Асрамжийн газрын хүүхдүүд 18 хүрэхэд наашаа гэх газар алга-II

2Зайлшгүй шаардлага гарсан олон хүүхэд асрамжийн төвийг гэрээ болгон амьдардаг. Манай улсын хэмжээнд хамгийн томдоо орох Хүүхэд асран хүмүүжүүлэх газар нь Өнөр бүл хүүхдийн төв юм. Өмнөх дугаарын сурвалжилгаар тус төвийн хүүхдүүд насанд хүрээд хаачдаг талаарх асуудлыг хөндсөн. Харин энэ удаагийн дугаарт олон талаас цугласан, өөр өөр амьдралтай хүүхдүүд нэгэн дээвэр дор гэр бүл болон амьдрахдаа юу сурч мэдэж, ямар нөхцөлд амьдарч буй талаар түлхүү хөндлөө.

СЭТГЭЛ ЗҮЙН ХЯМРАЛТАЙ ХҮҮХДИЙН ЗУРСАН ЗУРАГ БАРААН ӨНГӨТЭЙ БАЙДАГ

Өнөр бүлд амьдрах 179 хүүхдийн 19 нь цэцэрлэгт хамрагддаг байна. Үлдсэн хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг ба тэд хаана сурахаа өөрсдөө шийдэж болдог аж. Хүүхдүүд есөн төрлийн дугуйланд хамрагддаг. Тухайлбал, уран зураг, жиү жицү, чөлөөт бөх, оёдол, гар урлалын гэх мэт сургалт ордог байна. Уран зургийн дугуйлангийн багшийн хэлж буйгаар ар гэрийн хүнд асуудлаас болж ирсэн хүүхдийн зурагнаас бүх юм нь ил харагддаг гэнэ.

Тулгамдсан асуудалтай, сэтгэл санаа нь тогтворгүй хүүхдийн зурсан зураг илүү хар бараан өнгөтэй, хүнд дүрслэлтэй байдаг аж.

Шинэ хүүхдийг хүлээж авахдаа сэтгэл зүйч ажилтан бүрэн оношилгоо хийдэг тул зурсан зургийг нь тайлж тухайн хүүхдэд тохирсон сэтгэл заслын аргыг ашигладаг байна. Уран зургийн дугуйлангын өрөөнд суух долоо орчим насны шаргал үстэй охин “мандала” зураг будаж байлаа. Багшийн хэлж буйгаар ийм төрлийн зургийг өнгөөр ялган будах нь ой ухааныг сэргээн, тайвшруулж өгдөг байна. Жижиг, жижиг зураас бүрийг өнгөөр будсанаар харааны мэдрэмж сайжран цаашлаад стрессийн түвшин буурдаг гэнэ. Биднийг өрөөтэй хэсэг танилцаад гарах хооронд  зураг будаж суусан шаргал үстэй охин ширээгээ дэрлээд нам унтжээ.  Бяцхан охиныг харан өхөөрдөхтэй зэрэгцээд Өнөр бүлийн дараагийн хэсгээр зочиллоо.

Тэдний номын сангаар оров. Номын өргөө нь 4000 гаруй цуглуулгатай аж. Хүүхдүүд сар бүр унших хүсэлтэй байгаа номынхоо нэрийг багш нартаа дамжуулдаг гэнэ. Энэ ташрамд дурдахад, тус төвийнхөн Үндэсний төв номын сангийн явуулын номын сантай хамтарснаас хойш унших номоор тасрахаа байжээ.

Үүнээс гадна  тус төвд тусгай хэрэгцээт хүүхэд олон тул эмчийн үүрэг нэн шаардлагатай. Тэдэнд хэрэгтэй эм, тариа бүгд үзлэгийн өрөөнд бэлэн байх ба эмч нар өдөр бүр байрлан ажиллаж, амралтын өдрөөр жижүүрлэдэг байна. Орон гэргүй, хараа хяналтгүй удсан хүүхдүүд энд ирэхдээ шүдний өвчлөл ихтэй ирдэг аж. Тиймээс тэр бүх хүүхдийг нэг нэгээр нь дагуулж явж, шүдний эмнэлэг орох хүндрэлтэй тул тусдаа өрөөтэй, эмчтэй болсон байна.

Хүүхдүүдийн шүдний эрүүл ахуйг байнга шалгахаас гадна цоорсон шүдтэй байвал тэр дор нь эмчилдэг байна. Хараа хяналтгүй явж байгаад энд ирсэн хүүхдүүдийн заримынх нь 10 орчим шүд цоорсон тохиолдол ч байдгыг тус төвийн шүдний эмч хэлж байлаа. Мөн хүүхдүүд жилд хоёр удаа бүтэн биеийн ерөнхий, нэг удаа бүрэн оношилгоонд хамрагддаг байна. Дээрх шинжилгээний үр дүнгээр эмчилгээ сувилгаа шаардлагатай хүүхдүүдийг дараагын шатлалын эрүүл мэндийн байгууллагад хүргэж өгч, шаардлагатай эмчилгээг хийлгэдэг аж.

“ААВ ЭЭЖИЙГЭЭ САНАХГҮЙ БАЙНА, ГЭХДЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ”                        

Хүүхдүүдийн амьдардаг өрөөгөөр орлоо. Хөвгүүдийн өрөө цэнхэр өнгийн тавилгатай бол охидынх ягаан өнгөөр жигдэрсэн байв. Багш нарынх нь зөвшөөрснөөр охид байрлах нэгэн өрөөгөөр зочиллоо. Тэд нэг өрөөнд дөрвүүлээ байрлах бөгөөд багшийгаа “Ээж багш” хэмээдэг гэнэ.  “Ээж багш” хүүхдүүдэд оймсоо оёх, хувцсаа угаах, хоол хийх гээд амьдралд хэрэгтэй бүхий л эрдмийг заадаг байна. Өрөөнд дөрвөн ор, хичээлийн хэрэгслээ хийх шүүгээ, гал тогоо болон ариун цэврийн хэсэг хүртэл байх аж. Гал тогооны хэсэгт байрлах хөргөгчийг нээж үзвэл хүнс дүүрэн байх агаад хүүхдүүд түүнийг ашиглан өдөр бүр өөр өөр хоол хийж иддэг байна.

Мэдээж бага насны хүүхдэд “Ээж багш” тусалж хоол хийх аргыг зааж өгнө. Амралтын өрөөндөө “Ээж багш”-тайгаа цуг элдвийг хөөрөлдөх бага сургуулийн охид биднийг орж ирснийг хармагцаа бөөн баяр болж байлаа. Болж өгвөл бүгд л яриа өгөөд, авьяасаа үзүүлчих гээд дэгдэж байгаа нь дэндүү хөөрхөн. Тус өрөөний хүүхдүүдийн заримтай нь цөөн хором ярилцах боломж өгсний дагуу хэсэгхэн хөөрөлдлөө.

Анх Өнөр бүлд есөн настайдаа ирсэн охин энд ахтайгаа цуг амьдардаг байна. Тэрээр одоо 11 настай бөгөөд  тавдугаар ангийн сурагч. Англи хэлний хичээлдээ дуртай ба “том болоод мисс болно” хэмээн хариулахдаа нүүр дүүрэн мишээж байсан юм. Яагаад энд ирэх болсныг асуувал аав, ээж нь өөд болсон гэнэ. Аав ээж нь өөд болохоос өмнө гэр бүлээрээ үйлдвэрийн хашаанд амьдардаг байжээ. Мөн тус төвд байхад тухтай байдаг ба найзуудтайгаа их эвтэй байдаг аж.

Харин дараагийн ярилцсан охины эцэг эх амьд сэрүүн байгаа гэв. Тэрээр 12 настай бөгөөд тус төвд нэг нас долоон сартайдаа иржээ. Чухам яагаад эцэг эх нь түүнийг асрамжийн газар өгснийг мэдэхгүй гэлээ. Охин 53 дугаар сургуульд сурдаг ба ангийн найзууд нь түүнийг амьдардаг газраас нь болж шоолдоггүй, харин ч сайн ханддаг байна. Түүний эцэг, эх хамгийн сүүлд 10 настай байхад нь ирж уулзжээ. Тэр цагаас хойш нэг ч удаа холбоо бариагүй байна. Мөн доороо төрсөн дүүтэй бөгөөд дүү нь аав ээжтэйгээ цуг амьдардаг гэдгийг хэлэхдээ бага зэрэг гуниглангуй байлаа. “Аав, ээжийгээ санадаг уу” гэж асуухад “Санадаггүй” гэв. Тэдэнд хандаж хэлэх үг байгаа эсэхийг тодруулбал “Гэхдээ хайртай шүү” гэж хариулах нь өр өвдмөөр.

 Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл үйлдэх, эцэг эхийн нэг нь өөр хүнтэй гэрлэх гэх мэт шалтгаанаар гологдож энд ирсэн хүүхэд олон байдаг аж.

Нас биед хүртлээ асрамжийн газарт амьдарч болох ч 18  нас хүрмэгцээ ах дүү, хамаатандаа очих боломжтой хүүхэд цөөн байдаг аж. Тэд ихэвчлэн коллеж, их дээд сургуульд элсэн суралцаж дотуур байранд амьдрах хэрэг гардаг гэнэ. Ялангуяа их дээд сургуульд орсон хүүхдүүд сургалтын төлбөр төлөх асуудалд бүдэрдэг байна.

Хүүхдүүдэд сар бүр олгох 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг улсаас өгдөг. Энэ мөнгийг асрамжийн газарт ирсэн сараас нь эхлэн Төрийн банкны хадгаламжинд хийдэг аж. Улмаар 18 нас хүрэхэд нь өөрт нь хариуцуулан өгдөг байна. Өмнө дугаарт дурдсанчлан хүүхдийн мөнгөө 18 хүртлээ хадгалсан ч их сургуульд сурахад эхний жилийг торгоох төдийхөн нэмэртэй байдаг.

Харин хагас болон бүтэн өнчин хүүхдэд төрөөс сар бүр олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмжийг асрамжийн газарт ирсэн сараас нь эхлэн зогсоодог байна. Нэг ёсондоо эцэг эх нь насаараа татвараа төлж амьдарсан ч харамсалтай байдлаар хорвоог орхивол төр засаг хүүхдээс нь тэтгэмжийн мөнгө харамлаж буй юм. Их дээд сургуулиа төгсөж, амьдралд хөл тавьтал нь төрөөс амьдрах байраар хангаж чадахгүй бол сар бүр авдаг 100 мянган төгрөгийг нь олговол тэр хүүхдүүд сургалтын төлбөр, дотуур байрны зардалдаа санаа зовохгүйгээр сурах боломжтой.

Өнөөдрийн нөхцөл байдалд асрамжийн газрыг төгссөн бүх хүүхдийг амьдралын баталгаагаар хангаж чадахгүй нь үнэн. Энэ нөхцөл байдал нэг л өдрийн дотор өргөс авах шиг хурдан өөрчлөгдөхгүй. Үүнийг шийдэхэд урт хугацаанд төрөөс хэрэгжүүлэх хүүхэд хамгааллын бодлого, зөв халамжийн тогтолцоо, иргэдийн ухамсар боловсрол хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: