Жоргүй олгодог эмийн балгаар мансууруулах бодист донтож байна

 2_20220405092243

Олон нийтийн дунд мансууруулах бодис гэдгийг олсны төрлийн ургамал, мөс, марихуан зэргээр төсөөлдөг түгээмэл ойлголт бий. Манай улсад мансууруулах төрлийн бодис, ургамал хэрэглэх хуулиар хориотой тул эмийн санд жортой, жоргүй олгодог зарим нэр төрлийн эмийг зориулалтын бусаар ашиглах явдал ихэссэн байна. Эцэг эхчүүд хүүхдээ хар тамхины төрлийн зүйл хэрэглээгүй л бол аюулгүй хэмээн тайвшрах боловч сэтгэцэд нөлөөлөх бодис, бэлдмэл хэрэглэж донтох явдал нүднээс далдуур олширчээ. Тухайлбал ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрөгч долоо хоногт нийт зургаан гэмт хэрэгт холбогдох 10 этгээдийг дайчлан баривчилсан аж. Тухайн хэргүүдийн  шалтгаан нь жортой болон жоргүй олгогддог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаар тарьснаас болж гар хуруунд нь үхжилт үүсэх цаашлаад амиа алдах тохиолдол гарч байгаа гэв. Тиймээс энэ асуудлын талаар сурвалжилга бэлтгэлээ.


ТУН НЬ ХЭТЭРВЭЛ ХАНИАДНЫ ЭМҮҮД Ч МАНСУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

“Насаараа эмийн санч хийж байна даа” гэж хэлэх нас тогтсон эмэгтэй зарим эмнүүдээ лангуунаас нууж тависнаа бидэнд үзүүлэв. Яагаад тэдгээр эмнүүдийг далд хийж буй нь учиртай.

Учир нь олон нийт болон өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг өөрийнх нь хүүхэд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлээс хол, тийм зүйл хэрэглэх учиргүй гэж тайвширч байх зуур эмийн санчдыг сандаргах хэмжээний үйл явдал өрнөж байна. Тархи хэт хөөрөлд автаж, ухаан санаа мансууралд автахын тулд заавал хар тамхи гэж нэрлэгдэх “хадны мангаа”-г хэрэглэдэг гэдэг нь өрөөсгөл ойлголт аж.

Ялангуяа өсвөр насны хүүхдүүд хамгийн ойр байрлах эмийн сангаас нэр бүхий цэр ховхлох үйлчилгээтэй ханиадны сиропон хэлбэрт эмийг бөөнөөр нь авч хэрэглэн донтох болсон байна. Тиймээс нас тогтсон эмийн санч эмэгтэй эхийн сэтгэлээр нэр бүхий эмнүүдийг нуудаг болсон гэнэ. Тус эмийн сан ЕБС-ийн ойролцоо байрлах тул дүрэмт хувцастай сурагчид нэр бүхий ханиадны сиропноос 2-3 ширхэгийг авах гэж асуух нь элбэг аж. Эхэндээ эмийн санч ямар учраас ийм их ханиадны сироп худалдан авч буйг гадарлаагүй боловч олны ам дамжсан ярианаас үүдэн тэдгээр хүүхдүүд юунд ашиглаж буйг мэдэж авчээ.

Түүнчлэн эмийн санчийн ярьж буйгаар сурагч гэлтгүй 20-иод насны залуус тухайн эмнүүдийг сураглаж орж ирэх нь их гэв. Мөн оройн цагаар ганцаараа ажиллаж буй настай эмэгтэйг дээрэлхэж, зарим тохиолдолд сүрдүүлэх маягаар эм авах гэж оролддог байна. Гаднаас нь харахад энгийн л ханиадны эм боловч доторх найрлагад нь орсон тайвшруулах төрлийн бодис нь их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хөөрөлд автуулдаг аж. Энэ мэтчилэн 4-5 эмийн сангаар ороход нөхцөл байдал мөн л дээрхтэй адил байлаа.

Дүрэмт хувцас өмссөн сурагчдад тухайн эмнүүдийг зарахаас мэдээж төвөгшөөх болсон тул тэд энгийн хувцас өмсч, гаднах төрхөө өөрчилж том хүн шиг харагдахыг хичээдэг тохиолдол ч бий аж. Мөн эпилепси хэмээх мэдрэлийн гаралтай өвчний үед түгээмэл хэрэглэдэг нэгэн эмийг хүүхэд залуус мансуурах зорилгоор хэрэглэх нь түгээмэл болсныг эмийн санчид дуу нэгтэйгээр тайлбарлалаа.

Тухайн эмийг ЭМД-ын сангаас хөнгөлөлттэй олгодог тул эмээ, өвөө, ээж, аавынхаа бичүүлсэн жорыг хулгайлах замаар хэрэглэдэг хүүхдүүд байж болзошгүйг нэгэн эмийн санч бидэнд мэдээлсэн юм. Эпилепси гэдэг нь тархины эсүүдийн хэт цэнэгжилтийн улмаас ухаан алдаж, уналт таталтаар илэрдэг архаг даамжрах явцтай эмгэг аж. Гэвч энэ өвчнөөр шаналж буй олон өвчтөнд очих ёстой эм өөр зорилгоор ашиглагдаж байгаа нь харамсалтай.

Дархан-Уул аймаг нийслэл хотыг бодвол цөөн хүн амтай, сийрэг газар. Тиймээс жижиг газарт болсон үйл явдал дорхноо илэрч, хариу арга хэмжээ авахад амар байдаг аж. Тус аймгийн Шижир эмийн сангийн ажилтан эм зүйч Б.Мөнхтунгалаг “Одоогоос хэдэн жилийн өмнө ширхгийн шампунь шиг савлагаатай комикс хэмээх эмийг олноор нь авч нэг дор хэрэглэдэг хүүхдүүд байсан. Эмийн санчид, сургуулийн багш болон удирдлага энэ явдлыг мэдмэгцээ тус эмийг зарахыг болиулсан байдаг. Нэг дор хэрэглэхдээ 20, 30 ширхгээр нь хэрэглэх ч явдал гарсан ба үр дүнд нь тулгуур булчингуудад таталт өгөх, ухаан балартах болон ходоод цоордог.

Мөн сүүлийн үед нэр бүхий капсул хэлбэртэй эпилепси өвчний үед хэрэглэх эмийг авах гэж оролдох өсвөр үеийнхэн олширсон. Тухайн эмийг ЭМД-аас хөнгөлөлттэй үнээр олгодог тул худлаа ярьж авах гэсэн хүүхэд ч ирдэг. Хамгийн хэцүү нь хүүхдүүд хуурай эмийг дуслын шингэнтэй хольж судас руугаа тарьж мансуурч байгаа явдал юм. Түрхэн зуурт сайхан мэдрэмж өгөх ч энэ бол яагаад ч байж болохгүй зүйл шүү. Судсаар тарихаас гадна тухайн эмийн тунг хэтрүүлсний улмаас биед үүсэх гаж нөлөөг тоочоод барамгүй. Жишээлбэл, сэтгэцэд өөрчлөлт орох, биеийн тэнцвэр алдагдах, бөөрний дутагдалд орох гэх мэт цааш тоочвол олон сөрөг нөлөө бий.

Үүний нөгөө талд тус эмийг байнга уух шаардлагатай хүнд өвчтнүүд байгаа. Тэдэнд эмчийн бичгийн дагуу эмийг нь зарах гэсэн ч өсвөр насны хүүхдүүд ямар нэгэн арга сүвэгчлээд олж авч хэрэглэдэг. Тиймээс энэ эмийг дээр дурдсан ханиадны сироптой адил хэрэглээнээс татая гэж санал гарган, худалдаалахыг нь зогсоож чадахгүй байгаа” гэв. Эмийн санчид аль болох дээрх капсул хэлбэрийн эмийг жор бичиж өгсөн он сар, өвчтөний болон эм авахаар ирсэн иргэний овог нэртэй тулгаж бичиг баримт шалган өгдөг гэсэн юм. Гэвч энэ төрлийн эмийг зориулалтын бусаар хэрэглэж хордсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсээр байна.

АЛИВАА ХҮЧИРХИЙЛЭЛ, ГАДУУРХАЛТАНД ӨРТСӨН ХҮҮХЭД СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСТ ДОНТОХ МАГАДЛАЛ БИЙ

Комикс гэх мэт хүүхэд залуус ихээр худалдан авч улмаар мансуурах зорилгоор ашигладаг эмэнд декстрометорфан хэмээх бодис ордог байна. Тус бодис нь гормоны үйл ажиллагааг дэмждэг тул тунг нь хэтрүүлбэл нүдний хүүхэн хараа эрс томрох, хий зүйл харах болон сонсох гэх мэт зүйлс ажиглагддаг аж. Эмийг ихээр хэрэглэсэн тохиолдолд хордлого нь удаан хугацаанд үргэлжилнэ. Зарим тохиолдолд тус эмийг хэтрүүлж хэрэглэсний улмаас ходоод нь цоорч, тайруулсан харамсалтай үйл явдал болжээ. Гэхдээ энэ бүх тохиолдлыг дан ганц мөнгөө үрж ядсан, жаргалдаа ташуурсан хүний даварсан үйлдэл хэмээн буруушааж болохгүй.

Ямарваа нэгэн сэтгэцэд нөлөөлөх бодист донтох, уруу татагдах нь цаанаа ямар учир шалтгаантай байдаг талаар Сэтгэл зүйч Б.Сайнзаяагаас тодрууллаа. Тэрбээр, Сэтгэл зүйн хамгаалалт нь сул хүүхэд энэ төрлийн зүйлийн бай болдог. Тухайн хүүхдийг өгөөш болгох, уруу татах замаар янз бүрийн эм бэлдмэл хэрэглэхийг шаардах тохиолдол бий.

Мөн хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ашиглан мөнгө олох гэсэн бүлэг этгээдүүд ч байдаг. Үүнээс гадна тухайн хүүхэд болон эцэг эх хоорондын төрсөн цаг үеийн ялгаа маш их юм. Зарим эцэг эхчүүд миний төрж өссөн үед юмс ийм л байсан болохоор чи яг түүгээр яв хэмээн хэт тулган шаардах нь бий. Энэ асуудлаас үүдэн хүүхдүүд эцэг эхтэйгээ таарамжгүй харилцаатай болж эхэлдэг. Улмаар хүүхдүүд эцэг эхтэйгээ ойлголцож чадахгүй байгаагаа мэдэрмэгцээ гэр бүл болон өөрийнхөө дунд хана босгодог. Энэ нь өөрийгөө тусгаар хүн хэмээн зарлаж, хэн ч миний энэ нөхцөл байдлыг ойлгохгүй гэж буйн илрэл юм. Үүнээс сэргийлэхийн тулд заавал өсвөр насны хүүхэдтэй гэлтгүй хүн бүр энэ асуудалд анхаарал хандуулах ёстой.

Одооны хүүхдүүд ийм, тийм гэсэн хандлага гаргах бус тэдэнтэй ярилцах ойлголцох хэрэгцээ нэн чухал байна. Хэрэв тэднийг басамжилж, үл тоосон хэвээр байвал эргээд танд өөрийгөө мундаг, сайн хүн гэж харагдуулахын тулд хуурамч дүр эсгэх нь бий. Мөн өсвөр үеийнхнийг ойлгож харьцаагүйн улмаас томчуудыг үзэн ядах, насанд хүрэгчид бол “тэнэг амьтад” гэж бодох сөрөг хандлага үүсч болно. Хүмүүс ярихдаа мөнгөө барж ядсан хүмүүс сэтгэцэд нөлөөлөх бодист донтож байна гэдэг.

Гэвч бодит байдал дээр сэтгэл нь шаналсан, бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, ялгаварлан гадуурхалтанд өртдөг гэх мэт олон шалтгааны улмаас сэтгэлийн өвдөлтөө дарах гэсэн өсвөр насныхан аливаа бодист донтох нь бий. Өсвөр насныхан томчуудыг бодвол юмсыг илүү нарийвчлан задлан ялгаж, утга учиртай гүн гүнзгий болгож хүлээж авах хандлагатай байдаг нь ч үүнтэй холбоотой. Нэг ёсондоо тэдний тархины үйл ажиллагаа нь асар хурдацтай өрнөж, хурц сэргэг байдаг ч эсрэгээрээ сэтгэцийн үйл ажиллагаа нь аливаа асуудлыг дааж давах чадвар султай. Мөн ямар нэг асуудал үүсэхэд тархи нь хамгийн хялбар аргаар бүхнийг мартахыг эрэлхийлж буй нь энэ насны хүүхдийг донтолт гэх ангал руу түлхэж байдаг” гэлээ.

Дэлхий нийтийн хэмжээнд нийт өсвөр насныханы 10 орчим хувь нь ямарваа нэгэн зүйлд гүнзгий донтсон байна гэсэн судалгаа гарчээ. Түүн дотроос нэг хүрэхгүй хувь нь сэтгэцэд нөлөөлөх бодист донтсон байгаа аж. Энэ тоо бага мэт санагдавч цаашид нийгэмд тархах, бусдад нөлөөлөх чадвараараа их гэнэ. Тэд хэнийг ч хохироохгүй хэрнээ сэтгэцийн асуудлаа нуухын тулд дан ганц өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж буй нь сэтгэл эмзэглүүлэм асуудал гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулж буй.

Томчуудын авч буй арга хэмжээ хэдий чинээ чанга хатуу байна төдий чинээ хүүхдийн зан авир, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хүндэрдэг гэнэ.  Хар тамхи хэмээн нэрлэх бодисыг худалдаалах, хэрэглэх хуулиар хориотой учир энэ төрлийн наймаа нүднээс далдуур бидний мэдэхгүй ертөнцөд нарийн зохион байгуулалттайгаар өрнөдөг. Мөн холбогдох хуулийн шийтгэл нь чанга, худалдан авах өртөг нь ч өндөр байдаг. Харин үүний сүүдэрт хүйтний улиралд хүн бүхэн эмийн сангаас худалдан авдаг ханиадны эмийг олноор нь хэрэглэж, хямд төсөр аргаар мансуурах үзэгдэл гарч буй нь хуулийн байгууллагын хяналтаас гарчээ.

Гагцхүү үүнийг таслан зогсоох, хянах боломжтой газар нь гэр бүлийн орчин болсон байна. Түүнээс гадна цахим орчинд хийжүүлсэн ундаанд нэр бүхий эмийг хийж найруулан ууж мансуурдаг чиг хандлага олшроод олон жил болжээ. Тодруулбал, АНУ-д хип хоп урсгалаар уран бүтээл туурвидаг зарим уран бүтээлч тухайн мансууруулах үйлчилгээтэй ундааг бэлтгэх аргыг дэлгэрэнгүй тайлбарласан, өөрсдөө хэрэглэж буй бичлэгээ байршуулдаг байна. Үүнийг үзсэн өсвөр үеийнхэн шүтдэг уран бүтээлчийнхээ үйлдлийг даган дуурайх болж.

Гэвч Харилцаа холбооны зохицуулах газраас энэ мэт агуулгатай бичлэгийг хүүхэд, өсвөр үеийнхэн үзэхээс хамгаалах талаар зохицуулалт хийдэг эсэх талаар лавлахад тодорхой хариулт өгсөнгүй. Нэг хэсэг бөөн шуугиан тарьсаны эцэст Монгол Улсын нутаг дэвсгэрээс насанд хүрэгчдэд зориулсан бичлэг байршуулдаг сайтуудад хандах эрхийг хязгаарласан байдаг. Тус үйл явдлыг бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох үүднээс хэмээн тайлбарласан. Тэгвэл гар доорх материал ашиглан мансуурахыг сурталчилсан бичлэгийг хүүхэд үзэхийг хараад суух нь хэр оновчтой бол. Дээгүүр бид цагаан тахал хэмээх хар тамхитай тэмцэж, заримдаа сүр бадраасан тусгай ажиллагаа явуулж  байх хооронд эмийн тунг хэтрүүлэн мансуурч яваа хүүхдүүдээ мартаж орхисон байна.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL:

Tags: