Хохирогчийн ээж Ш.Гэрэл: Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч н.Дагвасүрэн хүүг минь дайрчихаад, 100 мянган төгрөгөөр торгуулж, машинаа бариад, ажлаа хийгээд явж байна
Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч н.Дагвасүрэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч дайрсан ноцтой ослын талаарх зураг, дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан тэрбээр замын голд хүн дайрч, хүнд бэртээсэн гэх мэдээлэл билээ. Мөн түүнийг зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүн гэмт учруулчихаад Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулж, жолооны эрхээ хасуулаагүй гэх мэдээлэл гарсан. Бид хохирогчийн ээж Ш.Гэрэлтэй холбогдож, хэргийн талаар ярилцлаа.
-Хүүгийнх нь биеийн байдал ямар байгаа вэ. Тухайн хэрэг хэзээ, хаана болсон талаар та тодорхой яриад өгөхгүй юу?
-Миний хүү өнгөрсөн намар буюу наймдугаар сарын 20-ны орой ажлаа тараад найзуудтайгаа явж байсан юм билээ. Гэтэл хүүг минь Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч н.Дагвасүрэн гэх залуу машинтайгаа явж байгаад мөргөчихсөн байсан. Ямар аймар мөргөснийг нь та бүхэн бичлэг дээрээс үзсэн байлгүй. Машиных нь дугуй миний хүүгийн нурууны тэхий голыг дарчихсан, хүү минь машины доод талд байдаг чадлаараа хашхираад, тарчилж байсан шүү дээ. Бид тухайн үед юу болсныг мэдэх ч сөхөөгүй байлаа. Хүүг аваарт орсон тухай найз нь залгаж хэлээд, санд мэнд эмнэлэгт очсон. Хүүг минь найзууд нь эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээг эхлүүлсэн байна лээ. Тэгээд тэр шөнө хүүгээ сахиад, хүмүүстэй уулзаж чадаагүй. Бие нь өвдөөд, байнга тайвшруулах тариа хийж байсан. Хүүгээ сахиж байхад нэг залуу эмнэлэгт орж ирээд “Сая машинд мөргүүлж ирсэн залуугийн биеийн байдал ямар байна вэ. Та ээж нь үү” зэрэг хэдэн асуулт асуучихаад гараад явсан. Гэтэл надаас асуулт асуугаад байсан залуу миний хүүг дайрсан машины жолооч юм билээ. Үнэндээ бол миний хүүг үхсэн байна уу, үгүй юу гэдгийг шалгаж явсан юм шиг байна дээ. Тэгэхээр тэр залууг цагдаа нар баривчлаагүй, сул явуулчихсан нь тодорхой байгаа биз дээ. Миний хүү тархиндаа хүнд доргилт авч, дотуур гэмтэл авсан. Нуруу нь маш их өвддөг болсон. Аймгийнхаа эмнэлэгт хэд хоног хэвтэж, эмчлүүлээд, Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн. Гэсэн ч эмч нар дотуур гэмтэлтэй учраас цаашид ямар сөрөг нөлөө гарахыг хэлж мэдэхгүй гэнэ лээ. Хүүгээ хөл дээр босгох гэж очоогүй бариач, эмнэлэг гэж байгаагүй. Тэрний хүчинд хүү минь хөл дээр боссон.
-Хүү нь одоо ажлаа хийж чадаж байгаа юу?
-Миний хүү гар бөмбөг сайн тоглодог, станцад туслах механикч хийдэг байсан юм. Машинд мөргүүлснээсээ хойш ажлаа ч, гар бөмбөгөө ч тоглож чадахаа больсон. Ажил нь хүнд, байнга дээшээ, доошоо гүйж харайж, хүнд зүйл өргөж, хүнд нөхцөлд ажилладаг учраас нуруу, толгой нь өвдөөд хүчрэхээ болиод ажлаасаа гарсан. Залуу хүн ямар ч ирээдүйгүй, сэтгэлээр маш их унаж, өөртөө итгэлгүй болсон. Хүүгээ цаашид амьдрахыг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Зүв зүгээр сайхан амьдарч, ажил төрөлтэй, зорилго тэмүүлэлтэй амьдарч байсан үрийг минь хэн ч биш, бие муутай хүн болгож хаячихаад гэмт этгээд сул чөлөөтэй явж байна.
-Та хүүгээ дайрсан хүнтэй уулзсан уу?
-Үгүй. Тэдний гэрийнхэн биднээс уучлалт гуйх нь битгий хэл уулзахаас байнга зугтаадаг. Утсаа авахгүй, байнга таслаад байдаг юм билээ. “Залуу хүний ирээдүйг ийм болгочихлоо. Уучлаарай” гээд ороод ирэх болов уу гэж долоо, найман сар харлаа. Тэдэнд тийм сэтгэл байсангүй. Аймгийн эмнэлэгт долоо хоног эмчлүүлэх хугацаанд хүүг минь дайрсан хүний эгч нь гэж хүн ирээд, хүүгийн минь алхам тутам, үйлдэл бүрийг нь утсаараа бичлэг хийж аваад байсан.
-Хүүд нь эмчилгээний төлбөр олгосон уу?
-Энэ хүртэлх хугацаанд бид хүүдээ шаардлагатай бүх эмчилгээг чадахаараа хийж, ах, дүү, хамаатан саднаасаа мөнгө зээлээд ч болтугай хүүгээ хөл дээр нь босголоо. Бидэнд тэдний гэрийнхнээс авсан мөнгө байхгүй. Аймагт хэвтэн эмчлүүлсний ор, хоногийн мөнгө гэж 236 мянган төгрөгийг төлсөн. Бусдаар миний хүүд нэг ч төгрөг өгөөгүй.
-Хэргийг нь шалгаж байгаа юу. Ямар шатандаа яваа вэ?
-Хэргийг өнгөрсөн арванхоёрдугаар сард хаасан байна лээ. Бид өөрсдөө ч мэдээгүй байхад хаачихсан байсан. Цагдаагийн газар очоод асуухад “Хүүг чинь хоёр удаа дуудахад ирээгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь хоёр удаа хөнгөн бэртэл гэж гарсан учир хэргийг хаасан” гэж хэлсэн. Шүүх хурал ч болоогүй. Миний хүү тархи, нуруундаа хүнд бэртэл авчихаад хөнгөн бэртэл гээд хэргийг нь хаасанд үнэхээр их гомдсон байна лээ. “Ээж ээ, хүү нь хохироод л үлдэж байх шиг байна даа” гээд хоолой нь зангирч байсан. Хууль, шүүхийнхэн тийм дүгнэлт гаргасанд үнэхээр гайхаж, харамсаж байна.
-Тэр хүнийг согтуу байсан гэх мэдээлэл бий?
-Тэнд байсан олон гэрч согтуу байсан талаар нь ярьж байсан. Гэхдээ одоо чухам яасныг нь мэдэхгүй. Цагдаа нар эрхийг нь хасаагүй, Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоод явуулсан байна лээ.
-Одоо та бүхний хүсэж байгаа зүйл юу вэ?
-Тэр хүн МАН-ын гишүүн байна уу, ИТХ-ын төлөөлөгч байна уу, эхнэр нь Засаг дарга байна уу хэнд ч хамаагүй. Зөвхөн миний хүүгээс ирээд, хүн шиг уучлалт гуйгаад, залуу хүнд урам өгөөсэй гэж хүсэж байна. Эхнэр нь Хэрлэн сумын есдүгээр багийн Засаг даргаар ажилладаг юм. Би тэр хүнийг эх хүн юм чинь хүрээд ирэх болов уу гэж зөндөө харлаа. Арга ядаад хоёр, гурав хоногийн өмнө өөрөө залгаж ярьсан. Гэтэл өөдөөс минь “Хууль хяналтын байгууллагаараа яваад, шийд гаргуулаарай. Өгөх мөнгө нь бэлэн байна” гэж надаар даажигнаж байна лээ.
https://ergelt.mn/news/59/single/19724
URL: