Л.Халтар сайдын ам гарсан гуравдугаар сарын 15 боллоо
Энэ оны нэгдүгээр сард Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэрээ “Гуравдугаар сарын 15 гэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахгүй бол огцоръё” гэж ярьсан байдаг.
Тодруулбал “Чадахгүй бол энд мануухай болж суугаад яах вэ” хэмээгээд тэр “Монголын төмөр зам”-ынхныг шүүмжилж, төмөр замын бүтээн байгуулалт дээр хойрог хандаж, хуралдаан дээр төлөөллөө ирүүлэхгүй байгаа асуудлыг шүүмжилсэн юм.
Өнөөдөр гуравдугаар сарын 15. “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам 100 хувь ашиглалтад ороогүй байна. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд БНХАУ руу туршилтын тээвэр хийсэн удаатай аж. Өөрөөр хэлбэл баригдаж дууссан, гэхдээ ашиглалтад бол ороогүй байна.
Нөгөөтээгүүр төмөр замууд дундаас ажил нь хамгийн хол явсан, хамгийн түрүүлж ашиглалтад орох боломжтой нь Тавантолгой-Зүүнбаян байсан. 2021 оны арванхоёрдугаар сард л тус төмөр замын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаны хүмүүс зарлаж, зун нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрөө очин танилцаж байв.
Мэдээлэл өгөхөд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь, Дорноговь аймгийн 5 сумын нутаг дэвсгэрээр дайран 1 өртөө, 6 зөрлөгтэй 416.1 километр урт, 27 ширхэг гүүр, 595 ширхэг хоолой бүхий Р65 зам төмөртэй, уулзвартай, гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм.
Г.САНСАРМАА
https://eguur.mn/304214/?fbclid=IwAR2GnXBR6NfENbJWahnXgIbuxP8YWA2tHudt7GqECfkxKmA0KkM0wJ6xqvQ
URL: