КОНДОЛИЗА РАЙС шиг байхын учир

2011 оны сүүлээр АНУ-д АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райсын “Асар их хүндэтгэл” ном худалдаанд гарчээ. Тэрбээр номдоо АНУ-ын Ерөнхийлөгч бага Жорж Бушийн Засгийн газарт өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай бичсэн байна. Америкийн дипломат бодлогын дотор талын тухай өгүүлэхдээ Райс дэлхийн удирдагчидтай хийсэн уулзалтаас төрсөн сэтгэгдлээ бичжээ. Тэдгээрээс сонирхолтойг нь “Лента.ру” түүвэрлэн гаргав.
Уго Чавес аль хэдийн сэтгэл түгшээж байсан хэдий бүс нутгийнхаа олны анхаарлыг хамгийн их татсан хүн арай болоогүй байв. 2001 оны дөрөвдүгээр сард Андын нурууны улсад болсон уулзалтын үеэр бид уулзахад тэрбээр байнга инээмсэглэж, Ерөнхийлөгч Буштай нэг зурагт орохыг их хичээж байлаа. Жорж Бушийг танхим руу ороход түүн рүү Чавес босон харайхдаа арай л ширээн дээгүүр харайгаагүй бөгөөд хоёр биений сонирхдог бейсболын тухай ярьж билээ. Хожим нь Ерөнхийлөгч Чавесыг “гудамжны хулгайч” гэж билээ. Түүнийг харагдаж байгаагаасаа хамаагүй аймшигтай юм гэсэн бодол надад төрсөн. Чавесын хүмүүсийг өөртөө татах зэрлэгдүү маягийн араншин нь тийм бодол төрүүлсэн юм.
Би Шаронтой Тель-Авив дахь “Ликуд” намын байрны жижигхэн албан тасалгаанд уулзсан. Тэрбээр биеийн өндөртэйгөө адил өргөн хүн болох нь нүдэнд шууд тусч билээ. Бага зэргийн залхуудуу харцтай, нэлээд махлаг нүүр царайтай, англиар их аялгатай ярьж байсан. Шарон англиар сонсохоосоо илүү сайн ярьдаг ховорхон хүмүүсийн нэг болохыг би хожим нь ойлгосон. Энэ нь үл ойлголцолд байнга хүргэж байсан бөгөөд Шарон нэг хэлж ярьснаа тохирсон, тохироогүй нэлээд хэдэн удаа давтдаг байлаа. Гэхдээ бидний анхны уулзалтын үеэр түүнийг англиар чөлөөтэй ярьдаг юм байна гэсэн сэтгэгдэл надад үлдсэн.
Шарон Израилийг хэлбэрэлтгүй хамгаалагч болохыг би мэдэж авсан. 1982 оны Ливан-Израилийн дайны үеэр Сабр, Шатилд Палестины дүрвэгсдийн хуаран руу дайрахад тэрбээр аймшигтай үүрэг гүйцэтгэснийг би мэдэж байлаа. Тэгэхэд гэм зэмгүй палестинчууд амь үрэгдсэн билээ. Бидний анхны уулзалтаас л түүний чанга хатуу, буулт хийдэггүй хүн болох нь эргэлзээгүй болсон. Гэсэн ч тэр надад таалагдсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин /2000-2008 он/, Санкт-Петербург хотын дарга  Анатолий Собчак /1991-1996 он/
Путиныг Буштай уулзахаар алхаж явахад нь би түүний байр байдлыг анзаарсан. Оросын удирдагч тийм ч өндөр бус, 170 орчим сантиметр өндөр, гэхдээ ханхар цээжтэй, хөнгөн спорт алхаатай хүн байсан. Тэр жаахан мушилцсан, тэр ч байтугай бухимдсан байдалтай харагдсан. Буштай гар бариад оросын уламжлалт талархлын үг болох “их таатай байна” гэсэн үгийг хэлэхэд түүнтэй уулзсанаа гэнэт санаж билээ.

1992 онд би шинэчлэгч-хотын дарга, талийгаач Анатолий Собчактай уулзахаар Санкт-Петербургийг зорьсон. Тэр үед хотын дарга Оросын эзэнт улсын хуучин агуу нийслэлд Европын их сургууль нээхээр бэлтгэж, Стэнфордын хэд хэдэн профессортой зөвлөлдөхөөр шийдсэн байв. Биднийг очдогийн орой Собчак бидэнд зориулж хүлээн авалт хийсэн. Тэрбээр, эхнэрийн хамт хаант засаглалыг дэмждэг, ХIХ зууны байдлыг их биширдэг, орчин үеийн Орос оронд Санкт-Петербургийн агуу өнгөрсөн үеийг бий болгохыг хичээдэг байв. Албаны хар хувцас өмссөн хүмүүс танхим дүүрэн байсан. Тэдний дунд олон Толстой, Пушкин байлаа. Урьд цагийн агуу зохиолч, зураачдын гэр бүлтэй тэд ямар нэг байдлаар холбоотой байв. Тэнд бусдаас онцгой нэг хүн байсан. Зөвлөлтийн үеийн дээд тушаалын түшмэдийн өмсдөг шиг костюм өмссөн түүнийг Санкт-Петербург хотын орлогч дарга Владимир Путин гэж надад танилцуулсан.
***
Жорж Буштай уулзахдаа Путин ээжийнх нь бэлэглэсэн загалмайн түүхийг ярьж байв. АНУ-ын Ерөнхийлөгч илүү итгэлцсэн харилцаа үүсгэхийн тулд зүүсэн загалмайнх нь тухай асуусан юм. Тэрбээр зуслангийн байшинд нь гарсан галын тухай, ажилчдыг шүтдэг загалмай нь аварсан тухай ярьж байсан санагдаж байна. Өдгөө ч би тэр ярианы учрыг ойлгоогүй байна. Коммунизмд үнэнч нэгэн байсан Путиныг сүсэгтнээр төсөөлөх надад их хүнд байгаа юм.
***
Путины Москва дахь зуслангийн биеийн тамирын зааланд балетын хэрэглэл байсныг Ерөнхийлөгч Буш лавлахад, “Людмила балет бүжиглэж сурч байгаа юм. “Хунт нуур” бүжиглэж байгаа” гэж Путин хариулжээ. Би Людмилаг дэмжихийг оролдсон бол өөрөө үхсэн хун болох байсан байх. Эхнэрийнх нь талаар нэлээд бүдүүлэг хошигнолыг хөхүүлэн инээх нь зохимжгүй байсан. Гэсэн ч Людмилад таагүй байсан ч бид инээлдэж орхисон.
***
Яваандаа нэгийн эсрэг нэг болсон хоёрын эсрэг хоёр томьёоллоор бид Путинтай олонтаа уулзсан. Бид тийм ч олон асуудал хэлэлцээгүй, гэхдээ уулзалт яриаг Америкийн бодлогод юу түүнд “таалагддаггүй” болон өөрийн гэсэн ардчиллыг тогтоож буйгаа ойлгуулан ярихад ашигладаг байв. “Чи биднийг мэднэ” гэж миний боловсролын талаар хөндөж надтай ярьж билээ. Энэ үгийг Орос улс ардчилсан улс болж байгаа тухай ярихдаа хэлдэг. Орост хүчтэй гар хэрэгтэй, нам доторх фракцуудыг аажмаар хөгжүүлэх хэрэгтэй аж. Оросуудыг сайн юманд хүргээгүй олон хувьсгал хийсэн тархай бутархай сүрэг шиг төсөөлдгийг тэрбээр тэмдэглэсэн. Тэдэнд удирдагч хэрэгтэй юм.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Иванов /2001-2007 он/
Зураг:3-Сергей Иванов. 2007 он.
Урьд нь Путины адил Улсыг аюулаас хамгаалахын ажилтан байсан Иванов хэлний ер бусын авьяастай хүн байв. Тэрбээр англиар үл ялиг аялгатай ч маш сайн ярьдаг. Дуудлагаа засахын тулд рок хөгжим сонсдог байсан гэсэн. Сергей АНУ-ын талаар хатуу бөгөөд бага зэрэг сэжиглэнгүй хандлагатай, гэхдээ түүнд найдаж болно. Тэрбээр чадахгүй зүйл дээр хэзээ ч ам гардаггүй. Албан тушаал, зэрэг цолоос үл хамааран Иванов Путантай ямар ч нөхцөлд холбоо тогтоож болох найдвартай суваг байсан. Цагаан ордон болон Кремль хоорондын харилцаанд энэ суваг хамгийн чухал нь байлаа.
Ромын пап хоёрдугаар Иоанн Павел /1978-2005 он/
Протестант шашинтан байсны хувиар буруу алхам хийснээ би хэзээ ч мартахгүй. Пап миний гарыг барихад би “Бурхан таныг ивээг” гэж хэлж билээ. Гэгээн эцгийг адисладаггүй, харин тэр л адислах ёстой байсныг тэр даруй ойлгосон. Гэхдээ тэрбээр надад зүгээр л “Баярлалаа” гэж хэлж билээ.
Иллинойс муж улсаас сонгогдсон сенатч /2005-2008 он/, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама /2009 оноос хойш/
Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Сенатад хэлэлцсэн эхний өдрийн үдэд шинэхэн сонгогдсон сенатч үг хэлэв. Түүний тавьсан асуултууд хурц боловч бүдүүлэг биш байсан бөгөөд миний хариулт түүнд сонирхолтой санагдсан шиг санагддаг. Түүнтэй хийсэн яриа надад их сэтгэгдэл төрүүлсэн. Энэ бол сенатч Обаматай хийсэн анхны уулзалт байлаа.
***
Жорж Буш халаагаа Барак Обамад шилжүүлэх ажиллагаа ямар ч асуудалгүй болж өнгөрсөн. Гэсэн хэдий ч сонгуулиас хойш тангараг өргөх ёслол хүртэлх 10 долоо хоног төвөггүй өнгөрөөгүй. Хэдийгээр халаагаа өгөх Ерөнхийлөгч байсан ч гэсэн зэвсэгт хүчний шинэ дээд командлагч болж буй үйл явдлыг мэдэж байгаа гэдэгт итгэл төгс байх хэрэгтэй байлаа.
Тэр үед дипломат нэлээд хэдэн “халуун” асуудал байсан бөгөөд шинээр сонгогдсон төрийн тэргүүнтэй тэдгээр асуудлыг би хэлэлцэхээр Ерөнхийлөгч Буштай ярьж шийдсэн байв. Сенатаар батлаагүй байсан Хиллари Клинтонтой уулзах нь тохиромжгүй байсан юм.

Барак Обама бид хоёр хэд хэдэн удаа уулзахдаа Умард Солонгостой хэлэлцээ хийх, Газын зурвасын асуудлыг шийдэх талаар, бас илүү чухалд тооцогдож байсан Өмнөд Азид 11 дүгээр сарын сүүлээр болсон үйл явдлыг хэлэлцсэн. Сүүлийн удаа бид түүнийг тангараг өргөхөөс хэдхэн хоногийн өмнө уулзаж билээ. “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өө, энэ таныг Зуйван танхимд орохоос өмнөх бидний сүүлчийн яриа болох байх. Ерөнхийлөгчөөр сонгогдсон таниар би бахархаж байна. Танд амжилт хүсье, Бурхан танд туслаг” гэж би хэлж билээ.
З.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих