Зайсангийн шавар гэрүүдийг буулгаж эхэллээ

456182509af78022003c0d60f4c118d3e50e6bf7Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэлжээ. Улмаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн байна.

Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундаж, өнгө үзэмжгүй болсон юм. Тус байршилд нийт 49 шавар гэр байгаа бөгөөд тэдгээрийг буулгаж, орчныг нь тохижуулах юм. Дугуй цагаан орчимд иргэд амрах, хүүхдүүд тоглох амралтын талбайг байгуулахын дээр зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг бий болгож, тохижуулахаар төлөвлөөд байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ.


URL: