“Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн 49 хувийг $2.7 тэрбумаар авах санал тавив
“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийг бүрэн эзэмшихээр 49 хувийн хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан байна.
“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийн нийт энгийн хувьцааны 50.8 хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ногдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах албан ёсны саналаа тус компанийн ТУЗ-д хүргүүлснээ мэдээллээ.
Энэхүү санал хэрэгжсэнээр “Оюутолгой” төслийн 66 хувийг “Rio Tinto” групп шууд эзэмшихээр болж байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг тус компани тодотголоо.
“Rio Tinto” групп “Оюутолгой” төсөлд шууд хувь эзэмшиж эхэлснээр төслийн засаглал илүү энгийн болж, Монгол Улсын Засгийн газартай илүү үр дүнтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
49 хувийн хувьцааг 2.7 тэрбум ам.доллароор худалдан авахдаа нэгж хувьцааны ханшийг нь 34 канад доллароор үнэлжээ. Одоогоор “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 25.6 канад доллар байна.
Ерөнхийдөө “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид болон “Rio Tinto”-ийн хооронд маргаантай асуудлууд олон байдаг. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийг “тэглэх”-д жижиг хувьцаа эзэмшигчид ихээхэн шүүмжилж байсан юм. Мөн нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.
Дээрх саналтай холбоотой эцсийн тохиролцоонд хүрээгүй байна. Хэрэв “Turquoise Hill Resources”-ийн бусад хувьцаа эзэмшигчид энэхүү саналыг хүлээж аваагүй тохиолдолд “Оюутолгой” төслийн одоогийн хувь эзэмшлийн бүтэц хэвээр хадгалагдах юм байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Bloomberg Tv
URL: