Марк Эспер: “АНУ-д нүүрлэж буй хамгийн том заналхийлэл бол хоёр намын талцал юм” гэжээ
Америкт “Ковид-19″ цар тахлын улмаас нэг сая хүн амиа алдаад байгаа. АНУ-ын “Forbes” сэтгүүлд саяхан хэвлэгдсэн “Тахлаар нэг сая хүнээ алдсаны дараах АНУ” гэсэн өгүүлэлд, Ковид-19 цар тахал нь АНУ-ын иргэдийн нас баралтын гурав дахь томоохон шалтгаан болоод байгаа талаар дурьджээ. Уг цар тахлаар нас барагсдын тоо сүүлийн 10 жилд халдварт ханиадаар хорвоог орхисон хүний тооноос даруй 3 дахин их төдийгүй өнгөрсөн 40 жилийн хугацаанд ДОХ-оор нас барсан хүний тоотой тэнцэж байна. Мөн дэлхийн хоёр том дайнд АНУ-ын амь насаа алдсан хүний нийт тооноос 2 дахин их байна гэж онцолжээ. АНУ-ын халдварт өвчин судлаач Энтони Фаучи энэ тухай: “Энэ тоо нь маш гутамшигтай зүйл” гэсэн байна.
Түүнээс ч харамсалтай нь энэхүү цар тахал АНУ-ын улс төрчдийн нэг нэгнийхээ эсрэг ашигладаг улс төрийн зэвсэг болж, АНУ-ын нийгмийг талцаж хуваагдсан, эв нэгдэлгүй байдалд оруулж буй гэнэ.
Вакцин тариулах, маск зүүх нь зөв буруу эсэх дээр хүртэл Америкийн эрх баригчид нэгдмэл байр сууринд хүрч чадахгүй маргаж мэтгэлцсээр байсан нь үнэн.
Мөн зарим улс төрчид нь хувийн болон нам бүлгийнхээ ашиг сонирхлын төлөө элдэв цуурхал тарааж олон нийтийг төөрөгдүүлж байлаа.
Хьюстоны нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвийн Ковид-19 цар тахлын дуудлага дээр ажиллаж буй ахлах эмч Жосеф Варон хэлэхдээ, “Америкийн эрх баригчид зөв шийдвэр гаргаж байсан бол хүмүүс сая саяараа нас барахгүй байх байлаа” гэжээ. Мөн АНУ-ын Батлан Хамгаалахын Сайд асан Марк Эспер: “АНУ-д нүүрлэж буй хамгийн том заналхийлэл бол цар тахал биш харин хоёр намын талцал юм” гэсэн байна.
Наянтайгийн Далантай
URL: