байсан бөгөөд тэрээр хүмүүнлэгийн ажил хийхээр төлөвлөж байсан ч дайн гарчээ. Гадаадын гурван иргэнийг Мариуполь хотод барьцаалсан байна.
Эх сурвалж: ВВС
URL: