Б.Батцэцэг: Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай биолаборатори огт байхгүй
“Сүүлийн үед ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш америкийн тал Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан” гэх мэдээлэл хийх болсон. Уг мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн Гадаад харилцааны яамнаас өчигдөр товч мэдэгдэл гаргасан. Мөн өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ талаар сэтгүүлчдэд тодорхой тайлбар өглөө. Тэрбээр “Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай биолаборатори огт байхгүй. Байх үндэс ч байхгүй. Эрх зүйн хувьд олон улсын нэгдсэн гэрээ конвенцууд, Монгол Улсын баримтладаг байр суурь, бүх хууль дүрэм, тогтоомжид ийм зүйлийн лабораторийг хөгжүүлэх зорилго, төлөвлөгөө, ярьсан улс орон байхгүй. Тэр дундаа АНУ болон Европын холбооны улстай энэ талаар харилцаагаа хөгжүүлэх, ярьж тохирсон зүйл, яриа хэлцэл огт хийгдээгүй. Өнөөдөр дэлхийн геополитик, геоэдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байгаа, хардах эрх хэнд ч бий. Зарим төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ялангуяа ковидын үед улс орнуудын хамтын ажиллагаанууд идэвхижсэн.
ОХУ-ын “Извести” сонинд дөрвөн удаа нийтлэл гарсан. Анх гаргасан эх сурвалж нь бол судлаач эрдэмтэн хүн энэ саналыг гаргасан. Хятадын хэвлэл дээр бас гарсан. Олон улсын хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллүүд нь үнэнд үнэхээр нийцэхгүй. Манай бодлогын хувьд бол эргэлзэх зүйл байхгүй. Монгол Улсын гадаад харилцаа бол маш нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн зарчмаа маш сайн баримтлан ажиллаж байгаа. Цаашдаа бид хэрэв хүсвэл олон улсын зохих шинжилгээ, дүгнэлт хийдэг байгууллагууд, ОХУ-ын зохих асуудлыг гаргаж ирж байгаа байгууллага, хүмүүсийг тэр хардаж байгаа лаборатори, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулахад Монгол Улсын хувьд нээлттэй, бэлэн байгаа.
Энэ өдрүүдэд бид улсын хэмжээнд төрийн байгууллага, агентлаг, яамд өөрсдийн хэрэгжүүлсэн гадны төсөл хөтөлбөрүүдийн судалгааг нарийвчилж гаргах, ялангуяа яригдаж байгаа асуудалтай холбоотой, хүмүүсийн хардалтыг төрүүлж болохуйц ямар үйл ажиллагаа явагдсан зэргийг нягтлах ажлыг хийсэн. Холбогдох байгуулагууд нь тус тусдаа мэдээллээ чамбайруулаад ҮАБЗ дээр нэгтгээд ҮАБЗ-д танилцуулга хийж сонсгол хийх үүрэг даалгаварыг өнөөдөр Ерөнхийлөгч өгсөн. Бид танилцуулгыг хийсэн, бүгд нэг ойлголттой байгаа” гэлээ.
Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Энэ ташаа мэдээлэл гарах болсон шалтгаан нөхцлийг юу гэж харж байгаа вэ. Сүүлийн үед гадаад харилцаатай холбоотой ташаа мэдээллүүд яагаад гарах болов?
-Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойших дэлхий даяарх хэвлэлийн дайн эрчимтэй явагдаж байгаа. Маш олон хардалтууд гарч ирж байгаа. Хүнээр бол ойр дотно хүндээ гомддог тохиолдол байдаг. Дээрээс нь янз бүрийн ташаа мэдээллүүд улс орон бүр өөрсдийн эрх ашигтай, үүндээ нийцүүлэх, албаар улс төрийн дотоод байдлыг үймүүлэх, буруу зөрүү ойлголтыг төрүүлэх зэрэг мэдээллүүдийг хэн ч хийж болж байна. Үүнийг нь шүүрч аваад хардах эрх хүн бүрт бий. Манай улсын хувьд бүх юм ил тод. Хэн ч юу ч ярьсан хэвлэлээр гардаг. Үүнийг нэг талаар ашиглах, нийгэмд уур амьсгалыг хүндрүүлэх, иргэдийг бухимдуулах, хөрш зэргэлдээ найрсаг харилцаатай, ялангуяа 2 хөрштэй бид иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлсэн ойр дотно хүмүүсийг хагалан бутаргах санаанууд явж байхыг үгүйсгэхгүй. Ийм хардалт ганц энэ сэдвээр биш, бүхий л сэдвээр бүхий л салбарт гардаг шүү дээ. Тэгэхээр цаашид ГХЯ илүү богино хугацаанд нээлттэй мэдээлэл өгөх тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Ер нь зарчмын хувьд дээр дурьдсан байр сууриа тууштай баримтлаж байгаагаа илэрхийлэх, хоёр хөршдөө болон гуравдагч хөршүүдийнхээ харилцааны тэнцвэрийг урьдын адил хангах, аливаа үл ойлголцсон, буруу ташаа мэдээлэл дээр үндэслээд тодруулга яриа хийж байгаа тохиолдолд яаралтай бид тайлбарыг нь өгч байх тал дээр илүү анхаарах ёстой юм байна гэж бодож байгаа.
-Жуковын хөшөөний дэргэд иргэд лоозон бариад жагсаж байсан. Энэ бичиг, лоозонг иргэд хаанаас аваад зогсдог юм бол, ямар нэгэн хатгалга байгаа эсэхийг тагнуулын байгууллага шалгах ёстой гэсэн байр суурь байна. Энэ талаар мэдээлэл байна уу?
-ТЕГ зохих арга хэмжээнүүдийг авч байгаа байх. Бид хаанаас ямар эх үүсвэр, ямар үндэслэлээр ийм мэдээллүүд гарч байна вэ гэдгийг судалж байна. Энэ яриад байгаа лаборатори нь био зэвсгийн зориулалттайгаар АНУ Украинаас манайх руу нүүлгэж авчраад ажиллуулж, үүнийгээ эргээд ашиглах гэж байна гэсэн ноцтой хардлага гарч байна. Түүн дээр бид няцаалт өгч байгаа юм. Бусдаар бол янз бүрийн чиглэлийн судалгаа хийх лаборарийн тоног төхөөрөмж хандиваар авах, төсөл хөтөлбөрийн хүрээнд жишээлбэл ковидын үед тестийн лаборатори авсан тохиолдол бий. Мэдээлэл нь ил тод байгаа. Тэр бүгдийг үзүүлэхэд ч бэлэн.
URL: