”Орон сууцны үнэ сарын дотор 100-200 мянгаар нэмэгдэж байна”
Орон сууцны үнэ тодорхой хэмжээгээр өссөн. Одоогийн энэ үнэнээсээ дахин өснө гэх мэдээ ч бий. Өнгөрсөн жилийн зун шинэ байрны нэг метр.квадратын үнэ 800 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байсан. Гэвч сарын хугацаанд нэг метр.квадрат тутам нь 40-50 мянган төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Ийнхүү нэмэгдсээр 2012 оны эхний улиралд нэг метр.квадратын үнэ 1000 ам.доллараас 2000 ам.долларын хооронд байгаа аж. Орон сууцны барилгын үнэ хэдэн төгрөгийн ханштай байгаа талаар Барилгын зөвлөлгөөний төвийн мэргэжилтэн редактор Л.Энхтөрөөс цөөн асуултанд хариу авсан юм.
-Орон сууцны үнэ өссөн гэх мэдээлэл байна. Нэг метр.квадратын-ын үнэ хэдэн төгрөг байна вэ?
-Өдөр ирэх тусам байрны үнэ өсөж байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирал буюу 10, 11, 12 дугаар сард их өссөн. Ялангуяа 11, 12 дугаар сард шинэ оноос өмнө байр авах гэсэн хүмүүс их байсан. Эрэлт ихсэхээр компаниуд үнээ нэмээд байна гэсэн судалгаа гарсан л даа. Ер нь сарын хугацаанд 100-200 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа. Яагаад эрэлт ихсээд байна вэ гэхээр иргэд байр авахгүй байж барилгын комданиуд руу ярьж асуудаг. Ингээд тус байгууллагууд эрэлт их байна хэмээн үнээ нэмэх тохиолдол болдог. Мөн барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард шинэ байрны нэг м.кв тутамын үнэ доод тал нь 60 мянган төгрөгөөр, дээд тал 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Одоогийн байдлаар байрны нэг метр.квадратын үнэ дунджаар нэг сая 600 мянган төгрөг байгаа. Энэ хэвээрээ өсөөд байвал хэдхэн сарын дараа метр.квадратын үнэ хоёр сая төгрөг болох нь цаг хугацааны асуудал. Байрны үнийг өсгөөд байгаа бас нэг шалтгаан бол ченжүүд юм. Хямд үнээр худалдаж авчихаад засвар хийгээд өндөр үнээр зардаг. Иймэрхүү байдлаар ажилладаг найман мянган ченж байна гэсэн судалгаа байгаа. Төрөөс иймэрхүү зүйлүүдийг хязгаарлаж байрны үнийг барих хэрэгтэй.
-Орон сууц авахаар төлөвлөн танай байгууллагаар үйлчлүүлж байгаа хүмүүс хэр их байна вэ?
-“Байр авах гэсэн юм. Аль компанийн барьж байгаа байр зүгээр вэ” гэсэн хүмүүс маш их ирдэг.
-Засгийн газраас зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон. Энэхүү зээл биелэлээ олоод ирэхээр орон сууцны үнэ буурах болов уу?
-Өсөх байх гэсэн таамаг байна. Эрэлт ихсэх учраас л даа. Засгийн газраас зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон. Энэхүү ажил ямар шатандаа явж байгаа талаар Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатараас тодруулсан юм.
-Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон. Харин барилгуудын жагсаалтыг гаргасан уу?
-Засгиийн газраас бага дунд орлоготой өрхүүдэд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор баталсан. Иймд 341 дүгээр тушаал гараад эхний ээлжинд хамрагдах байгууллагуудын жагсаалтыг гарчихсан байгаа. Барих гэж байгаа байгууллага, зээлд хамрагдсан иргэд, Орон сууц санхүүжилтийн корпораци гурвын хоорондын уялдааг зохицуулах том ажил эхэлж байна. Юун түрүүнд иргэд зээлэнд хамрагдах хүсэлтээ Орон сууц санхүүжилтийн корпорацид гаргах хэрэгтэй. Дараа нь сонгон шалгаруултад орсон 60 гаруй компанийн баригдаж байгаа байрнаас 55 метр.квадратад багтааж сонгоод ОССК-д хүсэлтээ гаргах юм. Энэ ажил гурав, дөрвөн сар үргэлжилнэ.
-Аль дүүргийн нутаг дэсгэрт барихаар төлөвлөөд байна вэ?
-Нийт зургаан газар барихаар болсон. Нисэх, Яармагийн дэнж, Радио, телевизийн ойр орчмын долоодугаар хороо, Баянголын аманд гэх мэт газруудад улс газрыг нь үнэгүй гаргаад дэд бүтцийг нь шийдээд 100 мянган айлын орон сууцийг барих гэж байна.
-Эдгээр газруудад амьдарч байгаа айлуудыг яах вэ. Хэзээнээс нүүлгэн шилжүүлэх вэ?
-Энэ ажлыг гурван компани хийж байгаа. Гэр хорооллын иргэдтэй тохироод газрыг нь худалдаж авах чиглэл өгчихсөн. Ер нь байгууллага, хувь хүн бүр энэ талаар ажиллаж байгаа.
-Зээлд хамрагдсан иргэдийг хэзээ байранд нь оруулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-20-н жилийн хугацаатай зээл шүү дээ. 2016 он гэхэд оруулчих байх.
Барилгын зөвлөлгөөний төвөөр үйлчлүүлж байсан иргэн Э.Ганболдтой ярилцлаа.
Би Солонгос улсад гэрээт ажилчнаар ажиллаж байгаад өнгөрсөн оны 10 сард эх орондоо ирсэн. Цуглуулсан хэдэн төгрөгөөрөө байр авах гээд судлахад орон сууцны үнэ өссөн байна. Жаахан хямдрахаар нь авах санаатай хүлээсэн чинь улам өсөх сурагтай. Иймд таньдаг хүнээсээ мөнгө зээлээд байр авахаар судалж явна. Өмнө нь байр судалж байхад 45 саяд нэг өрөө байсан. Одоо 50-60 сая төгрөг гэж байна. Байрны үнэ үнэхээр нэмэгдсэн байна.
Яагаад орон сууцны үнэ ийнхүү өсөх болов гэсэн асуултад “Барилга барьж буй компаниуд нэгэн дуугаар барилгын материалын үнэ өссөн. Иймд байрны үнийг нэмэхээс өөр аргагүй” гэх юм. Жилээр биш хоногоор өсөж байгаа байрны үнэ өнгөрсөн сарынхаас 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.Энэхүү үнийн хөөрөгдлийг буулах арга 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр байх болтугай.
Ж.Баттуул
“Улс төрийн тойм” сонин
URL: