Төрийн байгууллагуудын хүнд суртал юунд хүргэх вэ

0bd6b85e590dac08e0d1fad54d5fda487f537fcf
ОХУ-аас Украйны нутаг дэвсгэрт явуулж байгаа дайнтай холбоотойгоор дэлхий даяар эдийн засгийн байдал хүндэрч, хямралын нөхцөл үүсэж байна. Монгол улсын хувьд эдийн засаг нь импортын хамааралтай учир бүр ч хүнд нөхцөл үүсч мэдэхээр байгаа. Нефтийн бүтээгдэхүүн шатахуунаар ОХУ- аас 90 гаруй хувийн хамааралтай манай улсын хувьд үнэхээр хүнд өдрүүд ирж мэдэхээр байна. Өнөөдөр цаг алдалгүй улсын нөөцөө бүрдүүлэх, хугацаа хожиж ганц литр ч болов шатахуун татаж авахад анхаарахгүй бол байдал яаж ч эргэж мэдэхээр байна. Гэтэл төрийн байгууллагууд эдийн засгийн амаргүй нөхцөлд ажиллаж байгаа хувийн хэвшлийнхээ дэмжиж ажиллахын оронд хүнд суртал гаргаж, тусгай зөвшөөрөл, экспортлогчтой хийсэн гэрээ зэрэг олгогдсон нь тодорхой, өөрсдөд нь хадгалагдаж байгаа бичиг баримтыг шаардаж, бараа материалыг саатуулахыг сануулах, улмаар шалтаг олж шалгалт явуулах, сул зогсолт хийлгэх зэргээр улс орноо хорлож байна гэх мэдээллийг олон импортлогч өгч байна.

Эдийн засгийн онцгой нөхцөлд улсаас явуулдаг хяналт шалгалтыг бодлогоор цөөрүүлж эдийн засгийн эргэлтээ нэмэх, хүнд нөхцөлөөс яаж гарах талаар шийдвэр гаргагчид нойр хоолгүй ажиллаж байхад олон нийтийн санал асуулгаар авилгалд идэгдсэнээрээ толгой цохидог төрийн байгууллагууд хүнд суртал гаргасаар, хувийн хэвшлийнхнээ дарамталсаар сууна. Тэдний авилга горилсон энэ мэт араншингаас болж сул зогсолт, алдагдсан цаг хугацаанаас үүдэн хичнээн тэрбум төгрөг алдагдаж, түрээсийн тоогоор харийн эдийн засаг руу урсаж байгааг тооцоход хэцүү. Төрийн байгууллагуудын энэ хүнд суртал юунд хүргэх вэ. Хариуцсан эрх мэдэл, албан тушаалтнууд анхааралдаа авна уу.


URL: