Багш нарын ажил хаялт, эцэстээ ганцхан хүнд л ашигтай, тэр нь МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар
МҮЭХ багш нарыг дахин ажил хаялтад уриалж, ээлжит сүрдүүлгээ хийхээр болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны багш нарын ажил хаялт зохион байгуулах түр хорооны гишүүд хуралдаж, ийм шийдвэрт хүрсэн аж. Тэдний мэдээлж байгаагаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар 2012 оны эхний улиралд багтаан цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл Засгийн газар МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ буцаж, энэ сарын нэгнээс 80 мянган төгрөгөөр, тавдугаар сарын нэгнээс 23 хувиар нэмэгдүүлэх болсон аж. Иймээс багш нарыг дахин ажил хаялтад уриалжээ. БСШУ-ы Үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг гэгч энэ удаагийн ажил хаялт илүү өргөн хүрээг хамарна гэжээ.
МҮЭХ өнгөрсөн оны 11 дүгээр сард мөн л багш нарыг ажил хаялтад уриалж, Засгийн газрыг долоо хоног сүрдүүлсэн. Аргагүй байдалд орсон Засгийн газар МҮЭХ, АОЭХ-той хамтран гурван талт хэлэлцээр хийснээр асуудал намжсан билээ. Тухайн үед зохион байгуулсан ажил хаялтын үр дүн тийм ч муу байгаагүй. Гэтэл дөрвөн сарын дараа дахин багш нарыг ажил хаялтад уриалж байгаа нь
хэтэрхий даварсан, гэмт хэргийн шинжтэй болж байна. Өнгөрсөн удаа нийгэм МҮЭХ-г бус багш нарыг зөвтгөж, “Ингэхээс аргагүй болсон юм байлгүй дээ” гэдэг байдлаар хүлээн авч байлаа.
Багш нар нь ажил хаяснаар сургуулиуд эзгүйрч, сургуулийн хүүхдүүд гэртээ өнжсөн. Энэ үед ямар ч эцэг эх, багш нарыг буруутгаж, элдэв хэл ам хийсэнгүй. Харин энэ удаа багш нарын ажил хаялтыг арай өөрөөр хүлээн авч байна. Хүүхдэд нь хичээл зааж, боловсрол олгох ёстой багш нар сурагчдадаа муу үлгэр дуурайл үзүүлж, сав л хийвэл ажил хаяж, асуудлыг хүчээр шийдэх гэдэг боллоо. Уриа лоозон барьж, Сүхбаатарын талбайд дээр шүлсээ үсчүүлэн орилж хашгиран, хараал урсгаж зогсоо багшийгаа телевизээр харна гэдэг сурагчдад ямар л олиг байв гэж. Ийм ажил хаялт эцэг эхчүүдэд таалагдахгүй нь лавтай.
Энэ ажил хаялтын ард БСШУ-ы Үйлдвэрчний эвлэлийн холбооны гэх хэдэн нөхөд бий. Монголын боловсролын салбарын багш, ажилчдын нэрийг барьж олон ч удаа шоу хийлээ. Тэд багш нарын эмзэг сэвдийг олж хатгаж чаддаг учраас Монголын боловсролын салбар ажил хаях хэмжээнд хүрсэн.
Багш ч бай, юу ч бай бүгдэд л ахиу цалин хэрэгтэй. Тийм учраас “Бүгдээрээ ажил хаяж цалингаа нэмүүлцгээе” хэмээн уриалахаар хэн дургүйцэх билээ. Харин тэдний зохион байгуулсан ажил хаялт сүүлдээ улстөржиж байна. Эхний удаа багш нарын эмзэг сэдэв дээр дөрөөлж, МҮЭХ-ны ээлжит шоуг амжилттай зохион байгуулсан. Үүгээрээ МҮЭХ төдийгүй, тус холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар иргэдээс өндөр оноо авч чадсан. Гэтэл сонгууль дөхөөд ч тэр үү МҮЭХны зохион байгуулдаг шоуны давтамж улам ойртлоо. Харин энэ шоундаа дахиад л багш нарыг, тэдний эмзэг байдлыг ашиглаж байна. Боловсролын салбарын дийлэнх багш, ажилчид ядуу нь үнэн. Тэдний цалинг нэмэхээр болсон нь ч үнэн. Гагцхүү жаахан цаг хугацааны тал дээр асуудал үүссэн аж.
Гэтэл сонгуулийн чимээ ойртохын хэрээр МҮЭХ-ны жагсаал цуглаан элбэгшиж, түүндээ “эмзэгүүд”-ийн эмзэг сэдвийг ашиглаж байна. Ерөнхийдөө С.Ганбаатар нар хүний гараар могой бариулж, сонгуулийн шоугаа үргэлжлүүлж байна гэсэн үг.
Хамгийн гол нь Засгийн газар багш нарын цалинг нэмсэн ч, нэмээгүй ч хоёулаа С.Ганбаатарт ашигтай. Цалинг ярьсан хэмжээндээ хүртэл нэмлээ гэхэд С.Ганбаатар нар “Бид жагсаал, тэмцэл хийж байж нэм үүлсэн” гэж оноо авч, “пи-ар”-аа өсгөнө. Харин цалинг нь нэмэхгүй бол “Засгийн газрыг огцруул. Эд ажиллаж чадахгүй байна. Харин намайг сонговол би та нарын цалинг нэмнэ” гэдэг байдлаар асуудалд хандана. Ингэхээр МҮЭХ-ны уриалж буй багш нарын ажил хаялт, эцэстээ ганцхан хүнд л ашигтай. Тэр хүн нь МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар.
Б.Даваахүү
URL: