Илон Маск ОХУ-ын ерөнхийлөгчийг тулаанд дуудав

зураг

Даваа гарагт SpaceX, Tesla компаниудын гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Маск ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг тулаанд дуудаж байгаагаа твиттер хуудсандаа зарлажээ.

“Владимир Путинийг би ганцаарчилсан тулаанд дуудаж байна. Бооцоо нь Украин” гэж тэр кирилл, латин үсэг хольж бичсэн байна.

Дараагийн жиргээндээ Маск “Тулааныг зөвшөөрч байна уу?” гэж орос хэлээр бичээд Кремлийн твиттер хаягт ханджээ.

Энэхүү жиргээ нь ямар утгатай болох, тулаан ямар хэлбэрээр явагдах талаар тэр цааш дэлгэрүүлээгүй байна.

Оросын цэрэг Украинд цөмрөн орсны дараахан Илон Маск өөрийн Starlink төслийн интернэт холболтын терминалуудыг Киевийн эрх баригчдад тусламж болгон илгээж байв.

Украины хямралтай холбоотойгоор Орос ба Өрнөдийн орнууд харилцан эдийн засгийн хориг арга хэмжээнүүд зарлацгааж байгаа. Үүнд SpaceX компани ч тодорхой хэмжээгээр өртсөн юм.

Тухайлбал Роскосмос байгууллагын тэргүүн Дмитрий Рогозин өнгөрсөн долоо хоногт Орос улс пуужингийн хөдөлгүүрээ АНУ-д нийлүүлэхгүй болж байгааг зарлаж байв.

“Шүүр унаад ч юм уу, ямар нэг аргаар өөрсдөө ниснэ биз. Би яг юугаар нисэхийг нь мэдэхгүй байна” гэж Рогозин ярьж байжээ.

Харин Лхагва гарагт SpaceX компани Starlink төслийнхөө хиймэл дагуулуудыг хөөргөсний дараа тус төслийн захирал “Америкийн шүүрийг нисгэж, эрх чөлөөний дуу хоолойг сонсох цаг боллоо” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: Business Insider


URL: