Г.Сайханбаяр: Өнгөрсөн 7 жилийн хугацаанд гажуудсан тагнуулын албадын тогтолцоонд УИХ залруулга хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.04.15/-ийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл хийлээ. Бүх нэгтгэл анги салбаруудад тагнуулын мэргэжлийн албадыг байгуулна

Монгол Улсын Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ-аас 2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалахын багц хуулийг тус тус шинэчлэн баталсан. Энэхүү хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий болжээ.

Дэлхийн аль ч улсад цэргийн тагнуулгүй зэвсэгт хүчин гэж байдаггүй. Тухайлбал, ОХУ-ын ЗХЖШ-ын Тагнуулын ерөнхий газар, БНХАУ-ын Хятадын ардын чөлөөлөх армийн Жанжин штабын Цэргийн тагнуулын газар, АНУ-ын БХЯ-ны Батлан хамгаалахын тагнуулын агентлаг, ХБНГУ-ын БХЯ-ны Стратегийн тагнуулын командлал, БНСУ-ын Батлан хамгаалахын тагнуулын агентлаг, Батлан хамгаалахын тагнуулын командлал, БНТУ-ын ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын командлалын харьяанд үйл ажиллагаагаа явуулахдаа олон улсын цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр зэвсэгт хүчний удирдлагыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Тагнуулын төв байгууллагын харьяанд байсан Цэргийн тагнуулын байгууллага Зэвсэгт хүчний бүтцэд шилжиж, ингэснээр Монгол Улсын тагнуулын байгууллагын тогтолцоо шинэчлэгдэж, Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн чиг үүргээ хангахад чухал ач холбогдолтой болох юм байна.

1921 онд Ардын хувьсгалын үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, Засгийн газраа эмхлэн таван яам байгуулсны нэг нь Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Цэргийн явдлын яам байсан бөгөөд тус яамны бүтцэд “Оператив-тагнуулын хэлтэс”-ийг анх үүсгэн байгуулсан нь орчин цагийн Цэргийн тагнуулын байгууллагын үндэс суурь тавигджээ.


URL: