Путин: Рублиэр тооцоо хийх нь ОХУ-ын санхүүгийн тусгаар байдлыг бэхжүүлнэ

 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн “нөхөрсөг бус орнууд”-д Оросын хийг гагцхүү рублиэр зарах тухай шинэ зарлигт гарын үсэг зуржээ. Ингэснээр хийн худалдаанд оролцогчид “Газпромбанк”-д рублийн данс нээж, тэндээсээ төлбөр тооцоог гүйцэтгэх ёстой аж. Энэ нь гагцхүү хийн хоолойгоор дамжуулж буй “Газпром”-ын нийлүүлэлтэд хамааралтай гэдгийг онцлох нь зүйтэй.

 

“Рублиэр тооцоо хийхгүй бол худалдан авагчийн талаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Бидэнд хэн ч үнэ төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүн зараагүй, бид ч мөн буяны үйлс хийх төлөвлөгөөгүй байна” хэмээн Путин мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, санхүүгийн системийг зэвсэг болгон ашиглаж байгаа барууны орнуудын валютыг ашиглах нь ямар ч утгагүй гэнэ.

 

“Бид Европын хэрэглэгчдэд хий нийлүүлсэн. Тэд хүлээн авч, еврогоор төлөөд, дараа нь өөрсдөө энэ хөрөнгийг царцаачихсан. Эндээс үзэхэд, бид Европ руу үнэ төлбөргүй хий нийлүүлсэн гэж үзэх үндэслэл байна. Ийм байдлаар үргэлжилж болохгүй. Цаашид хий нийлүүлж, энэ хийн төлбөрийг евро, доллараар төлбөл эндээс олсон орлогыг мөн л царцаах магадлалтай” хэмээн Путин мэдэгдээд, рублиэр тооцоо хийх болсон нь Оросын санхүү, эдийн засгийн тусгаар байдлыг бэхжүүлэхэд чухал алхам хэмээн онцолжээ.

 

Түүнчлэн гадаад худалдаанд эзлэх үндэсний валют болон найдвартай түнш орнуудын валютын эзлэх хувийг нэмэгдүүлнэ хэмээн Путин мэдэгдсэн байна.

 

Путинийг ийнхүү мэдэгдэл хийсний дараа Европын бирж дээр хийн үнэ мянган кубметр нь 1395 доллар болж нэмэгджээ. Путин мэдэгдлийнхээ үеэр, Оросын хий дэлхийн зах зээлийн өнөөгийн үнээс хэд дахин бага байгааг онцолсон байна.

 

Оросын Ерөнхийлөгч энэ мэдэгдлийнхээ үеэр Оросын эсрэг олон жилийн туршид тавьсан хориг арга хэмжээний талаарх сэдвийг ч хөндсөн байна. Оросын хөгжлийг сааруулах, тусгаар тогтнолыг алдагдуулах, үйлдвэрлэл, санхүү, технологийн хүчин чадлыг багасгах зорилгоор хориг тавьсан гэж Путин үзэж байгаа аж.

 

“Эдгээр бүх хориг арга хэмжээг эртнээс бэлтгэсэн, ямар ч тохиолдолд тавих л байсан гэдгийг цохон тэмдэглэе. Эдгээр хориг нь манай эрх чөлөө, тусгаар байх эрх, Орос байх эрхийн төлөө тавьж байгаа хэрэг” хэмээн Путин мэдэгдсэн байна.


URL: