Хохирогч нь дуусдаггүй ХААН БАНК
Өмнө ч бичиж байлаа. Авахаа мэддэг хэрнээ хариуцлага хүлээдэггүй байдал банк, санхүүгийн салбарт даамжрах янзтай боллоо гэж. Өнөөдөр ч энэ асуудал яригдаж эхлэв бололтой. Харилцагчдынх нь данснаас хэдэн сая төгрөг татагдсан шуугиан дэгдэхэд дорвитойхон ч мэдэгдэл хийчих хэмжээний бус банкинд өнөөдөр Монгол Улсын иргэдийн 90 орчим хувь нь харилцагч хэмээх тодотголтой. Энэ нь ХААН банкинд итгэдэг харилцагч хэдэн зуун мянгаар тогтохгүй болохыг нотолно.
Өнгөрсөн онд харилцагч данстай иргэд сарын цалингаа, мөн 50 сая хүртэлх төгрөгөө алдсан ноцтой хэрэг гарсан. Харин уг асуудлын гаргалгааг хэдэн хакерууд нийлээд халдчихсан гэх дөмөгхөн “үлгэрээр” хаацайлж, залилсан хүний өмнөөс бид хариуцлага хүлээхгүй гээд мэдэгдэл хийгээд сууж буй Хаан банкныханы өмнөөс нүүр ч улайх шиг болсон. Олон ч асуудал дээр “чих халууцуулах” боллоо, Хаан банк. Өчигдөр л гэхэд дахин нэг хохирогч байж болзошгүй иргэн мэдэгдэл хийсэн. Тодруулбал, иргэн Д.Ариунцэцэг банкны зүгээс зээл олгохдоо хуурамч нотариатын бичгийг үндэслэн зээл олгосноос эргэн төлөлт нь хийгдээгүй учир хугацаатай хадгаламжаас дур мэдэн татан авалт хийсэн. Үүнээс болж түүний хувьд зургаан жилийн турш эрүүгийн хэргээр шалгагдаж цагдаагийн байгууллагаар явсан гэнэ. Хохирол барагдуулсан гэх нэр зүүхийн тулд 63 сая төгрөгийг миний дансанд хүчээр хийсэн боловч хүүг нь хийгээгүй болохыг мэдээллийн үеэр онцолсон. Дахин нэг хохирогч. Өмнөх хохирогчид нь нам гүм хэвээр. Хамгийн анхааралтай хандах ёстой зээлийн асуудал дээр хайхрамжгүй хандсан гэдэгт тус банк тайлбараа хийх хэрэгтэй байх. Магадгүй хэсэг хугацаа өнгөрөхөд эл асуудал намжиж дараагийн хохирогч гарч ирэхэд л нийгмээрээ шуугих биз. Тиймээс асуудал үүссэн бол алдаа хаана гарсан талаар тодорхой мэдээлэл өгдөг байх жишигт суралцах цаг нь болжээ.
Өмнөх данснаас мөнгө алдагдсан асуудал бол харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангаж чадаагүйтэй холбоотой үүссэн асуудал. Харин энэ удаад хуурамч бичиг баримтыг шалгалгүйгээр зээл гаргасан байж болзошгүй асуудал хөндөгдөх бололтой. Банк, санхүүгийн салбартаа толгой цохидог ХААН банк өнөөдөр ийм асуудлуудад холбогдож байгаа нь тун ч харамсалтай басхүү хариуцлагагүй хэрэг юм.
Итгэж болно гэх амлалтдаа эзэн байна уу, ХААН банкныхан. Мөнгөө хадгалуулсаныхаа төлөө хохирмооргүй байна. Эцэстээ хохирогч нэр зүүгээд үлдмээргүй байгаа харилцагчдынхаа итгэлийг бодолцох хэрэгтэй. Нэг л зүйлийг маш сайтар ойлгох хэрэгтэй байна. Иргэд, түнш, харилцагчид чинь итгэсэндээ банктай харилцаж, мөнгөн хөрөнгөө байршуулдаг. Хэрвээ Хаан банк харилцагчдынхаа өмнө хариуцлага хүлээж чаддаггүй юм бол өөр банкыг сонгох аль эсвэл гэртээ сейф аваад түүндээ хадгалах сонголттой нуур тулж байна.
https://ubn.mn/p/24839
URL: