А.Энхжин: Найман шарга захад Санхүүгийн зохицуулах хороо болон хуулийн байгууллагууд хамтран нарийн шалгалт хийж байгаа
Төрийн ордонд болж буй Монголын Эдийн засгийн чуулган “Шинэ сэргэлт” сэдвийн хүрээнд өнөөдөр болж буй. Энэ үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ханшийн тогтвортой байдалтай холбоотой мэдээллийг өглөө.
Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% суларсан бөгөөд энэ нь КОВИД-19-ийн нөхцөл байдлаас гадна ОХУ, Украины нөхцөл гадаад орчны тодорхойгүй байдлыг төсөөлөөгүйгээр муутгасан гэдгийг тэрбээр дурдаад “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд иен гэхэд 10 орчим хувь суларсан. Өндөр хөгжилтэй орнуудад ингэж суларч байхад төгрөгийн ханшийн сулралт 5.8% гэдэг харьцангуй тогтвортой гэж хэлж болох үзүүлэлт. Монголбанк бодлогын хүүг 2.5 хувь нэмсэн. Ингэж нэмэх нь харьцангуй тогтвортой болгох нөхцөл бүрдүүлж байгаа. Цаашид шаардлагатай бол бодлогын арга хэмжээ аваад явна” гэлээ.
Мөн “Ойрын хугацаад Монгол Улсад 1-2 тэрбум ам.долларын орох урсгал бий болох нь. Арилжааны банкууд тодорхой хэмжээний эх үүсвэр оруулж ирэхээр ажиллаж байгаагаас гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн томоохон компаниуд болох “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” компаниуд валютын нөөц нэмэгдүүлэх хэмжээнд томоохон урсгал оруулж ирэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд ханш тогтворжино гэж харж байна.
Орос, Украины асуудал хэзээ дуусахыг мэдэхгүй. Харин Хятадын хил дээр үүссэн нөхцөлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж байгаа. Уртын тээвэр дөрөвдүгээр сард багтаар эхэлчихвэл валютын орох урсгал нэмэгдэнэ .
Иймд он гарснаас хойш үүссэн ханшийн нөхцөл байдал ойрын хугацаанд арилна гэж харж байгаа” гэлээ.
Монголбанк өнгөрсөн онд 20.9 тонн үнэт металл авсан авсан бол энэ жил 24 тонн алт худалдаж авах тооцоотой байгаа аж. Энэ нь 1-1.2 тэрбум долларын нөөцтэй тэнцэх хэмжээ. Одоогийн байдлаар Монголбанк 3.2 тэрбум ам.долларын буюу 6-7 сарын импортын хэрэгцээг хангахуйц хэмжээний валютын нөөцтэй байна. Тиймээс иргэдийг төгрөгийн хуримтлалаа доллар болгох гэж яарах хэрэггүй гэдгийг А.Энхжин хэллээ.
Нийт валютын арилжааны 95% нь банк хоорондын зах зээлд хийгдсэн ба Монголбанкны зарлаж байгаа ханш нь банкуудын захын ханшийн дундаж аж. Харин Найман шарга захад Санхүүгийн зохицуулах хороо болон хуулийн байгууллагууд хамтран нарийн шалгалт хийж байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ярив.
URL: