Шинэ төрлийн ХАР ТАМХИ хилээр оруулахыг завдсан үйлдлийг зогсоолоо

46cd91_02c20ad1-c7d3-4ede-a686-18b34ee7cf92_x974

Цар тахлын хөл хорио харьцангуй суларч буйтай холбогдуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, ялангуяа шинэ төрлийн синтетик бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг сүүлийн үед өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иргэд цахим сүлжээ ашиглан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын 2 дугаар жагсаалтад 2021 оны 12 дугаар сард шинээр бүртгэгдсэн шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис захиалж, улмаар олон улсын шуудан, илгээмж ашиглан ачаа бараа, эд зүйлст нуун далдлах замаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх оролдлого гаргаж байна.

Тагнуулын байгууллагад хуулиар олгосон чиг, үүргийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран олон улсын шуудан, илгээмж ашиглан сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэгч бодис улсын хил нэвтрүүлэх гэж байсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн, таслан зогсоосон. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн гадаад зам сувгийг таслан зогсоох, тээвэрлэгч, борлуулагч нарын хууль бус үйлдэлд хяналт тавин ажиллаж байна.

2021 оноос хойш 11 удаагийн үйлдэлд, 16 иргэнийг холбогдуулан шалгаж, 4,5 литр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хураан авч устгалд оруулж, хүүхэд залуусын дунд тархахаас урьдчилан сэргийлсэн. Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний бие, сэтгэцэд асар их хор нөлөөтэй бөгөөд төв мэдрэлийн системийг гэмтээгээд зогсохгүй, тухайн бодист донтох эрсдэлийг үүсгэдэг. Иймд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад оролцох, улсын хил нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлах, буруу мэдээлэл тараах, бусдад ашиглагдах, уруу татагдах зэргээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байж, эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ цахим хэрэглээ, найз нөхөд, биеэ авч яваа байдалд анхаарч, мансууруулах бодисын хор аюулаас урьдчилан сэргийлнэ үү.


URL: